2020.04.21

Шинийг хэрэгжүүлэгч төрийн залуу түшээ

Vip76.mn сайтын редакцаас эрхлэн гаргадаг Vip Expert сэтгүүлийн энэ удаагийн тусгай дугаар "Монгол төрийн түшээ" хэмээх нэр хүнд, үүрэг хариуцлага, ёс зүй, мэдлэг, туршлага агуулсан сэдвийн хүрээнд бэлтгэн эрхэм уншигч таны өмнө дэлгэж байна. Төр нийгмийн зүтгэлтэн, салбартаа төдийгүй ард иргэдийн хүндлэлийг хүлээсэн эрхэмүүд, эрдэмтэн судлаачид “Монгол Төрийн Түшээ” хүн ямар шинж, төлөвийг цогцлоон бүрдүүлсэн байх ёстойг хэрхэн тодорхойлсоныг уг сэтгүүлээс унших боломжтой бөгөөд өнөөгийн парламентын гишүүдэд олон нийтийн зүгээс өгч буй үнэлгээ, хамгийн өндөр үнэлгээ авсан гишүүд, тэдний хийсэн ажлыг танилцуулж байна.

Өнөөдрийн онцолж буй түшээ бол Монгол Улсын Их Хурлын Гишүүн Ням-Осорын Учрал. 

Өмнөд Солонгост Ерөнхий боловсролын бүх сургуулийг адил тэгш стандарттай болгох шийдвэр гаргасан тухай сар орчмын өмнө дэлхийн хэвлэлүүд мэдээлсэн билээ. Тэгвэл манай 76 дотор яг энэ талаар зоригтой ам нээсэн хүн бол Ням-Осорын Учрал юм.

“Хүүхдүүдийг сургуулиар нь ангилдаггүй болгомоор байна. Шилдгүүдийн хүүхдүүд үнэтэй сургуульд, тааруухан нь бусад сургуульд сурдаг гэсэн ойлголт бий болчихож. Гэтэл Японд ямар ч хүүхэд гэртэйгээ ойр сургуульд л ордог. Бүх сургууль нь ижил стандарттай. Анги танхим, спорт заал, багш нар, сургалтын хөтөлбөр нь ялгаагүй” гэж Н.Учрал гишүүн ярьсан байдаг. Н.Учрал бол боловсролын салбарт ойр өссөн, өөрөө энэ салбарт ажилласан туршлагатай нэгэн. “Өнөөгийн багш нарыг харахад яг л миний сурагч үеийн багшийн минь төрх сэтгэлд ургах нь гунигтай... Монголын боловсролын салбар тэр дундаа, багшийн хөгжлийн асуудал 20 жил хур ороогүй нутаг шиг, багшийн минь хуучин хүрэм шиг гандуу байсныг мэдэв” хэмээн тэрбээр бичсэн нь бий.

Тиймдээ ч Багшийн хөгжлийн тухай хуулийг санаачлан батлуулж, үг үйлдэл хоёроо нэгтгэж, хэрэгжүүлж чадсан юм.

 

Н.Учрал бол УИХ-д залуучуудын төлөөлөл болж буй улстөрч. Нэртэй, бэлтэй хүний хүүгийн хувьд харь оронд амьдралын амар, хөгжлийн сайханд шимтэж үлдэх боломж байсан нь баараггүй. Гэвч тэгсэнгүй ээ. Дэлхийн найман  оронд салбартай “LimKokwing” их сургуульд бизнесийн чиглэлээр магистр болсныхоо дараагаар ОХУ-ын Шинжлэх ухааны академид түүхийн ухааны докторын зэрэг хамгаалаад эх орон руугаа яарч, эндээ хийж бүтээхээр зүтгэж эхэлсэн.

 

Сэдэж, санаачилж буй зүйлс бүхэн нь шинэ хандлага, өнгө төрхийг дагуулж байдаг тэрбээр УИХ дахь Инновацыг дэмжих Лобби бүлэг байгуулсныг энд дурдах нь зөв байх. Эрдэмтдэд шинэ санаа байдаг ч хөрөнгө мөнгөгүй. Бизнесмэнүүдэд хөрөнгө мөнгө байдаг ч шинэ сэдэл санаагүй нь элбэг. Энэ нөхцөлд төр тэднийг уулзуулж, холбож өгөх ёстой гэж үзэж, үүний төлөө ажиллаж яваа.

“Хэрвээ би 100 сая төгрөгийн патенттай, тэгээд Солонгост амьдардаг бол банкинд энэ үнийн дүнгээрээ барьцаална. Монголд 100 сая төгрөгийн патентыг 10 саяар ч барьцаанд авахгүй. Ийм л үнэ цэнгүй байна” гэж ярих хүмүүс бишгүй бий. Тиймээс ч Монголд инновацын сан бий болгох цаг нь болсон гэж тэр үздэг.

Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл яригдахад Н.Учрал гишүүний хатуу байр суурь ялгарч байв. Төрийн албан хаагчдыг шатлан дэвших, чадахуйн зарчмаар томилно гэсэн өгүүлбэр Үндсэн хуульд “шургачих” гээд болдоггүй. Тэр агшинд “Шатлан дэвших бус ур чадварын шалгуураар нь ажилд томилдог байх ёстой. 30 жил ажиллачихаад оймсонд мөнгөө хийдэг болтлоо төрийн алба ялзарчихлаа. Тэгсэн хэр нь өндөр боловсрол эзэмшээд ирж байгаа залуусыг туршлагагүй гээд явуулчихдаг. Төрийн албаныхан уучлаарай, та нарын дунд салхи оруулах цаг нь ирсэн” гэх үгээ хоёр ч удаа давтан хэлсэн юм. Үүнийг Монгол даяар сонсож, бодолхийлсэн биз ээ.

 

Н.Учралын хувьд тойргийнхоо хороо бүрийн сургууль, цэцэрлэгийн асуудлыг шийднэ гэсэн амлалт өгчээ. Тэгвэл одоогоор СХД-т шинээр гурван сургууль, гурван цэцэрлэг ашиглалтад орж буйн зэрэгцээ замын бүтээн байгуулалт, дээврийн их засвар зэрэг бүтээн байгуулалтын ажил ид өрнөж байна. Гурван жилийн хугацаанд гурван сургууль, гурван цэцэрлэг гэдэг бол том үзүүлэлт, амжилт юм.

 

УИХ-ын гишүүний үүргээ ч ягштал сайн биелүүлж хэд хэдэн хуулиудыг санаачлан батлуулсан бол одоо Мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай, Оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай хуулиуд нь хэлэлцэгдэх шатандаа явж байна. Нас залуу шинэ гишүүн гэхэд бусдаасаа илүү юу л гэхээс дутуу ажилласан нь үгүй.

Ийнхүү Н.Учрал залуу хүний эрч хүч, эрдэм мэдлэг, сэтгэл зүтгэлийн хүчээр улам бүр чамбайрч, өөрийн үзэл бодол, байр суурьдаа гуйвшгүй тогтвортой үнэнч байж чадаж буй тул Монголын улс төрд жин дарах улстөрчдийн нэг болж чаджээ.

vip76.mn