Н.Учрал: Материаллаг бус баялгийг барьцаалан банк зээл олгодог системийг хийсэн
Улс төрийн нам, эвслүүдээс нэр дэвшигч залуусыг оролцуулсан цахим мэтгэлцээн HUB инновацын төвд өнөөдөр боллоо.
Уг мэтгэлцээнд
- УИХ-ын 28 дугаар тойрог буюу Сонгинохайрхан дүүрэгт МАН-аас нэр дэвшигч, МАН-ын дэргэдэх НАМЗХ-ны Ерөнхийлөгч Н.Учрал
- УИХ-ын 21 дүгээр тойрог буюу Налайх, Багахангай, Багануур дүүрэгт Зөв хүн, электорат эвслээс нэр дэвшигч, ХҮН-ын дэргэдэх "Залуу хүн" клубийн Ерөнхий зохицуулагч Б.Мөнхдөл
- УИХ-ын 24 дүгээр тойрог буюу Сүхбаатар дүүрэгт АН-аас нэр дэвшигч, АН-ын дэргэдэх АЗХ-ны ерөнхийлөгч С.Эрдэнэболд
- УИХ-ын 27 дугаар тойрог буюу Сонгинохайрхан дүүрэгт Та, бидний эвслээс нэр дэвшигч, МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Тулга нар оролцсон юм.
Оролцогчид Залуусын хөгжил-хөдөлмөр эрхлэлтийн ирээдүйн чиг хандлага, гарааны бизнес-шинэ боломж, эдийн засгийн чиг хандлага, инновац болон технологийн хөгжил хэмээх үндсэн таван сэдвүүдийн хүрээнд мэтгэлцэж, өөрсдийн байр суурийг илэрхийлэв.
"Гарааны компаниудыг татвараас чөлөөлж, үйл ажиллагаа явуулах боломжийг нь нэмэгдүүлэхээр тусгасан"
Үүнээс онцолбол, УИХ-ын 28 дугаар тойрогт МАН-аас нэр дэвшигч Н.Учрал инновацыг хөгжүүлэх тухай байр сууриа илэрхийлэхдээ "Шинжлэх ухааны нээлт хийж, оюун өмчөөр бүртгэгдсэни бүтээдийг эдийн засгийн эргэлтэд оруулах үйл явцыг инновац гэж нэрлэдэг.
2012 оны инновацын тухай хуулийг 2017 оноос нэмэлт, өөрчлөлт оруулан батлуулснаар эдийн засаг тал руу хөрвүүлсэн гэж болно. Мөн оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах хуулийн төслийг санаачилж батлуулсан.
Ингэснээр оюуны өмчийн патент, барааны тэмдэг, ашигтай загварын гэрчилгээ авсан бол оюуны өмчийн мэргэшсэн үнэлээч нар үнэлэн, арилжаалдаг болж байна.
Материаллаг бус баялгийг банк анх удаа барьцаалдаг системийг хийсэн. Жишээлбэл, барааны тэмдгийг барьцаалж Улаанбаатар банк зээл олгосон.
Манай нам мөрийн хөтөлбөрт бид инновацын татваргүй бүсийг бий болгоно, эрдэмтэн судлаачдын оюуны өмчийг бодитойгоор үнэлүүлж, банканд барьцаалах үйл явцад Засгийн газраас шууд дэмжлэг үзүүлнэ. Түүнчлэн ажлын байр нэмэгдүүлж байгаа ААН, байгууллагыг татвараас дэмжих юм.
Түүнчлэн гарааны компаниудыг татвараас чөлөөлж, үйл ажиллагаа явуулах боломжийг нь нэмэгдүүлэхээр тусгасан. Энэ мэтчилэнгээр шинжлэх ухааныг эдийн засгийн эргэлтэд оруулах үйл явцыг төр бодлогоор дэмжих юм" гэлээ.