Л.Болд: Эрүүдэн шүүгчид сонгууль хүлээж, цаг хожих бүх аргыг хэрэглэж байгаа
УИХ-ын гишүүн Л.Болдоос цаг үеийн асуудлаар зарим зүйлийг тодрууллаа.
–Намууд нэр дэвшигчдээ тодруулж дууслаа. Танай эвслийн зүгээс голдуу ямар шалгуур, цензурээр нэр дэвшигчдээ сонгов оо?
-ШИНЭ эвслийн намуудаас ШИНЭ намд 34 мандат оногдсон. Үүний дагуу нэр дэвшигчдээ Төв Зөвлөлийн хурлаараа эцэслэн тодруулахдаа бид ердөө мэргэжил боловсрол, төр-түмэн олныхоо төлөө чин сэтгэлээр зүтгэх эх оронч сэтгэл, тухайн аймаг, орон нутагтаа хүлээн зөвшөөрөгдсөн байдал, хийсэн ажил, туршлагыг нь харгалзаж тодруулсан. Бусад намууд шиг мөнгөний шалгуур тавьсангүй, тухайн аймаг, орон нутгийн иргэдээс нам харгалзахгүй дэмжлэгийг нь авч чадсан шударга иргэдийг манай намаас сонгуульд нэр дэвшүүллээ гэж ойлгож болно. Манай нэр дэвшигчид бүгд нэр цэвэр, төр түших боловсрол, мэргэжлийн туршлагатай, түмэн олныхоо төлөө гэсэн эх оронч сэтгэлтэй, бүх салбарыг төлөөлж чадах хүмүүс байгаа. Тэд маань мөрийн хөтөлбөр, амлалтаа биелүүлэх тангарагийн гэрээг сонгогчидтойгоо байгуулна. Хэрэв зорилгоосоо ухарч, ард түмний эрх ашгаас няцвал эгүүлэн татна.
–ШИНЭ намын мөрийн хөтөлбөрийн үзэл баримтлалд бусад нам шиг амлалтын зүйл багтсан байв уу?
-Бусад намууд шиг мөнгө цацах амлалт бидэнд байхгүй, төсөл хөтөлбөр, хөгжлийн төлөөх оновчтой бодлогыг манай намын дэргэдэх эрдэмтэн судлаачид, мэргэжлийн салбаруудын төлөөллөөс гаргасан. Та анзаарсан бол намууд мөрийн хөтөлбөрөө Аудитын газарт шалгуулахад томоохон намуудын хөтөлбөр бүгд шаардлага хангахгүй буцаагдаж байсан бол манай намынх 100 хувь шаардлага хангасан.
-МАН-ын дарга нэр дэвшигчдээсээ мөнгө авахгүй гэж мэдэгдсэн, АН 100 саяын дэнчин хураагаад хуулийн байгууллагад шалгагдаж буй. Танай намын хувьд сонгуулийн санхүүжилтээ яаж шийдэж байна?
-Бүх зүйлийг хуулийн дагуу шийдэж байгаа. Сонгуулийн хуулийн дагуу нэр дэвших эрхээ авсны дараа хандивын болон өөрсдийн хөрөнгөөр санхүүгээ босгоно. Бусад намууд шиг сонгогчдыг худалдан авах, хөлсний бичээчид ажиллуулах зорилгоор асар их хөрөнгө мөнгө татан төвлөрүүлэхгүй, хэмнэлтийн горимоор, цэвэр шударгаар сурталчилгаагаа хийж, цэвэр өрсөлдөх юм. Бусад намуудад ч мөн ийм байдлаар сонгуульдаа оролцохыг уриалж байна.
-ШИНЭ нам өнгөрсөн хугацаанд хэчнээн гишүүд дэмжигчидтэй болов?
-Гишүүдийн тоо хэдийнэ 100 мянга давсан. ШИНЭ нам анх байгуулагдахдаа нам харгалзахгүй дэмжигчдийн хүрээлэлтэй байх гэсэн ч манай улсын сонгуулийн хуулийн дагуу заавал гишүүнчлэлтэй байх ёстой болсон. Тиймээс гишүүдээ бүртгэж, намын дүрмийн дагуу бүх аймаг, дүүрэгт салбар хороодоо байгуулсан. Байгуулагдаад удаагүй ч гэсэн ШИНЭ намын гишүүд, дэмжигчдийн эгнээ асар хурдтай өсөн нэмэгдэж ирсэн. МАНАН дэглэмийн эсрэг тэмцлийн үр дүнд байгуулагдсан, нийгмээ цэвэрлэх, харанхуй хонгилоос гарч, шинэ гэрэл гэгээ тусгах гэсэн бүх л Монголын иргэд нийлж, нэгдэж байгуулсан нам.
–Өнөөдөр Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн хэрэгт холбогдсон Б.Хурц нарын шүүх хурал болох гэж байна?
-Энэ хэргийн жинхэнэ гүйцэтгэгч, захиалагчийг олох чиглэлд нэлээд ахицтай байгаа тухай Түр хорооны хурал дээр яригдсан. Бодит үнэн улам бүр олон түмний өмнө ил тод болж, энэ хэргийн цаана Монголын төр цэвэрлэгдэх чиглэл рүүгээ явж байна уу үгүй юу гэдгийг харуулах үйл явц өнөөдөр өрнөж байна. Шүүх хурал шударга явагдаасай, үнэн ялаасай гэж хүсч байна. Эрүүдэн шүүгчид сонгууль хүлээгээд, цаг хожих ямар л арга байна бүгдийг хэрэглэж байгаа. Одоо тэдэнд, энэ хэргийн ард байгаа захиалагчдад боломж олдохгүй, олон түмэн ч итгэхгүй. Олон түмэн өөрсдийнхөө итгэл үнэмшлийг хэдийнэ олж авсан шүү. Хөшигний цаана юу өрнөснийг мэддэг болсон. Ойрын үед Монголын нийгмийг харанхуй хонгил руу чирч оруулсан энэ хар хүчийг дарж, тэднийг зохих байранд нь тавьж, хариуцлагыг нь үүрүүлнэ гэдэгт итгэлтэй байна.