НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрөөс Монголд 200 мянган ам.долларын дэмжлэг үзүүлнэ
2020.05.27

НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрөөс Монголд 200 мянган ам.долларын дэмжлэг үзүүлнэ

Монгол Улсын Шадар сайдаас хүсэлт тавьсны дагуу өнөөдөр НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч Э.М.Конкиевичтэй уулзалт зохион байгууллаа.

Уулзалтын эхэнд Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр нь Монгол Улсын нийгэм, эдийн засгийн зорилтуудыг эхнээс нь тууштай дэмжиж ирсэнд чин сэтгэлийн талархал илэрхийллээ.

НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн 2017-2021 онд Монгол Улсад хэрэгжүүлэх Орны хөтөлбөрийн хүрээнд,

  • 1. Хүртээмжтэй, тогтвортой хөгжил
  • 2. Оролцоо, хариуцлагын тогтолцоог дэмжих зэрэг хоёр тэргүүлэх чиглэлээр 50 сая ам.долларын санхүүжилттэйгээр төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлж байна.

Тэгвэл тус хөтөлбөрөөс улс орнуудад КОВИД-19 халдварын цар тахалтай тэмцэхэд нэн шаардлагатай дэмжлэг үзүүлэх зорилгоор байгуулсан "Гамшгийн эсрэг түргэвчилсэн хариу арга хэмжээг санхүүжүүлэх сан"-гаас 200 мянган ам.долларын дэмжлэг үзүүлэх болсон юм.

Шадар сайд Ө.Энхтүвшин "ДЭМБ-аас шинэ аргачлалаар хамгийн багадаа Монгол Улсын хүн амын нэг хувь буюу 33 мянган хүн Ковид-19 халдвараар өвчлөх эрсдэлтэй гэсэн тооцоолол гаргасан. Тиймээс бид энэ тооцоолол дээр үндэслэн урьдчилан сэргийлэх, бэлтгэл ажлаа хангах зайлшгүй шаардлага байна. Айх зүйлгүй гэсэн улс орнууд ч алдаад байгаа учир энэ цар тахал ойрын хугацаанд намжихгүй нь гэсэн бодол байна" гэсэн юм.

Тэрбээр мөн цаашид УИХ-аас саяхан баталсан "Алсын хараа-2050" Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгийг хэрэгжүүлэхэд НҮБ-тай өргөн хүрээнд хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа хатагтай Э.М.Конкиевичид илэрхийллээ гэж Монгол Улсын Шадар сайдын Ажлын албанаас мэдээллээ.