Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив
2020.04.14

Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн (2020.04.14) хуралдаанаар  Улсын Их Хурлын гишүүн Н.Цэрэнбатаас 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр өргөн мэдүүлсэн Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхээр үргэлжлэв. 

Тусгай хамгаалалттай газар болох Дархан цаазат Богдхан уулын хязгаарлалтын бүсэд аялал жуулчлалын зориулалт гэх нэрээр газар ашиглах эрх аван амины болон нийтийн орон сууц, худалдаа, үйлчилгээ, аялал жуулчлалын зориулалтаар барилга байгууламж ихээр баригдсан нь дархан цаазат газрын байгалийн унаган төрх, төлөв байдал, дэглэм горимыг ноцтой зөрчсөн үйлдлийг таслан зогсоох, нутаг дэвсгэрийн нягтрал, хүн амын бөөгнөрөл, зам тээврийн ачааллыг багасгах, нэгэнт эвдэгдсэн, унаган төрхөө алдсан байгалийг дахин нөхөн сэргээхэд эдийн засгийн талаас нь дэмжлэг үзүүлэх нөхцөл боломж бүрдүүлэх зорилготой гэдгийг төсөл санаачлагч гишүүн танилцуулгадаа дурдсан. 

Мөн тэрбээр танилцуулгадаа, Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуульд оруулах нэмэлтийг Тусгай хамгаалалттай дархан цаазат газарт байрлах барилга, байгууламжаас өмчлөгч болон зориулалтаас үл хамааран аж ахуйн нэгжээс Үл хөдлөх хөрөнгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулан 6 дугаар зүйлийн 6.2-д зааснаар иргэнээс 1м кв талбайгаас 1000 төгрөг, 6.3-д зааснаар хуулийн этгээдээс 1м кв талбайгаас 3000 төгрөг байхаар хуульчлан татвар авахаар зохицуулсан. Хуулийн төсөл батлагдсанаар дээр дурдсан эерэг нөхцөл байдал бий болохоос гадна тухайн орон нутаг болон холбогдох төрийн захиргааны байгууллагад хуулийг хэрэгжүүлэх эдийн засгийн эх үүсвэр шийдвэрлэгдэнэ гэдгийг онцлов.            

Хуулийн төсөлтэй холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн байгаагүй тул Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 60 хувь нь дэмжлээ. Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтсон.