2020.04.27

Олонхийн бүлгийн хариуцлагатай дарга

Vip76.mn сайтын редакцаас эрхлэн гаргадаг Vip Expert сэтгүүлийн энэ удаагийн тусгай дугаар "Монгол төрийн түшээ" хэмээх нэр хүнд, үүрэг хариуцлага, ёс зүй, мэдлэг, туршлага агуулсан сэдвийн хүрээнд бэлтгэн эрхэм уншигч таны өмнө дэлгэж байна. Төр нийгмийн зүтгэлтэн, салбартаа төдийгүй ард иргэдийн хүндлэлийг хүлээсэн эрхэмүүд, эрдэмтэн судлаачид “Монгол Төрийн Түшээ” хүн ямар шинж, төлөвийг цогцлоон бүрдүүлсэн байх ёстойг хэрхэн тодорхойлсоныг уг сэтгүүлээс унших боломжтой бөгөөд өнөөгийн парламентын гишүүдэд олон нийтийн зүгээс өгч буй үнэлгээ, хамгийн өндөр үнэлгээ авсан гишүүд, тэдний хийсэн ажлыг танилцуулж байна.

Өнөөдрийн онцолж буй түшээ бол Монгол Улсын Их Хурлын Гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Дуламдоржийн Тогтохсүрэн.

2016 оны УИХ-ын сонгуулиар МАН 65 суудал авч, парламентад үнэмлэхүй олонхыг бүрдүүлсэн. Гэвч нам доторх зөрчил, үйл ойлголцлын улмаас бүлгийн даргыг өөрчилж, улмаар Дуламдоржийн Тогтохсүрэнд эв нэгдлийг хангах хүндхэн ачааг үүрүүлсэн билээ.

Д.Тогтохсүрэн бол элдэв асуудалд орооцолдоод байдаггүй, туйлширдаггүй, нэр цэвэр гишүүдийн нэг. Тэгээд ч тулхтай, асуудлын голыг олж барьж чаддаг болохоор МАН бүлгийнхээ даргаар тавьсан нь дамжиггүй. Тэр ч өөрөө бүлгийн даргын ажлыг авахдаа “Бүлгийн даргад эрх хэмжээ гэж байхгүй. Харин үүрэг хариуцлага гэж бий. Дангаараа шийдвэр гаргана гэсэн ойлголт байхгүй. Аливаа асуудалд хамтын удирдлагаар шийдвэр гаргана” хэмээн мэдэгдсэн нь түүний үзэл бодол, байр суурийн тод илэрхийлэл болсон юм.

Тэрбээр төрийн албыг чадавхтай болгохыг зорьдог. “Одоогийнх шиг байвал төрийн алба хэзээ ч чадавхжихгүй. Тиймээс Улс төрийн нам, улс төрчид бол төрийн албыг чадавхжуулах, тогтвортой, хариуцлагатай болгох чиглэлд онцгой анхаарах ёстой” гэж мэдэгдэж байлаа. Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл дээр Д.Тогтохсүрэн суун ажиллаж, төрийн албыг улс төрөөс ангид, хараат бус болгохын тулд чадах зүйлээ хийсэн. Сонгуулийн дараа ялсан намын хэн нэгэн төрийн албанд ороод ирдэг байдлыг зогсоохын тулд төрийн албанд ажилласан жилийн шаардлагыг өндөржүүлсэн. Энэ нь төрийн албыг улс төрөөс ангид болгож байгаа гол хүчин зүйл болж өгсөн юм.

Бүлгээ “бүтэн” байлгах их үүрэг авсан Д.Тогтохсүрэн гишүүн тун шаргуу ажиллалаа. Тэрбээр бүлгийн даргаар томилогдон ажилласан жил гаруй хугацааны тэн хагаст нь Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг “ангийн” хамт олныхоо төдийгүй сөрөг хүчин, бусад нам, иргэдийн төлөөлөлтэй хэлэлцэж, ажлын хэсгүүдийг ахлан хүчээр бус зөвшилцлөөр батлахыг эрмэлзэв. Д.Тогтохсүрэн гишүүнийг “тулхтай хүн”, “зөөлөн хүн” ч гэлцдэг юм билээ. Зөөлөн ч гэлээ зарчмын шийдвэр гаргаж чаддаг нь улс төрийн орчинд аливаа асуудлыг зөвхөн бүлгийн гишүүдтэйгээ зөвшилцөхөөс гадна сөрөг хүчинтэйгээ ч ойлголцолд хүрдэг нь энэ удаагийн Үндсэн хуулийн өөрчлөлтөөс харж болохоор байлаа.

НУТАГ АМЬТАЙ ТҮШЭЭ

Д.Тогтохсүрэн Өвөрхангай аймгийн засаг даргаар найман жил ажиллаж, УИХ-д сонгогдсон хийсэн юмтай, хэлэх үгтэй улстөрч. Тэрбээр УИХ-ын гишүүнээр томилогдон ажиллаж буй энэ цаг үед ч тойрогтоо олон арван бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын ажлыг татаж чадсан төдийгүй, хурал чуулганы завсраар сав л хийвэл тойрогтоо ажиллаж байдаг нэгэн. Үнэхээр ч түүнийг нутаг амьтай, тойрогтоо “гүйдэлтэй” гишүүн гэж хэлж болно.

Түүний сонгогдсон Арвайхээр хотноо Ахмадын өргөө, Хүүхдийн ордон, Усан бассейн бүхий Залуучуудын ордон 928 хүүхдийн хичээлийн шинэ байр, 320 хүүхдийн хичээлийн шинэ байр, 50 ортой хүүхдийн эмнэлэг, 150-120 хүүхдийн хүчин чадал бүхий цэцэрлэгийн шинэ барилгууд, Цагдаа, мэргэжлийн хяналтын байгууллагуудын конторын шинэ байрууд ашиглалтад орж, хот доторх хатуу хучилттай авто замууд зүг бүрт шинээр тавигдсан. Үүнээс гадна төрийн үйлчилгээний олон байгууллагуудад их засвар, тоног төхөөрөмжийн шинэчлэл хийгдэж, иргэдийн чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх чиглэлд баг бүрийг спорт залтай болж, сургууль бүрийн гадна спортын иж бүрэн талбайг барьж байгуулсан юм. Мөн Тарагт суманд сургуулийн дотуур байрны шинэ барилга, Соёлын төвийн шинэ барилга, Сумын Засаг даргын тамгын газар, спорт залны барилгууд шинээр баригдаж ашиглалтад ороод байна. Түүний тойрогт эдгээрээс гадна ч дурдах бүтээн байгуулалт олон юм билээ.

Хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажлаас гадна тойргийн иргэдээ чиглэсэн олон ажил арга хэмжээг тогтмол зохион байгуулж иржээ. Жишээлбэл жил бүр багийн нэгдсэн өдөрлөгийг зохион байгуулж, иргэд олон нийтийг хамруулдаг байна. Энэ өдөрлөгөөр багийн иргэдийг идэвхжүүлэх үйл ажиллагаанаас гадна төрийн олон үйлчилгээг нэг цэгээс иргэдэд хүргэж, олон нийтийн санал хүсэлтийг шууд хүлээн авдаг уламжлалтай аж. Энэ намар зохион байгуулсан Арвайхээр, Тарагт сумдын багуудын өдөрлөгт гэхэд л 4000 гаран иргэд хамрагдсан тоон мэдээ бий. Түүнчлэн тойрогтоо ажиллаж байгаа өглөө бүхэн “Эртэч Монгол Өглөөний цайны уулзалт” зохион байгуулж хэвшжээ. Энэ мэт тойрогт ажиллах хөтөлбөрийн ажлуудыг дурдаад байвал олон бий.

Эдгээрээс гадна энэ жилийн хувьд гэхэд л оюутан залуучууд, эмэгтэйчүүд, ахмадуудад чиглэсэн үйл ажиллагаануудад давхардсан тоогоор 5000 орчим иргэдийг хамруулаад байгаа аж.

Зөвхөн улс төрчийн хувьд биш уул усаа шүтэж, ард олноо хүндэлж явдаг унаган нутгийн хүүгийн хувиар Өвөрхангай аймгаа гэсэн бүхий л үйл ажиллагаанд чин сэтгэлээсээ оройлон ажилладгийг нутгийн түмэн ам уралдан сайшаадаг. Түүний нэгээхэн жишээ нь 2017 онд тохиосон Арвайхээр хот үүсгэн байгуулагдсаны түүхт 290 жилийн ойн арга хэмжээг нэрлэж болно.

Д.Тогтохсүрэн гишүүний өнөөгийн болон өмнөх ажлын туршлага, ололт амжилт нь төр болоод улс төрийн аль ч салбарт ахиж дэвшиж ажиллах чадвартай төрийн хүн гэдгийг тодотгож байдаг юм.

vip76.mn