2020.01.20

Ахмад настан жилд нэг удаа зургаан сарын хугацаатай тэтгэврийн зээл авах эрхтэй

УИХ-ын чуулганы 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар “Иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай” болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг баталлаа. Ингэснээр 2019 оны 12 дугаар сараас өмнө тэтгэвэрээ барьцаалан зээл авсан ахмадуудын 6 хүртэлх сая төгрөгийн зээлийг төрөөс нэг удаа тэглэх эрх зүйн орчин бүрдлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч халтмаагийн Баттулга он солигдох мөчид иргэддээ хандан дэвшүүлсэн мэндчилгээндээ, 

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга

“Өчигдөргүй өнөөдөр, өнөөдөргүй маргааш гэж үгүй билээ. Туурга тусгаар Монгол Улсын хөгжил дэвшлийн төлөө залуу насаа зориулсан ахмад буурлуудаа өрийн дарамтаас салгах зорилгоор алдагдсан байсан Салхитын мөнгөний ордоо эдийн засгийн эргэлтэд оруулах замаар тэтгэврийн зээлийг нэг удаа тэглэх тухай Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлийн гишүүд санал нэгдэн шийдвэр гаргасныг он солигдох энэ мөчид ахмадууд та бүхэндээ дуулгаж байгаадаа баяртай байна.” гэснээр энэ тухай мэдээлэл олон нийтийн дунд ил болсон.

Монгол Улсын Засгийн газраас 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Улсын Их Хуралд “Иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай” болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг өргөн мэдүүлсэн.  

“Иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай” болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг өргөн барив.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1-д заасны дагуу нэгдсэн хуралдаанаар анхны хэлэлцүүлэг явуулах үед төслийн зарим зүйл, заалтыг гүйцээн боловсруулах чиглэлийг хуралдаан даргалагчаас өгсний дагуу,

  • 5.1 дэх хэсгийг “Эрдэнэс Монгол” ХХК өөрийн охин компанийн эзэмшлийн Салхитын мөнгө, алтны ордыг эдийн засгийн эргэлтэд оруулсан орлогоос төрд ногдох өгөөжийг барьцаалан үнэт цаас гаргах замаар иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийн тодорхой хэсгийг төлнө.” гэж, мөн 
  • 4.2 дахь хэсгийг “Нас барсан иргэний тэтгэвэр барьцаалсан зээл 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр үлдэгдэлтэй бол энэ хуулийн үйлчлэлд хамрагдана.” гэж. 
  • 6.2 дахь хэсгийг “Банк нь тэтгэвэр авагчтай зээлийн үлдэгдэл төлбөрийн тооцоог баталгаажуулан нийгмийн даатгалын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад хүргүүлнэ.” гэж, 
  • 7.1 дэх хэсгийг “Энэ хуулийн хэрэгжилтийг Монгол Улсын Засгийн газар 2020 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд багтаан Улсын Их Хуралд танилцуулна.” гэж тус тус өөрчлөн найруулах саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн юм. 

Засгийн газраас өргөн мэдүүлсэн төсөлд тэтгэврийн зээлтэй 230.000 ахмадын асуудлыг шийдэхээр тусгасан байсныг өөрчилж 421.000 ахмадыг бүрэн хамруулах, нас барсан иргэдийн тэтгэврийн зээлийн өрийг дуусгавар болгох, мөн дахин тэтгэврийн зээл олгохооргүй болгосон байсныг хэлэлцүүлгийн явцад өөрчлөн 6 сар хүртэлх хугацаагаар иргэн зээлээ барьцаалж тэтгэвэр авч болохоор өөрчилсөн нь ихээхэн чухал ач холбогдолтой өөрчлөлтүүд болсон юм. 

УГ ХУУЛЬ БАТЛАГДСАНААР ГАРАХ 8 ӨӨРЧЛӨЛТ: 

  1. Зургаа хүртэл сая төгрөгийн зээлтэй иргэд зээлээ тэглүүлнэ.
  2. Зургаан саяас дээш төгрөгийн зээлтэй иргэдийн зээлээс зургаан саяыг нь тэглэж, үлдсэнийг нь иргэн өөрөө төлнө. 
  3. Нэг сая төгрөгөөс бага хэмжээний зээлтэй иргэдийн зээлийн нэг сая төгрөгийн зөрүүг бондын эрхийн бичгээр буцааж олгоно. 
  4. Тэтгэврийн зээлгүй 194 мянган иргэнд нэг сая төгрөгийн бондын эрхийн бичиг өгнө. 
  5. Бондын эрхийн бичгийг 2021 оны 5 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн гаргана.  
  6. Тэтгэврийн зээлгүй ахмадууд 2021 оны тавдугаар сарын 1-нээс өмнө нас барсан тохиолдол үр хүүхдэд нь бондын эрхийн бичгийг шилжүүлнэ. 
  7. 2019 оны арванхоёрдугаар сарын 31-нээс өмнө тэтгэвэр барьцаалан зээл авсан иргэн нас барсан бол зээлийг нь тэглэнэ.
  8. Ахмад настан жилд нэг удаа зургаан сарын хугацаатай тэтгэврийн зээл авах эрхтэй болно.

Уг хууль батлагдсантай холбоотойгоор хуулийг дагаж мөрдөх журам болон, хууль хэрэгжүүлэх арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төсөл батлагдлаа. 

Хууль хэрэгжүүлэх журмыг тодорхой болгох, тэтгэвэр барьцаалсан зээлгүй тэтгэвэр авагчдад зориулан үнэт цаас гаргах нөхцөл, зарцуулалтын талаарх дагаж мөрдөх журмын тухай хуулийн төсөл болон шаардлагатай тохиолдолд “Эрдэнэс силвер ресурс” ХХК-ийг аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас хөнгөлөх, чөлөөлөх асуудлыг судалж, танилцуулах, тэтгэврийн шинэчлэлийг эхлүүлэх чиглэлийг Засгийн газарт өгсөн юм. 

Хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэх үед гишүүдээс тавьсан зарим асуулт, хариулт:

? Нас барсан иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийг нийт дүнг нь үл харгалзан чөлөөлөх үү? 

  • Нас барсан иргэний тэтгэвэр барьцаалсан зээл 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр үлдэгдэлтэй бол үлдэгдлийн хэмжээнээс үл хамааран чөлөөлөгдөнө.

? 1 000 000 төгрөгтэй тэнцэх дүнтэй үнэт цаасыг эзэмшсэн өндөр настан 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдрөөс өмнө буюу үнэт цаасыг мөнгөжүүлэхээс өмнө нас барвал тэрхүү үнэт цаас үр хүүхдэд нь өвлөгдөн үлдэх үү?

  • 1 000 000 төгрөгтэй тэнцэх дүнтэй үнэт цаасыг эзэмшсэн өндөр настан нас барвал тэрхүү үнэт цаас өвлөгдөн үлдэхээр тусгасан.

Харин тэтгэвэр барьцаалсан зээл аваагүй тэтгэвэр авагчид Салхитын мөнгө, алтны ордын эдийн засгийн эргэлтэд оруулсан орлогыг барьцаалан гаргах үнэт цааснаас 1 000 000 төгрөгтэй тэнцэх дүнтэй үнэт цаасыг эзэмшүүлэхээр, “Эрдэнэс Монгол” ХХК нь Иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д заасан үнэт цаасыг жилийн 6 хувийн өгөөжтэй, 5 жилийн хугацаатай нийт 900 тэрбум төгрөгийн хямдруулсан дүнтэй гаргаж, уг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4, энэ хуулийн 1 дүгээр зүйл болон “Эрдэнэс Силвер” ХХК-ийн үйл ажиллагаанд тус тус зарцуулахаар тусгажээ. 

Мөн иргэнд эзэмшүүлэх 1 000 000 төгрөгтэй тэнцэх дүнтэй үнэт цаасыг 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн мөнгөжүүлэхээр, тэтгэвэр барьцаалсан зээлтэй иргэний зээлийн үлдэгдэл төлбөр нь энэ хуулийн 1 000 000 төгрөгөөс бага байвал зөрүү төлбөрийн дүнтэй тэнцүү хэмжээний үнэт цаасыг тухайн иргэнд эзэмшүүлнэ хэмээн тусгасан байна.

“Иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай” хуулийг 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө. 

Ц.Соёлмаа