Л.Болд: Би ямар ч нөхцөлд зорилго, үзэл бодлоосоо ухарч байгаагүй, Их хурлын гишүүн байна гэдэг нэг л хувилбар
УИХ-ЫН гишүүн, ШИНЭ намын Төв зөвлөлийн дарга Л.Болдоос цаг үеийн асуудлаар хариулт авлаа.
- ШИНЭ эвсэл сонгуульд ялагдсаныг та хэрхэн харж байна. Санал тоолох хар машиныг яах ёстой вэ, цаашид сонгуулиа ингэж хийсээр байх уу?
-Энэ удаагийн сонгуулийг бүхэлд нь яаж дүгнэх вэ гэдгийг бодох хэрэгтэй. Мэдээж хэрэг нэг нам илт давамгайлсан, ардчилсан тогтолцоонд хохиролтой сонгууль гэж харж байна. Сонгуулийн дүнгээр ШИНЭ нам, эвсэл байр сууриа илэрхийлсэн. Аливаа эргэлзээг тайлах хяналтын алхмуудыг хийх нь зөв. Сонгууль болсон, дүн гарсан, сонгогдсон бүх нэр дэвшигчдэд хариуцлагатай ажилд нь амжилт хүсье. Түүнчлэн, байгуулагдаад жил ч болоогүй ШИНЭ нам, ШИНЭ эвсэл энэ сонгуульд оролцсон нам, эвслүүд дотроос МАН, АН, МАХН-ын дараа дөрөвт жагслаа. Бидэнд саналаа өгсөн 213 мянган сонгогч түмэндээ талархлаа илэрхийлж байна. Миний хувьд сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрч байна. Олон сонгуулиар ард түмнийг эргэлзээнд оруулж байгаа учир сонгуулийн тогтолцоогоо хялбар болгож цаашдаа гараар тоолсон нь дээр. Хар машинаа ирээдүйд улс төрийн намуудын дотоод сонгуульд ашиглаж байх нь зөв.
Ямартай ч нам харгалзахгүй тэмцсэн таван гишүүнээс гурав нь энэ удаагийн сонгуулиар гарсан, тэдэндээ баяр хүргэхийг хүсч байна. Яагаад гэвэл бидний үйл хэргийг парламентын түвшинд үргэлжлүүлэх, таван гишүүний олонх нь сонгогдчихлоо. Найдлага өгч байгаа зүйл гэвэл, тэр гуравтай үзэл бодол нэг, энэ МАНАН-г арилгах, устгах, Монголын ард түмний 30 жилийн мөрөөдлийг биелүүлэх хангалттай хүч энэ парламентад бүрдсэн гэдэгт. Ер нь эцсийн зорилго бол бид ялах эсэхдээ биш, заавал өөрсдийн эрх ашгийг нэгт тавьж, гишүүн болохдоо биш, гол нь МАНАН дэглэмийн эсрэг үзэл бодол байр суурьтай таван гишүүнийг тавин гишүүн болгох, бүлэглэлийн, хонгилын төлөөлөгчдийг хууль тогтоох байгууллагад шургалах замыг хаах, эцэст нь Монголын ард түмний эрх ашиг ялж, байгалийн баялагтаа эзэн суугаасай гэж л энэ сонгуулиас хүсч байсан. Бид ялаагүй ч, бидний үйл хэргийг үргэлжлүүлэгчид парламентын танхим дотроо манлайлсан хэвээр үлдлээ, бүлэглэлд хүчтэй цохилт өгнө гэж найдаж, ажиглах үлдлээ.
Намын хууль, сонгуулийн хуулийг засахгүй бол маш их эрсдэл дагуулсан цаг үе биднийг хүлээж байгаа. Ямар өөрчлөлт орох ёстой талаар олон жил саналаа хэлсээр ирсэн. Одоо хүмүүс ойлгох цаг ирж байгаа байх.
- Сонгуульд ШИНЭ эвсэл нэрийн дор хамтарч оролцсон дөрвөн нам цаашдын үйл ажиллагаа хэрхэн үргэлжлэх вэ, эвслийн мөрийн хөтөлбөрийн гол цөм болсон баялгийн хувьсгал ямар зам туулах бол?
- ШИНЭ нам ард түмний сонголтыг хүлээн авч цаашид гудамжнаас үргэлжлүүлэн тэмцэх болно. Монголын ард түмэн баялгийн хувьсгалын зорилгоосоо нэг ч алхам ухарч болохгүй. Баялгаа эргүүлж авахгүй бол бидний ирээдүйг мөхлийн аюул хүлээж байгааг ойлгох хугацаа хангалттай өнгөрлөө. Монголд ардчиллаа аврах үйл явц явах ёстой. Яагаад гэвэл нэг нам, улс төрийн хүчин давамгайлсан нөхцөл байдал дахиад дөрвөн жил үргэлжлэхээр боллоо. Энэ нь өөрөө ямар их эрсдэлтэй байдаг, Монголын ардчилалд хэр аюул хөнөөлтэй вэ гэдгийг бүгд ойлгож байгаа. Тийм учраас 2016 оноос сургамж авч ардчилсан хүчин нэгдэх процесс руу явах байсан. Үүний тулд ШИНЭ нам, ШИНЭ эвсэл байгуулагдсан. Харамсалтай нь эвсэлтэй дэндүү олон хүмүүс санал нэгдсэнгүй. Түүнийхээ горыг бүгд амслаа. Тойрог бүрт гурав, дөрвөн хүн санал хуваадаг байсан бол энэ удаа 30 гаруй хүн тойрог бүрт санал хуваалаа. Энэ бол ардчиллаа булшилж байгаа асуудал гэдгийг бүгд санал хураалтын дүнг хараад ойлгосон байх. Одоо ардчиллын эв нэгдлийг бий болгох замаар Монголын төрд тэнцвэр бий болгох үйл явцад ШИНЭ нам чадах бүхнээ хийх болно. Тун ойрын үед орон нутгийн сонгууль байгаа. Дараа нь Ерөнхийлөгчийн сонгууль. Ардчилсан хүчин дор бүрнээ дүгнэлт хийж, шинэ зохион байгуулалтад орж, нэгдэх үйл явцыг эхлүүлэх нь зүйтэй гэж үзэж байна.
- Ж.Батзандан ШИНЭ намын даргын суудлаасаа татгалзаж байгаагаа зарлачихлаа. ШИНЭ намыг үүсгэн байгуулсан, олон түмнийг дагуулсан, УИХ-ын сонгуульд хүчтэй өрсөлдөгч болж оролцсон дэврүүн цаг үеийн дараах хүндхэн нөхцөл байдалд энэ намыг хэн авч явах вэ?
-Ж.Батзандан гишүүн бидний хувьд маш амаргүй тэмцлийг өрнүүлсэн хоёр жилийг өнгөрөөж байна. Монголын ард түмэн МАНАН бүлэглэлийн эсрэг босч ирсэн тэмцлийн жилүүдийг бид бий болгож чадсан гэдгээрээ бахархаж байна. Намын даргаа өгнө гэдэг бол нэг талаараа улс төрийн өндөр ёс суртахуун харуулж байгаа боловч нөгөө талаараа МАНАН бүлэглэлийн эсрэг тэмцлийн туг нь болсоор байх болно.
-Монголын улс төрийг том зургаар нь харвал хэзээ нам дамжсан, улс төр бизнесийн бүлэглэлийн эрхшээлээс салж, сонгуулиа цэвэр шударга явуулдаг болох бол?
-2016 онд Монголд ардчилсан сонгууль амьсгал хураасан гэдэг нь энэ удаа нотлогдож байна. Өнөөдрийг хүртэл сонгуулийн түүхээ эргэж харъя. 2000, 2004 онуудад цалинтай намын хорооны гишүүд сонгууль хийж байв. 2008, 2012 онуудад цалинтай намын гишүүд сонгууль хийж байв. Тэгвэл одоо сонгогчдын нэг хэсгийг цалинжуулж сонгуулийг шийддэг болсон байна. Ямар ч шударга өрсөлдөөн, үзэл бодлын уралдаан, нэр дэвшигчийн хөтөлбөр, бодлого, нэр төр, рейтинг харах боломжгүй, энэ үнэлэмжүүд нь бараг 100 дахь асуудал болсон ийм нөхцөлд сонгууль хийх өөрөө утгагүй боллоо. 2016 оны сонгуулиар мөнгө цацаж гарч ирсэн гишүүд шархаа нөхөх гэж ЖДҮ-ийг дэмжих санг цөлмөсөн. 2020 оны сонгуулиар өмнөхөөсөө 3-4 дахин их зардал гаргасан хүмүүс төрд гарчихаад юу шаардаж, ямар сан, баялгийг цөлмөхийг таашгүй. Шударга гишүүд маань энэ завхралыг зогсоох алхам хийх байх гэсэн ганц найдлага л үлдэж байна.
- Зарим гишүүн байсан улстөрчид тэгсгээд сураг алдардаг бол харин таны хувьд улам гялалзсаар, карьераа өргөжүүлсээр байдаг. Ирэх жилүүдэд Лувсанвандангийн Болд хэрхэн тодорхойлогдох бол?
- Миний хувьд ямар ч нөхцөлд улс төрийн амьдралын зорилго, үзэл бодлоосоо хэзээ ч ухарч байгаагүй. Их хурлын гишүүн байна гэдэг нэг л хувилбар. Цаашид ч идэвхтэй байр суурьтай, нийгэм, улс төрийн амьдралдаа оролцоод явна.