Төрийн аудитын тухай хуулийг баталлаа
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2020.05.01\ хуралдаанаар Төрийн аудитын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж баталлаа.
Байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Д.Оюунхорол танилцуулав.
УИХ-аас ноднин 11 дүгээр сарын 14-нд баталсан Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд “Төрийн санхүү, төсвийн хяналтыг хараат бусаар хэрэгжүүлэх байгууллагын бүрэн эрх, зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно.” гэж нэмсэн. Иймд төрийн санхүү, төсвийн хяналтыг хараат бусаар хэрэгжүүлэх, татвар болон татварын бус орлого, байгалийн баялгийн ашиглалтаас бүрдсэн нийтийн өмчийг зохистойгоор төлөвлөх, тайлагнах, ашиглах, зарцуулахад тавих хяналтын эрх зүйн үндсийг тогтоох зорилгоор Төрийн аудитын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулжээ.
Хууль батлагдсанаар, Төрийн аудитын байгууллагын шалгах ажлыг үр дүнтэй, хараат бус, бие даасан, хууль зүй, эдийн засаг, хөндлөнгийн зүй бус нөлөөллөөс ангид байх баталгааг хангаж, төрийн санхүү, төсвийн хяналтыг хэрэгжүүлэх Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн үзэл санаа бодитоор хэрэгжих боломжтой болно гэж төсөл санаачлагч үзжээ. Мөн Төрийн аудитын олон улсын стандартыг баримтлах, шалгагдагч этгээд төрийн аудитын байгууллага хооронд үүсдэг хууль хэрэглээтэй холбоотой маргаан багасах, төрийн албан тушаалтны төрд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх үүргийн хэрэгжилтийг мэдээлэх боломж бий болно. Ингэснээр, төрийн аудитын төлбөрийн акт, албан шаардлагын биелэлт заавал хангагдах нөхцөл бүрдэх ач холбогдолтой аж.
Хуулийн төслийг бүхэлд нь батлахыг хуралдаанд оролцсон 53 гишүүний 40 нь буюу 75.5 хувь нь дэмжив.