Л.Болд : Коронавирусыг дэлхий дахинд дайн гэж нэрлэж байгаа
УИХ дахь ШИНЭ намын зөвлөлөөс COVID 19-ын цар тахлын үед урьдчилан сэргийлэх болон санхүү, эдийн засгийн тогтвортой байдлыг хангах хуулийн тѳслүүдэд тусгуулахаар гаргасан зарчмын зөрүүтэй саналуудаа танилцуулж Төрийн ордонд мэдээлэл хийлээ. Мэдээллийг УИХ-ын гишүүн, ШИНЭ эвслийн тэргүүн Ж.Батзандан, ШИНЭ намын Төв зөвлөлийн хорооны дарга Л.Болд нар өглөө.
УИХ-ын гишүүн, ШИНЭ эвслийн тэргүүн Ж.Батзандан: “УИХ-ын 2020 оны хаврын чуулганаар COVID 19 цар тахалтай тэмцэх эдийн засаг нийгмийн цогц арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төсөл, холбогдох хууль тогтоомжуудыг батлан гаргалаа. ШИНЭ нам, ШИНЭ эвслээс иргэдээс ирсэн саналуудыг хуулийн төсөлд оруулахаар идэвхтэй ажиллалаа.
- Нэгдүгээрт, гадаад улсад байгаа Монгол иргэдийн эрхийн асуудалтай холбоотой санал, гадаад улсад түр зорчсон Монгол иргэн, санхүүгийн хүндрэлд орсон бол санхүүгийн дэмжлэг үзүүлэх тухай,
- Хоёрдугаарт, Жилийн 1,5 тэрбум төгрөг хүртэлх борлуулалттай ААН, 250 хүнийг ажлын байраар хангаж байгаа ААН-үүдэд онцгой нөхцөлийн урт хугацаатай зээл олгох,
- Гуравдугаарт, Иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэг сая төгрөгтэй тэнцэх дүнтэй үнэт цаас эзэмшигч иргэдийн үнэт цаасыг 2020 оны хоёрдугаар улиралд багтаан мөнгөжүүлэх нь зүйтэй гэсэн саналыг оруулсан.
Мөн Малчдын амьжиргааг дэмжиж кг ноолуурыг 100 мянган төгрөгөөс доошгүй үнээр худалдан авах хөтөлбөр боловсруулж, ноолуурын үнийг газрын бүсчлэл үл харгалзан адил тогтоох нь зүйтэй гэсэн саналыг ШИНЭ намаас оруулсан.
Эрх баригч нам ШИНЭ намаас оруулсан таван саналын хоёрыг хэсэгчлэн хүлээн авч, гурван чухал саналыг хүлээж авалгүй, орхигдуулсан байна. Тиймээс удалгүй гурван хуулийн төсөл ойрын хугацаанд өргөн барихаа дуулгаж байна. ААН, иргэдийг онцгой нөхцөлийн зээлээр дэмжих зайлшгүй шаардлагатай байна гэж үзэж байгаа. Тиймээс жилийн 1,5 тэрбум төгрөг хүртэлх борлуулалттай ААН-үүдэд онцгой нөхцөлийн зээл олгох хуулийн төслийг өргөх барих юм. Үүнийг дэмжиж байгаа ААН, иргэдийг бидэнтэй хамтран саналаа тусгахыг уриалж байна.
Тэтгэврийн зээлийн хүүг тэглэсэнтэй холбогдуулж зээлгүй байсан ахмадуудад үнэт цаас олгосныг Та бүхэн мэдэж байгаа. Эдийн засгийн хямралтай энэ үед ахмадуудын нэг сая төгрөгтэй тэнцэх үнэт цаасыг яаралтай мөнгөжүүлэх шаардлагатай. Тиймээс яаралтай мөнгөжүүлэх хуулийн төслийг өргөх барина.
Малчдын амьжиргааг дэмжих зорилгоор эрх баригч нам ямаанд 5000 төгрөг өгөх хуулийн тогтоолын төслийг өчигдөр баталсан. Энэ нь нүглийн нүдийг гурилаар хуурсан, өнгөлөн далдлалт, хуурамч, сонгууль руу чиглэсэн ажиллагаа байсан гэж харж байна.
Тиймээс ШИНЭ нам, ШИНЭ эвслээс өргөн барих дээрх хуулийн төслүүдэд иргэд, ААН, бизнес эрхлэгчид, малчид, ахмадуудыг хамтарч ажиллахыг уриалж байна.” гэлээ.
УИХ-ын гишүүн, ШИНЭ намын Төв Зөвлөлийн дарга Л.Болд: Үүн дээр товчхон нэг зүйлийг хэлье. Өчигдөр хууль гарлаа. Гишүүд маш сайхан хууль гарлаа, хэрэгтэй хууль гарлаа л гэж байна. Бүхэлдээ хуулиудыг харвал иргэдийн эрхийг хязгаарлах, иргэдэд хүч хэрэглэх, иргэдэд шаардлага тавих гээд мэдээжийн хэрэг цар тахлын үед зайлшгүй шаардлагатай асуудлууд орсон. Хамгийн харамсалтай нь яг нөгөө талдаа иргэддээ бололцоо олгох, иргэдээ хамгаалах, иргэддээ энэ хүнд цаг үед хохирол багатай даван туулах нөхцөл байдлын асуудлууд ерөөсөө маш учир дутагдалтай тусч байна.
Цар тахлыг та бүхэн мэдэж байгаа. Дэлхий дахинд үүнийг дайн гэж нэрлэж байгаа шүү дээ. 100 жилд нэг удаа тохиолддог дайн. Үл үзэгдэгч дайсантай дайн.
Дайны үед яадаг билээ дээ. Дайны үед улс орнууд Америк гэхэд л хэдэн их наяд долларын өр зээл тавиад ард түмнээ, бизнесээ, хөдөө аж ахуй эрхлэгчдээ аварч байна. Герман, Европын орнууд яаж байна. Их наядаар евро зарцуулаад аварч байна. Япон яаж байна. Их наядаар. Энэ том улсууд их наядаар ярьдаг юм байна. Тэгвэл ийм дайны үед өнөөдөр төр нь нэг, хоёр тэрбум долларын эх үүсвэр гаргаад дэмжиж болно л доо. Үнэхээр төр засагтай байхын ач холбогдол дайны үед л дээд зэргээр гардаг юм. Бусад үед яадаг вэ? Бид зүгээр л ажлаа хийгээд л явж байдаг биз дээ.
Тэгвэл ийм үед өнөөдөр төр засаг хөдлөх ёстой. Өчигдрийн баталсан коронавирусын үеийн хууль бол үнэхээр дэндүү өнгөц байна. Өнөөдөр наад зах нь энэ хуулинд чинь гадаадад зорчиж байгаа иргэдээ хүсэлт гаргасан нөхцөлд эх оронд нь өөрсдийнхөө хүсэл зоргоор нь авчирна гэж байна. Гэтэл Үндсэн хуулинд юу гэж бичсэн байгаа вэ? Монгол Улсын иргэн хэдийд ч эх орондоо эргэн ирэх үндсэн эрхтэй. Үүний тулд өнөөдөр төр байгаа юм. Дайны үед иргэдээ буцааж аврахгүй, чи гадаадад зорчсон учраас чиний хохь гэж яагаад хэлж чадаж байна аа.
Нэг ч хүн өнөөдөр ийм онцгой нөхцөл байдал үүснэ, бүх нислэг хаагдана, бүх зам хаагдана, тухайн улс орнуудад ийм ялгаварлан гадуурхалт явагдана, гудамжинд гарна, эдийн засгийн хувьд үнэхээр аймшигтай сорилтыг үзнэ гэж хэн ч тооцоогүй. Өнөөдөр Монгол Улсын иргэн ийм нөхцөл байдалд орсон бол Монголын төрийн хувьд арга хэмжээ авах ёстой биз дээ. Зөөж авчирч чадахгүй, Энэтхэгт байгаа гэдэг ч юм уу иргэд маань үнэхээр зовж байна гэж байна. Гудамжинд гарсан, өлсөж, цангаж байна. Үнэхээр хүнд нөхцөлд байгаа иргэддээ жаахан жаахан туслалцаа өгөх хэрэгтэй шүү дээ. Ийм заалтуудыг болохоор тас эсэргүүцээд, зүгээр хязгаарлана, шийтгэнэ гэдэг заалтуудаа дэмжээд гаргачихдаг нь өөрөө буруу.
Хүүхдийн мөнгө жаахан нэмлээ, ААН-үүдийн нийгмийн даатгалын шимтгэлээс хөнгөллөө, татвар хөнгөллөө гээд л том том асуудал зарлаад байдаг. Гэтэл өнөөдөл ААН-үүдэд сайн сайхан үг, эв санааны нэгдлээ илэрхийлэх асуудал хангалтгүй байна. Өнөөдөр ААН-үүдэд дэлхийн бүх оронд шийдэж байгаа хамгийн том асуудал болох (ШИНЭ намаас дэвшүүлж байгаа) нэг хувийн жилийн хүүтэй хөнгөлөлттэй зээлүүд, ялангуяа ЖДҮ-үүдэд энэ зээл хэрэгтэй байгаа. Үүнийг өнөөдөр шийдэхгүй байна. Малчдад өнөөдөр юу хэрэгтэй байгаа вэ? Малчдад орлогын эх үүсвэрээ бүрдүүлдэг ноолуурт нь төр засаг дэмжлэг үзүүлж, үнийг нь унагаахгүй байх тал дээр арга хэмжээ авах ёстой. Энэ хөтөлбөрийг эхлүүлчихээд одоо ухарч болохгүй шүү дээ. Одоо хамаагүй, зах зээлийнхээр нь шийдье, малчид та нар хохирно уу байна уу хамаагүй гэж хэлж болохгүй биз дээ. Гэх мэтчилэнгээр өнөөдөр олон асуудлууд тулгарч байна. Тэтгэврийнхнийг бүрэн үлдээж байгаа. Энэ өвчин бол үнэхээр заналтай. Бүх улс орон, ард түмэнд ахмадуудыг нь л хамгийн их хохироож байгаа. Өнөөдөр Монголын ард түмний хувьд ахмадуудаа хамгаалах ёстой. Тэдэнд өнөөдөр л тэр сая төгрөг чинь хэрэгтэй байхгүй юу.
Бид нийт ахмадуудтай адил гурав, дөрвөн сая өгөх ёстой гэх асуудал тавьж байсан. Жагсаал цуглааны үр дүнд ядаж нэг сая нь шийдэгдсэн. Энэ нэг саяа ядаж өнөөдөр энэ Засгийн үед шийдэж байгаа гэдэг утгаар сонгуулийнхаа өмнө өгчих л дөө. Яагаад өгчихөж болдоггүй юм. Ийм бололцоо байгаа. Байгаа гэж мэдэж байна. Төсвөөс гурван их наядыг хэмнэх бололцоотой. Тэр гурван их наядаар бид ямар нэгэн гадаадаас зээл авахгүйгээр энэ бүх асуудлыг шийдэх бололцоотой. Ингэж байж өнөөдөр бизнесээ аврая, малчдаа аврая, ахмадуудаа аврая, эхчүүдээ аврая. Өнөөдөр ажил олгож байгаа, ажил эхэлж байгаа бүх хүмүүсээ хамгаалах хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхийг ШИНЭ нам шаардаж байгаа. Үүнийг олон түмэнд сайн хүргэж өгөөрэй.