Б.Жавхлан: Халамж ихсэх тусам популизм гаардаг
2020.01.10

Б.Жавхлан: Халамж ихсэх тусам популизм гаардаг

УИХ-ын гишүүн Б.Жавхлантай ярилцлаа.

-Тэтгэврийн зээлийг тэглэх хуулийн төслийг эрх баригчид дэмжсэн. Таны хувьд тэтгэвэрийн зээлийг тэглэх шийдвэрт ямар байр суурьтай байгаа вэ?

-Энэ асуудал цэвэр улс төрийн шийдвэр. Энэ нь өөрөө халамжийн нэг хэлбэр шүү дээ. Уг нь бид халамж ихсэх тусам популизм гаардаг гашуун түүхээс салаад удаагүй л байгаа. 2004, 2008, 2012 онуудад их мөнгө амлаж улс төр хийдэг байсан тэр чөтгөрийн тойргоос бид арайхийж гарч ядаж байгаа. Ялангуяа 2017 оноос хойш хэрэгжиж эхэлсэн ОУВС-ийн хөтөлбөрийн хүрээнд эдийн засаг, санхүүгийн сахилга баттай болж ирж байна. Эдийн засаг харьцангуй тогтворжиж байгаа. Цаашид эдийн засаг өсөх хандлагууд ч бий болж байна. Ийм үед бид ийм гэнэтийн шийдвэр гаргаж буцаад халамжийн чиглэлийн эдийн засгийг тэлэх нь чөтгөрийн тойрогтоо эргэн орж болзошгүй байдлыг үүсгэх үр дагавартай. Буцаад нийгэмд үүнийг дагасан олон хүлээлт, улс төрийн амлалтууд цуврахыг үгүйсгэхгүй. Энэ нь тогтож ядаж байсан төсвийн ч мөн иргэдийн санхүүгийн сахилга батыг эвдэх хор уршигтай. Нэг талаар өр зээлтэй ахмадууддаа туслаж байгаа мэт боловч алсуураа эдийн засаг, төсвийн тогтворгүй байдлыг үүсгэх эрсдэлтэй.

-Дахин ийм халамжийн бодлого гарах вий гэх болгоомжлол байна гэсэн үг үү?

-2004-2012 оны хооронд мөнгө, халамж амладаг улс төрийн уралдаан зарласан. Энэ нь эдийн засагт маш их хохиролтой байдаг. Халамжийг тэлэх нь популизмыг дэврээдэг. Энэ тойрог руу орох вий гэх болгоомжлол байна. Үүнээс үүдэн дахин халамжийн уралдаан эхэлж, мөнгө амлах үйл явц өрнөх вий. Ер нь макро эдийн засгийг удирдана гэдэг эдийн засагт оролцогчдын хүлээлтийг удирдах л асуудал байдаг. Тиймдээ ч хариуцлагатай болж ирж байсан нийгмийн сэтгэлзүйг эвдээд өөр хүлээлт рүү аваачиж байгаа нь л буруу байгаа юм. Угтаа бид эдийн засагт ийм хэмжээний боломж гарч ирж байгаа үед нөөцөлж, эсвэл иргэдийн орлогыг дэмжих тал дээр хөрөнгө оруулалт хийх ёстой. Зарлагыг нь тэглэх бус орлогыг нь нэмэх нь илүү өгөөжтэй. Жишээ нь, тэтгэврийг нэмэх, тэтгэврийн зөрүүг арилгах гэх мэт.

-Одоо тэгэхээр яана гэсэн үг вэ?

-Нэгэнт улс төрийн шийдвэр гараад тэтгэврийн зээлийг тэглэхээр болох юм бол үүнээс үүсч болзошгүй макро болон микро эдийн засгийн эрсдэлүүдийг бууруулах тал дээр ямар арга хэмжээ авч болох вэ гэдгээ сайн бодох хэрэгтэй.

-Эдийн засагт ямар хүндрэлүүд үүсэх бол?

Хамгийн гол эрсдэл нь энэ халамжаар дамжиж төсвөөс гадуур хяналтгүй, хязгаарлалтгүй, зохистой харьцаагүй дахиад нэг өөр төсөв үүсэж болзошгүй. Хэрэв энэ нь цаашдаа бусад өөр улс төрийн амлалтаар тэлэх юм бол эдийн засгийн макро тэнцвэрт тодорхой эрсдэл учирч бид дахиад л маш үнэтэй эдийн засгийн тохиргоо хийх хэрэгтэй болно. Энэ л гол эрсдэл байгаа юм. Дээрээс нь хуулийг үзвэл эцсийн эрсдэлийг Засгийн газар үүрнэ гэж заасан байгаа.

-Салхитын ордоос бонд босгох замаар Тэтгэврийн зээлийг төлнө гэж байгаад та юу хэлэх вэ. Ийм боломжтой юу?

-Салхитын мөнгөний ордтой уяж тайлбарлаж байгааг мөн л сайн ойлгож өгөхгүй байна. Салхитын мөнгөний орд өөрөө эргэлтэд орж эхлээгүй байгаа. Гэтэл түрүүлж ашгийг нь барьцаалж бонд гаргана гэж байна. Дараа Салхитын мөнгөний ордын үйл ажиллагааг санхүүжүүлэх мөнгийг яаж босгох юм. Төрөөс санхүүжилт хийх боломжгүй, олон улсын зэх дээрээс мөнгө босгоё гэхээр түрүүлээд ашгийг нь хэрэглэчихсэн байдаг. Дараа нь хөрөнгө оруулалт босгоход түвэгтэй л байдал үүснэ. Энэ утгаараа тэтгэврийн зээлийг тэглэх асуудлыг яаран ямар ч тооцоо судалгаагүй хийчих вий дээ л гэж бодож байна.

-Салхитын ордны олборлож гаргах алт, мөнгийг Монголбанк худалдаж авах замаар арилжааны банкуудыг санхүүжүүлнэ. Бэлэн мөнгөний бус банк, компани хооронд бичилт хийх замаар өрийг тэглэх санхүүгийн зохицуулалт явна. Тэр ч утгаараа төсвөөс тусдаа зохицуулагдаж байгаа гэж ХНХ-ийн сайд хэлж байсан.

-Хэрэв бичилт хийгээд зээл тэглээд байдаг бол ер нь бүх өр зээлээ ингээд шийдчиж болдоггүй юм уу. Даан ч ийм боломж байдаггүй юм. Бичилт хийж хийж хаа нэг газар очиж эцсийн хариуцагч гарч ирдэг. Энэ хуулиар тэр нь ЗГ өөрөө болж таарах гээд байна. Энэ нь татвар төлөгчдийн л мөнгө шүү дээ. Салхитын ордоос алтаа аваад эхэлбэл тэртээ тэргүй төв банкиндаа л тушаадаг уламжлалт хуультай бид.

-Тэтгэврийн тогтолцоонд реформ хийх хэрэгтэй юү?

-1990-ээд оны Азийн эдийн засгийн хямрал манайд нэлээд хүнд туссан. Цөөнгүй банк дампуурсан. Тэр үед Нийгмийн даатгалын сан томоохон цохилт авч, алдагдал хүлээсэн. Дээрээс нь төсөв өөрөө маш их алдагдалтай байсан учраас НДС-аас мөнгө авч, зарлагадаа хэрэглэчихсэн. Тэр үеэс хойш төсөв Нийгмийн даатгалд өртэй явж ирлээ. Үүндээ улам ороогдож, үүнээс гарч чадахгүй яваад байгаа юм. Олон улсын жишгээр явбал НДС хуримтлагдаж байх ёстой. Гэтэл өнөөдөр эсрэгээрээ хурааж авч байгаа НДШ-ээрээ өнөөдрийн тэтгэвэр авагчдын тэтгэврийг өгдөг. Бид ийм системтэй явсаар байгаа. Бид үүнээс гарахын тулд зайлшгүй тэтгэврийн реформ хийх ёстой. Тэгэхгүйгээр энэ алдагдлаа нөхөхийн тулд бид тэтгэвэрт гарах насыг уртасгадаг, эсвэл НДШ-ийг нэмдэг хоёр механик арга хэмжээг л авсаар байна. Угтаа зээл тэглэж байгаа эх үүсвэр бидэнд байгаа бол энэ НДС-аа баяжуулах, тэтгэврийн зөрүүг арилгахад зарцуулах ёстой. Энэ нь урт хугацаандаа тэтгэвэр авагчдад илүү үр өгөөжтэй байх болно. Татан буугдсан, дампуурсан банк бүрийг үзэхээр НДС-ийн мөнгө үргэлж байдаг. Мэдээж банкуудын чадамж муудаад ирэхээр амлаж байгаа хүүнүүд нь нэмэгддэг. Түүнээс нь болж НДС-ийн мөнгийг хадгалуулж, алддаг. Ийм хар практик манай улсад 20 гаруй жил үргэлжиллээ. Төр НДС-аа бүрдүүлчхээд хадгалж, хамгаалж чадахгүй байна. Бид үүнийг онцлон анхаарч, хамгийн түрүүнд реформ хийх өнцөг бол энэ. Төр НДС-ийн мөнгийг хадгалж байгаа бол маш хариуцлагатай байх ёстой. Гэтэл үүнтэй зэрэгцээд Хадгаламжийн даатгалын кропораци гэж байдаг. Үүнийг хамгийн тогтвортой, их үлдэгдэлтэй баян сан гэж хэлж болно. Одоогоор 400 гаруй тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй байна. Энэ сан ямар ч эрсдэлд орохгүй оршин тогтнож чадаж байна. Тэгвэл НДС-ийн мөнгийг яагаад энэ жишгээр төр хадгалж чадахгүй байна вэ. Одоо бид Нийгмийн даатгалын тухай хуульд НДС-ийн мөнгийг хэрхэн яаж хадгалж, байршуулах вэ, найдвартай байлгах вэ гэдэгт том өөрчлөлт хийх хэрэгтэй.

-Яавал найдвартай хадгалах юм бэ?

-Энэ чиглэлээр ажлын хэсэг байгуулагдаж би ахалж байгаа. Манай ажлын хэсгийг гол зорилго ердөө энэ. НДС-ийн мөнгийг хадгалахдаа ашиг хайх биш хамгийн түрүүнд найдвартай байхыг чухалчлах ёстой. Нэгдүгээрт, найдвартай байдал, хоёрдугаарт, хөрвөх чадвар, эдгээр 2 нөхцөл хангагдвал ашиг хайж болно. Ийм л зарчмаар явах ёстой. Харамсалтай нь одоо бол яг эсрэгээрээ. Уг нь бол өндөр хүүний өгөөж гуравдугаар асуудал гэсэн үг. Энэ өнцгөөс нь л өөрчлөлт оруулж, Засгийн газарт хүргүүлнэ.

-Бид хэзээ саарал жагсаалтаас гарч чадах вэ?

-Энэ асуудал дээр парламентын зүгээс хийх ёстой зүйлээ хийсэн. Маш сайн хуулиудыг гаргасан. Эрүүгийн тухай хууль дээрээс мөнгө угаахтай тэмцэх заалтуудыг маш чангаруулсан. Манай хүчний байгууллагууд үүнийг илрүүлэх тал дээр муугүй ажиллаж байна. Шүүх, прокурор дээр үүний үр дүн эцэслэж гарахгүй байна гэдгийг л олон улсын байгууллагууд онцолж анхааруулдаг. Энэ үр дүн нь яаж гарахаас л бүх юм шалтгаална. Засгийн газрын ярьж байгаагаар жилийн хугацаанд гарах боломжтой гэж байгаа. Их хурлын зүгээс бүх талаар дэмжиж ажиллаж байгаа.

-Саарал жагсаалтаас үүдэн эдийн засагт гарч байгаа өөрчлөлтүүд юу байна вэ?

-Саарал жагсаалтад удаан байх юм бол алсуураа эдийн засагт сөрөг цохилтууд бий болно. Тиймдээ ч богино хугацаанд гарах нь чухал. Нэг жилийн хугацаанд багтаж гарах юм бол эдийн засагт айхавтар хүндрэл учрахгүй болов уу. Тэр хэмжээний цочролыг манай эдийн засгийн потенциаль давж чадна. Гэхдээ удах юм бол их хор уршигтай. Ядаж л манай зээлжих зэрэглэлд нөлөөлж эхэлнэ. Тэр тохиолдолд манай бизнесийн өртөг нэмэгдэж гадаад хөрөнгө оруулалтууд саарах байдал үүснэ. Гэх мэт хүндрэлүүд үүсч болзошгүй юм.

Дэлхий нийт эдийн засгийн хувьд тогтсон нэг дүрмээр өөрчлөгдөж байна. Саарал жагсаалтад орно гэдэг нь энэ урсгалыг сөрж явах нөхцөл рүү орчхож байна л гэсэн үг. Дэлхий нийтийн хөгжлийн чиг хандлагыг сөрвөл бидэнд ямар ч гэрэлтэй ирээдүй харагдахгүй. Энэ нь дэлхий нийтээрээ мөнгө угаалтын эсрэг нэгдсэн нэг дүрмээр тэмцэцгээе гэдэг л санаа.

-Таван толгой компани дөрөвдүгээр сараас эхлэн IPO зарлана гэж байсан. Энэ нь биеллээ олж чадах болов уу?

-IPO хийх нь зөв. Гэхдээ цаг хугацааны хувьд бэлтгэл ажил нь удчихлаа. Угтаа бид хоёр жилийн өмнө IPO гарга гэх чиглэлийг Засгийн газарт өгсөн. Хэрэв сонгуулийн өмнө IPO зарлана гэвэл тохиромжгүй цаг хугацаа байх болно. Ийм цаг үед, дээрээс нь саарал жагсаалтад орчихсон байхдаа IPO зарлахад өгөөж муутай.

-Хаан Банкны 54 хувийг эзэмшигч хувьцаагаа манай томоохон бизнесмэнүүдэд 300 сая ам.доллароор санал болгож байгаа гэдэг ортой юу?

-Энэ талаар хэвлэлийн мэдээлэлтэй л байна. Хаан Банк гэдэг өөрөө монголчууд, Монголын эдийн засгийн хувьд үнэтэй капитал. Тиймдээ ч энэ банкыг цаашид хэн эзэмших вэ гэдэг нь бидний хувьд анхаарал татахуйц, ач холбогдолтой зүйл. Хэрвээ худалдах гэж байгаа бол дараагийн худалдан авагч нь маш зөв субьект байгаасай. Худалдаж авах гэж байгаа мөнгө нь зөв, цэвэр байгаасай. 54 хувийн хувьцааг эзэмшдэг тэр япон иргэн үүнийг уншаасай гэж хүсэж байна. Одоогийн байгууллагын засаглал, үйлчилгээгээ хадгалж, улам сайжирч, эрүүлжиж явах нь чухал. Дараагийн эзэн нь ийм шаардлагуудыг хангах ёстой. Тэрээр Монгол орны эдийн засаг хөгжлийн язгуур эрх ашигт нийцсэн тийм эзэмшигч байх ёстой. Энэ шаардлагыг монголчууд бид тэр хүнд тавих эрхтэй. Түүнээс энэ банкийг хаа нэг газраас эзэнгүй мөнгө босгож авчраад, эсвэл хэзээ нэг өдөр буцаан дуудагдах өрөөр худалдаж авах ёсгүй. Хамгийн тогтвортой зөв мөнгөөр энэ банкийг худалдаж авах ёстой. Ийм потенциалтай худалдан авагчид манайд тун цөөхөн байгаа. Миний харж байгаагаар хэрэв боломж нь байдаг бол одоогийн хувьцаа эзэмшигч Монгол тал нь энэ банкаа бүрэн аваад явах нь эдийн засагт эерэг тусах шийдэл. Ер нь үүн дээр Төв банк маш тодорхой байр сууриа илэрхийлэх ёстой. Цаашдаа системийн нөлөө бүхий банкууд тодорхой хувиа олон нийтийн болгох шаардлагатай.

-Та ирэх сонгуульд нэр дэвших үү?

-Би Дархан-Уул аймгаасаа дахин нэр дэвших улс төрийн эрмэлзлэлээ илэрхийлсэн. Эцсийн шийдийг нам л гаргана.

-Хоёрдугаар сарын 1-ээс өмнө тойрог, мандатын хувиарлалт тодорхой болох ёстой. Дархан-Уул аймагт өөрчлөлт орох уу?

-Манайх гурван мандаттай нэг тойрог. Дарханд өөрчлөлт орохгүй. Зарим нэг аймгууд болон нийслэлд өөрчлөлт орно гэж сонсогдож байсан. Ер нь УИХ-ын гишүүн зөвхөн хүн амаа гэлтгүй газар нутагаа ч төлөөлөх ёстой. Газар нутаг, байгаль дэлхийгээ хамгаалж, түүний төлөө ч бодлого явуулах хэрэгтэй шүү дээ. Төлөөлийн ардчилал гэдэг зүйлийг тэгж л харж байна.