Агуу хайрын түүх: Николя Саркози, Карла Бруни
Үзэсгэлэнт итали бүсгүй Карла Бруни бол хэдэн саяар тоологдох орлоготой алдартай загвар өмсөгч бөгөөд хар багаасаа тансаг амьдралд умбасан нэгэн. Харин Николя Саркози Францын Ерөнхийлөгчийн албан тушаалд хүрэх замдаа элдвийг үзэж туулсан ядуу цагаач билээ. Үүнээс харахад тэднийг нэгтгэх зүйл нэгээхэн ч байхгүй боловч тэд өнөөдөр хамтдаа байна.
2008 онд Францын ард түмэн бас дахин тэргүүн хатагтайтай болсон билээ. Өнөөгийн ерөнхийлөгчийн гурав дахь эхнэр болох Италийн сайхан бүсгүй Карла Бруниг францчууд хэдийгээр найрсаг дотноор хүлээн авсан ч дуулиан шуугиант өнгөрсөн амьдрал, мөн ерөнхийлөгчтэй маш хурдан гэрлэсэн нь францчуудын эгдүүцлийг төрүүлж байв. Ерөнхийлөгч болон загвар өмсөгч байсан бүсгүй хоёрын гэнэтийн гайхшрал төрүүлэм дотно харьцааг ойлгохын тулд тэдний хүүхэд насны тухай ярих хэрэгтэй. Үүнээс л маш олон суултын хариултгарч ирнэ.
Николя Саркозибараг л эцэггүй өссөн гэж хэлж болно. Эцгийнх нь олон тооны нууц амрагаас нь залхсан ээж нь гурван хүүхдээ аваад нөхрөө орхин явжээ. Поль Саркози хүүхдүүдээ бараг эргэж очдоггүй байсан бөгөөд тэдэнд зөвхөн хэнд ч хэрэггүй Унгар цагаачийн нэр л үлдээжээ. Нэр хүндэд дуртай Николя Францад ядуу тарчиг байх ямар байдгийг эрт мэдэрсэн байна. Гэхдээ тэрэнд өөрийгөө хамгаалах хангалттай хүч байсан бөгөөд ядуу гуйланч байдлаас гарч, сайн өмгөөлөгч болохын төлөө чадах бүхнээ хийжээ. Түүний эрч хүчинд хязгаар гэж үгүй байлаа. Их сургуульд улс төрийн чиглэлээр сурч байхдаа цэцгийн мухлагт цэцэг хүргэгч хийхээсээ ч санаа зовохгүй байжээ. Харин Николя Саркозигнйн ирээдүйн эхнэр Карла Брунигийн амьдрал тэс өөр байсан бөгөөд хоёр ч эцэгтэй байжээ. Төрсөн эцэг нь хөгжмийн зохиолч бол өргөсөн эцэг нь Италийн дугуйны бүрээс үйлдвэрлэгч томоохон компанийн эзэн юм. Бруни филисофч, зохиолч, зураач гээд сэхээтнүүдийн дунд эрх танхи өсчээ.
Гоо үзэсгэлэн төгс Карла 19 настай байхдаа Christian Dior, Расо Rabanne, Yves Saint Laurent, Chanel, Versace зэрэг алдартай загвар зохион бүтээгчдийн бүтээсэн хувцсыг загварын тайзнаа амилуулж байв. Түүний нүүрний төрхийг Нефертититийн хамгийн алдартай баримлын дүртэй зүйрлэдэг билээ.
Бруни хамгийн алдартай олон эрийн зүрх сэтгэлийг шархлуулж, гуалаг сайхан төрхөөрөө сая сая долларын орлого олж байв. Нэг үгээр үзэсгэлэнт бүсгүй алтан үүрэн дотор амьдарч түүнээсээ нисэн гарахыг хүсэхгүй байлаа. Саркозитой учрах мөчид түүнд Францын тэргүүн хатагтай гэдэг нэрнээс бусад нь бүгд байв. Магадгүй Николягийн амьдралд ханийн түшиг дутаж байсан шиг Брунид ч тэр орон зай үгүйлэгдэж байсан биз ээ.
САНААНДГҮЙ УЧРАЛ
Тэд зар сурталчилгааны мангас Жак Сегелийн гэрт барьсан оройн зоог дээр танилцжээ. Хүлээн авалтан дээр Николя, Карла хоёроос бусад нь гэр бүлээрээ уригдан ирсэн байв. Жакийн сэдсэн төлөвлөгөөг Бруни үдэшлэг дуусах мөчид ойлгожээ. Оройн зоогийг Францын Ерөнхийлөгчтэй уулзуулахын тулд зориудаар зохион байгуулсан байв. Хоёр дахь эхнэрээсээ салаад удаагүй байсан Николяд сэтгэл санааны дэмжлэг, романтик учрал хэрэгтэй байжээ. Харин Карлагийн гоо үзэсгэлэн, шулуун занд Николя бодож байснаасаа ч илүү түргэн татагдаж, бүхэл оройжингоо түүний дэргэд байжээ.
Брунид ч бас Николя таалагджээ. «Би тийм бодь, ухаантай хүнтэй уулзана гэж бодоогүй. Түүний ухаалаг, дур булаам байдал нь намайг эзэмдсэн юм. Тэрбээр тав эсвэл зургаан тархитай мэт байдаг бөгөөд тэдгээр нь бүгд маш гайхалтай ажилладаг» гэж Карла хожим нь намтартаа дурсан бичсэн байдаг.
Бруни Николяг танихдаа алдаагүй байна. Саркозигийн төрөлхийн ярих чадвар нь 1993 онд сургуулийн хүүхдүүдийг барьцаалсан террористтой хэлэлцээ хийхэд тус болсон юм. Тэгэхэд гэмт хэрэгтнийг баривчилж, харин Николя үндэсний баатар болсон билээ. Найзууд нь болон сэтгүүлчид Саркозигийн шавхагдашгүй эрч хүч, ажлын төлөө гэсэн сэтгэл, жинхэнэ наполеоны төлөвлөгөө гаргадаг зан чанараар нь түүнийг «адгуу хүн» гэж нэрлэжээ.
Саркози Карлатай танилцсан даруйдаа хуримаа хийснээр энэ хочоо бататгасан байна. Тэдний хурим танилцсанаас нь хойш гурван сарын дараа буюу хоёрдугаар сард болсон юм. Елисейн ордонд болсон хуримын ёслолд ердөө 20 хүн уригдан ирсэн байсан бөгөөд тэдний дунд сэтгүүлчид байгаагүй байна. Дараа өдөр нь хэвлэлүүдэд тэдний хайр сэтгэлийн холбоо үнэнч эсэхэд эргэлзсэн, зүгээр бизнесийн сонирхлын үүднээс гэрлэсэн гэх мэдээлэл тарсан байлаа. Олон нийтийн өмнө зоригтой мэдэгдэл хийж чаддаг Николягийн хувьд энэ хурим хэт яарсан, хэтэрхий дуулиан шуугиан дагуулсан үйл явдал байв.
Ийнхүү яаран хуримласнаа тэрбээр Их Британид айлчлал хийх гэж байсантай холбон тайлбарлажээ. Ёс журмын дагуу Николя хааны ордонд Бруниг найз бүсгүйн хувьд дагуулж очих ёсгүй бөгөөд хоёрдугаар Елизаветад зөвхөн хууль ёсны эхнэрээ танилцуулах ёстой гэнэ. Гуравдугаар сард тэрбээр эхнэрийн хамт Английн ордонд очсон бөгөөд харин Бруни бүхий л замын турш айж явжээ. Тэрбээр зөвхөн өөрийгөө төдийгүй Францын ард түмнийг төлөөлж байсан учраас тэр биз. Тэрбээр айлчлалын үеэр өмсөех хувцсаа маш нямбай бэлтгэснээс гадна найрсаг инээмсэглэлээр айлчлалыг дуусгажээ. Англичууд франц хосуудыг фото моделийн «өнгөрсөн амьдралдаа» нүцгэн авхуулсан зургийг барин уттахад Бруни гайхалтайгаар биеэ авч явж байв.
Францын тэргүүн хатагтай болсноор Брунигийн хувьд шинэ амьдрал эхэлсэн юм. Улс төрийн ертөнц, загварын ерөнцийг бодвол илүү хүч шаардсан, хатуу зарчимтай байв. Улс төрд маш их хүч зарцуулж. байгаагаа Бруни ярилцлага өгөхдөө хүлээн зөвшөөрсөн байна. Гэвч Бруни олон нийтийн ажил, гэр бүл, хувийн ажлаа бүгдийг нь зохицуулж чаддаг болжээ. Үзэсгэлэнт бүсгүй зөвхөн Францын тэргүүн хадагтай үүргийг гүйцэтгээд зогсохгүй, эмэгтэйчүүд, хүүхдүүдийг ДОХ өвчин тусахаас сэргийлэх олон улсын сангийн элчийн үүргээ ч гайхалтай гүйцэтгэж байгаа билээ. Мөн түүнээс гадна гайгүй сайн дуучин гэдгээ харуулж, нөхрөөсөө хоёр дахин их орлого олдог юм. Тэргүүн хатагтай нарын дунд хувийн карьерын хувьд ийм амжилтад хүрсэн нь ховор байдаг билээ.
Николягийн хувьд загвар өмсөгч байсан бүсгүйтэй гэрлэсэн нь бас л сайнаар нөлөөлсөн.Тэрбээр илт цэмцгэр болж, өнгө зүс оржээ. Гэхдээ Францын тэргүүн хосын талаарх дуулиан шуугиан ерөнхийлөгчийн нэр хүндэд мэдэгдэхүйц нөлөөлж байв. Гэхдээ үүнийг Саркозигийн нэр хүндийг дэмжигчдийнх нь нүдэн дээр унагаахыг оролдсон зохион байгуулалттай үйл ажиллагаа гэж зарим эх сурвалжууд баталж байна. 2007 онд ерөнхийлөгчийн албан тушаалыг аваад удаагүй байхад францчуудын 50 хувь нь түүнийг дэмждэг байсан билээ.
Сэтгүүлчид Карлаг одоог хүртэл зүгээр орхихгүй байгаа бөгөөд тэдний гэрлэлтийн талаар элдэв мэдээлэл цацсаар байгаа ч тэрбээр бууж өгөөгүй. 40 настайдаа Бруни жинхэнэ хайртайгаа учирчээ. «Эмэгтэй хүний хувьд энэ учрал нь гэнэтийн учрал юм. Хамгийн түрүүнд би намайг ойлгодог, дэмждэг хүнтэй учирснаа мэдэрсэн, мөн би өөроө түүнийг ойлгож, дэмжиж байгаагаа анх ойлгосон» гэж Францын тэргүүн хатагтай ярьжээ.