Онгон охидын гварди Каддафийн төлөө эцсээ хүртэл тулалдана
2011.05.01

Онгон охидын гварди Каддафийн төлөө эцсээ хүртэл тулалдана

Ливийн тэргүүн Муаммар Каддафи домогт удирдагчдын сонгодог төрөлд багтдаг. Өрнөдийнхөн түүнийг «Аттила, Чингис хаан, Тамерлан нарын удирдагчид ард түмнээ хэрхэн удирдаж байсныг мэдье гэвэл Каддафийг хар. Тэр бол эртний, сонгодог дарангуйлагчдын сүүлчийнх. Каддафи харгис хэрнээ өөрийн нь эрх мэдлийг зөвшөөрөгсдөд энэрэнгүй, өршөөнгүй. Баян тансаг хэрнээ ядууст өгөөмөр, хуулийг юман чинээ тоодоггүй ч дэг журам, уламжлалдаа үнэнч» гэж тодорхойлжээ.

Хурандаа Муаммар Каддафи Ливи улсыг бараг 42 жил удирдаж байна. Түүний бүтэн нэр Муаммар бин Мухаммед Абу Меньяр Абдель Салям бен Хамид аль Каддафи. Тэрбээр 27 настайдаа цэргийн офицерүүдийн хуйвалдааныг толгойлж, хаан I Идрисийг түлхэн унагасан билээ. Каддафи Үндсэн хуулиа халж, өөрийн улстөрийн гүн ухааныг зохиож, «Ногоон ном» бичсэн. Түүнийхээр бол Ливи улс өвөрмөц, онцгой замналаар байгаа гэнэ. Үнэндээ түүний үзэл суртал нь социализм, капитализмын аль нь ч биш бөгөөд Оросын анархистуудын үзлийг исламтай хослуулан, африк хэлбэрт оруулсан аж. Каддафи 1977 онд «Жамахири» буюу «ард түмний улс» хэмээх системийг бодож олжээ. Тодруулбал тус улсыг мянга мянган «ардын зөвлөлүүд» жолооддог юм байх. Ливийн албан ёсны нэр Арабын Социалист Жамахири Ардын Ливи улс. Тэр энэ мөрөөдлийн орноо эцсээ хүртэл хамгаалж, хаашаа ч зугтахгүй гэдгээ зарласан. Учир нь Каддафи өөрийгөө Жамахиригүйгээр төсөөлдөггүй гэнэ. Түүний санаанаасаа зохиосон энэ улс агаарт ууршсаны дараа л Каддафи сүйрэх биз ээ.

Зөвхөн онгон охидыг сонгодог

Каддафи этгээд хачин авир, үйлдлээрээ рок оддоос огт дутахгүй. Тухайлбал түүнийг хаа ч явсан эмэгтэйчүүдийн гварди үргэлж дагадаг. Дан онгон охидоос бүрдсэн энэ гвардийнхан цэргийн хувцсаар ижилсч, Калашниковын автоматаар гоёдог. Бүр хумсаа хүртэл автоматын өнгөд нийцүүлэн буддаг. Охид цэргийн тусгай бэлтгэлтэй, зэр зэвсэг, тулааны урлагийг бүрэн эзэмшжээ.Онгон охидын гварди гадаадынхныг шоконд оруулдаг ч ливичүүдийн хувьд хэвийн үзэгдэл. Арабын ертөнцөд нөхөрт гарахаас өмнө хүнтэй унтахыг хатуу хориглодог учраас айлын эхнэр автомат үүрч гүйх биш гэр бүлдээ л анхаарах ёстой аж. Энд залуу, чийрэг онгон охидыг хамгийн шилдэг цэрэг, бие хамгаалагч гэж үздэг. Тэгээд ч эмэгтэй хамт олны дунд нууц хуйвалдаан гарах боломжгүй. Учир нь хэн нэгэн ам алдаж л тараа.  1998 онд исламтстууд Каддафийн амь насанд халдахад нэг бүсгүй түүнийг биеэрээ халхалж, амиа золиосолсон бол нэлээд хэд нь шархаджээ. Иймээс Ливийн хувьсгалын удирдагч Каддафи онгон бие хамгаалагчдыгаа өөрт нь эцсээ хүртэл үнэнч байна гэдэгт итгэлтэй байдаг аж.

Хүүхэмсэг эр, тусгайгийнхан ч бий

Каддафийн гэр бүл өнөрөтгөн. Түүний анхны эхнэр Фатиха дунд сургуулийн багш бөгөөд Мухаммад хүүгээ төрсний дараасалжээ. Одоо Мухаммад Ливийнгар утасны босс. Ливийн гарутастай бүх хүний дансанд их их нэгж хийж, улс оронд болж буй үйл явдлыг бие биедээ ярих санааг тэр л гаргасан бололтой. Хурандаагийн хоёр дахь эхнэр Сафия Фаркаш долоон хүүхэд төрүүлжээ. 38 настай Саиф аль Ислам Лондоны эдийн засгийн сургуульд эрдмийн зэрэг хамгаалсан тул англиар чөлөөтэй ярих нь ойлгомжтой. Түүнийг өрнөдийнхөн Ливийн либерализмын өмөг түшиг гэж үзэж байсан ч тэр одоо босогчдын эсрэг эцэгтэйгээ нэгдсэн. Иймээс өрнөд түүнийг аль болох гутаах гэж оролдон, хэт даврагч, дэлхий нийтийн дайсан гэх боллоо. Ямар ч гэсэн Саифийг зэрэг горилох бүтээлээ өөрөө бичээгүй, заримыг нь бусдаас хуулсан гэж буруутгаж байна. Лондоны сургууль энэ асуудлыг мөрдөж байгаа ба эцэг Каддафигаас мөнгө авсандаа харамсал илэрхийлэв. Гэхдээ тэр мөнгийг буцаана гэж огт дуугараагүй шүү.

Каддафийн Саади хүү алдартай хөлбөмбөгчин явсан бөгөөд кино продюсер гэнэ. Харин Мутассим хүү нь Ливийн армийн дэд хурандаа бөгөөд эцгийнхээ үндэсний аюулгүй байдал хариуцсан зөвлөх аж. Тэр өмнө нь эцгийнхээ өөдөөс босч байсан ч удалгүй өршөөгдсөн юм. Ганнибал хүү нь нефть экспортолдог төрийн компанид ажилладаг. Ливийн плейбой, хэвлэлийн од, олон дуулианы эзэн тэрбээр 2005 онд жирэмсэн найз хүүхнээ зодож алдаршсан. Ганнибал 2008 онд Женевт зарцаа зодсон хэргээр баривчлагдахад Ливи улс Швейцарийн эсрэг эдийн засгийн хориг зарлажээ. Учир нь Каддафи өшөө хонзонгоо хэзээ ч мартдаггүй. Гэвч удалгүй швейцарьчүүд хүүг нь " уучилсан" юм. Хүү Санф эль Араб нь ямар нэгэн албан тушаалгүй, харин дуу намсгагчгүй тансаг феррари машинаа унаж, Европоор давхих дуртай. Гэхдээ НҮБ одоо Каддафийн гэр бүлийг хилийн дээс давахыг хориглосон учир мань эр энэ хоббигоо хаяа биз. Каддафийн хүү Хамис ОХУ-д цэргийн Академи төгсчээ. Тэр улсынхаа элит тусгай ангийг тэргүүлэн Триполид босогчидтой тулалдаж явна. Ингэхэд Ливийн хэд хэдэн элит батальон Каддафийн хөвгүүдийн нэрийг зүүдэг аж. Хурандаагийн цорын ганц охин Айиша уг нь НҮБ-ын сайн дурын элч. Гэвч одоо ажлаа өгсөн байх. Тэрбээр Иракийн Ерөнхийлөгч Саддам Хусейний өмгөөлөгчийн багт ажиллаж байсан байсан юм.

 

Муаммарын гэр бүл маш баян, хэдэн арван тэрбум доллартай. Ямартай ч Вашингтон Каддафийг түлхэн унагаахаар шийдмэгч Их британи 20 тэрбум, АНУ 30 тэрбум доллар гэх зэргээр өорнөдийн орнууд түүний хувийн болон Ливийн төрийн компаниудын дансуудыг «хураан авчээ». Удахгүй Каддафийн гэр бүлийнхний Лондон дахь асар үнэтэй, элит үл хөдлөх хөрөнгүүдийг ч хураах байх. Каддафи улсынхаа Триполь, Бенгази хотод хувийн ордонтой. 1986 онд АНУ-ын байлдааны онгоцууд эдгээр ордонг бөмбөгдөж, хурандааг хөнөөхийг оролдсон юм. Гэвч тэр амьд үлдэж, харин түүний дөрвөн настай, өргөмөл Ханна охин нь амь үрэгджээ. Өрнөдийнхөн Каддафийг өөр олон ордонтой гэдэг ч тэдгээр нь ард түмний өмч юм. Ливийн том хот бүрд байдаг эдгээр ордонд орон нутгийн захиргаа байрладаг. Хурандаа өөрөө бедуин үндэсний тансаг асарт амьдардаг бөгөөд гадаадад айлчлахдаа буудалд буулгүй тэндээ амьдардаг байсан юм.

Дээрэмчдийн орон болж магадгүй

Муаммарын хүү Сейф аль Ислам Францын «Frans 2» теле сувагт ярилцлага өгөхдөө «Европын тусламжгүйгээр Ливи улс дээрэмчдийн орон болж хувирна. Хэрэв европчууд биднээс нүүр буруулбал Сицили, Крит, Лампедузын эрэг дагуу далайн дээрэмчид орогнож эхлэн улмаар сая сая хүмүүс Европын орнууд руу дүрвэнэ. Террор танай босгон дээр ирнэ. Жамахири тэр чигээрээ Газрын дундад тэнгис дэх Сомали улс болон хувирна» гэж мэдэгдлээ. Тэрбээр мөн «Дэглэм бат бөх байхад даян дэлхий мэхэлзэж байдаг ч унахад бүгд баяртай гэж байна. Гэхдээ бид одоогоор явчихаагүй байгаа шүү» гэжээ. Энэ ч аргагүй. Каддафитай ах, дүү гэж сүйд болдог байсан Италийн Ерөнхий сайд Берлускони, мөн Бразилийн Лула ла Силва төдийгүй оросууд ч Каддафигаас нүүр бурууллаа. Тэр бүү хэл Тянь Ань Миний талбайд оюутнуудын жагсаалыг буудсан Хятад хүртэл Каддафийг хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг үйлдлээ гэж буруутгаж байна.Одоо Каддафийг зөвхөн Никарагуагийн Даниэль Ортега, Кубын Фидель Кастро, Венесуэлийн Уго Чавес гурав л дэмжиж байгаа юм. Каддафи амиа тавьтал этгээд алхам хий-сээр байх бололтой. Тэрбээр татвараа тэглэжээ. Ливийн төрийн мэдлийн телевиз «Алан хядагчидтай тэмцэж, агуу ялалт байгуулсан учраас өргөн хэрэглээний барааны үйлдвэрлэл, хэрэглээ, импортын татварыг тэглэсэн» гэж зарлав. Өөрөөр хэлбэл Каддафийн талынхан дорно нутгийн РасЛануф, Мисрата, Тобрук хотыг босогчдоос буцааж авчээ. Энэ удаа Каддафи босогчдыг амьд бамбай ашигласан хэмээн мэдэгдлээ. Каддафи ба сөрөг хүчний тэмцлээс болоод тус улс таслан хуваагдах гэж байна.

Ливийн бослого дэлхийн зах нөлөөлж. алт болон нефтийн үнэ дахиад л өслөө. Иймээс АНУ нефтийн үнийг буулгахын тулд стратегийн нефтиэ ашиглаж эхлэхэд бэлэн бйагаагаа мэдэгдлээ.

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.