С.Эрдэнэ: Сонгуульд зориулсан популист уур амьсгалыг болих ёстой
2020.03.31

С.Эрдэнэ: Сонгуульд зориулсан популист уур амьсгалыг болих ёстой

УИХ дахь Ардчилсан намын зөвлөл өчигдөр \2020.03.30\ өргөтгөсөн цахим хуралдаан зохион байгууллаа.

Хуралд Ардчилсан намын бодлогын зөвлөлийн гишүүд, МҮХАҮТ-ийн удирдлагууд болон бизнес эрхлэгчид цахимаар оролцож, улс орны нийгэм, эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал болон Засгийн газрын авч хэрэгжүүлж байгаа ажлын талаар ярилцаж, харилцан санал солилцсон юм.

Энэ үеэр АН-ын бодлогын хорооны гишүүн С.Одонтуяа “Макро эдийн засгийн гол дөрвөн оролцогчийн нэг болох өрхийн тухай огт яригдахгүй байна. Ерөнхий сайдын мэдэгдэлд ч өрх айл багтсангүй. Хамгийн гол оролцогч өрхийн тухай  бид зайлшгүй ярих ёстой. Өнөөдөр 400 мянган өрх гэр зээлтэй, үүнээс 100 мянган өрх давхар зээлтэй байна. 2019 оны судалгаагаар өрх орлогынхоо 70 хувийг зээлд зарцуулдаг гэсэн судалгаа бий.

Маш өндөр эрсдэлтэй байгаа өрхийн эдийн засгийг бид нар орхигдуулж болохгүй. Өрхүүд байрны түрээс, ипотекийн зээлээ төлж чадахгүйд хүрвэл байрнаасаа хөөгдөн гудамжинд гарах ч эрсдэл бий болно. Бид өнөөдөр хөгжил гэж ярихаасаа өмнө хамгаалах ёстой” гэсэн бол АН-ын бодлогын хорооны гишүүн З.Энхболд “Улсын төсөвт тодотгол хийнэ хийхгүй гэдэг маргаан, Сангийн сайдын хүслээс хамаарах зүйл огт биш.

Одоо АН-ын зөвлөлөөс гаргасан тогтоолын төслийн хавсралтууд дээр танхимын саналаас тусгаагүйг нь нэмж тусгаад, төсвийн тодотгол, мөнгөний бодлого хоёроо яаралтай, цоо шинээр бичихгүй бол дэлхий нийтээр тэмцээд буй шинэ төрлийн корановирустай тэмцэх боломжгүй болоод байна. Өрхүүд орон байртайгаа үлдэх боломжийг эрэлхийлж, ипотекийн зээлийг түр хугацаагаар биш бүтэн нэг жилээр сунгаж, өрхийн эдийн засгаа хамгаалах хэрэгтэй. 2016 онд гаргасан ипотекийн зээлийн орлогыг улсын төсөвт холбож өгсөн буруу шийдвэрийн гор өнөөдөр гарч байна. Үүнийг зогсоох хэрэгтэй” гэсэн юм.

АН-ын дарга, УИХ-ын гишүүн С.Эрдэнэ “Ардчилсан намын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанаас гаргасан шийдвэр бодитой үр дүнтэй байх ёстой. Бид өнөөдөр бодит байдалтай эвлэрэх цаг болсон. Ний нуугүй хэлэхэд аливаа зүйлийг бодитоор нь хэлэхээр эргээд мушгиж гуйвуулаад, гутаан доромжилдог, харлуулдаг ийм байдлаар хол явахгүй. Хий хоосон сонгуульд зориулсан энэ популист уур амьсгалыг болих ёстой. Бид засгийн эрх барьж байгаа сөрөг хүчин гэж талцахгүйгээр нийт монголчуудынхаа эрх ашгийг нэгдүгээрт тавьж ажиллах цаг болсон” гэв.

Ингээд өргөтгөсөн хуралдааны үеэр У.Хүрэлсүхийн Засгийн газраас гаргасан мэдэгдэлийн дагуу МҮХАҮТ-аас хийгдсэн судалгааг танилцуулан, тодорхой саналууд хүргүүлэхээр болсон юм. Тус саналд, түрээслэгчдийн зүгээс тавьж байгаа хүсэлтийг хангахын тулд шаардлагатай дэмжлэгүүдийг жагсаав. Тодруулбал, “Түрээсийн төлбөрөө буулгасан түрээсийн үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдэд ноогдуулах татварыг нэг удаад чөлөөлж өгөхөөр Засгийн газраас гаргасан шийдвэрийн талаар тодорхой болгож мэдээлэх, хорио цээрийн хугацаанд түрээслүүлэгч аж ахуйн нэгжүүдийг НӨАТ-аас чөлөөлөх, цахилгаан, дулааны үнэ нэмэгдсэн ч түрээсийн зардлыг ихэнх аж ахуйн нэгжүүд нэмээгүй байна. Иймд төрийн өмчит аж ахуйн нэгжүүдэд төлдөг цахилгаан, дулаан зэрэг ашиглалтын зардлуудыг тодорхой хувиар бууруулах” гэдэг санал гарсан байна.

Түүнчлэн “Газрын төлбөр, үл хөдлөх хөрөнгийн татвараас тодорхой хувиар бууруулах, чөлөөлөх, түрээслүүлэгч аж ахуйн нэгжүүдийн орлогын албан татварын төлөлтийг зургаан сараар хойшлуулах, Нийгмийн даатгалын шимтгэлийн төлөлтийг хорио цээрийн хугацаанд хойшлуулах, бусад аж ахуйн нэгжүүдийн адил үндсэн зээлийн төлөлтийг зургаа хүртэлх сараар хойшлуулах, торгууль, алданги тооцохгүй байх, зээлийн бүтцийн өөрчлөлт хийх шаардлагатай байна” гэжээ.