2020.04.17
М.Билэгт: Энэ хуулиар халхавчилж зөвшөөрөлгүй газарт үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ олгох гэж байна
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2020.04.17\ хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Н.Цэрэнбатаас 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр өргөн мэдүүлсэн Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцлээ.
Энэ үеэр УИХ-ын гишүүн М.Билэгт
Газар өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгүүлэхдээ Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх хуулийн 4.1.1-д заасан хэмжээгээр л бүртгүүлэхээр болгож зохицуулсан. Гэтэл мэдээлэлд ойрхон, төрийн өндөр албан тушаалтаны нөмөр нөөлөг дор байдаг хүмүүс 10га, 30га, 100га хэмжээгээр уулаар нь амаар нь, гол горхиор нь өнгөтэй өөдтэй газар болгоныг хашаад эзэмшчихсэн. Энийг цаашид яах вэ?
Аялал жуулчлалын зориулалтаар газар аваад орон сууц барьчихсан газарт үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг найдвартай болгож өгөх гэж байна. Дархан цаазат Богдхан уулын орон сууцнууд хууль зөрчөөд баригдсан. УИХ-аар албан есны болгох гэж хэд хэдэн удаа хуулийн төсөл орж ирж байсан шүү. Олны эсэргүүцэлтэй тулж батлагдаагүй өнгөрч байсан гэтэл одоо энэ хууль батлагдах гэж байна. Газар өмчлөх эрх 0,7 га хэвээрээ юу эсвэл энэ хуулийн халхавчин дор хэдэн ч газар өмчлөхөөр болгосон уу? Тусгай хамгаалалттай нутагт газар ашиглах гэрчилгээг олгох асуудал маргаантай байсаар байна.
Түүний асуултанд УИХ-ын гишүүн Н.Цэрэнбат хариуллаа.