“Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн үзэл баримтлал”-ын төслийн хэлэлцүүлэг боллоо
2020.03.06

“Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн үзэл баримтлал”-ын төслийн хэлэлцүүлэг боллоо

Монгол Улсын Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлсэн “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн үзэл баримтлал”-ын төслийн хэлэлцүүлгийг Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын санаачилгаар зохион байгууллаа.   

Хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт, УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Х.Нямбаатар, УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, Монгол Улсын Ерөнхий сайд асан Д.Содном, С.Баяр, “Алсын хараа-2050”-ыг боловсруулсан Ажлын хэсгийн гишүүд оролцлоо.

УИХ-ын гишүүн, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн үзэл баримтлалын талаар танилцуулга хийж, хэлэлцүүлэгт оролцогчид асуултад хариулж, санал бодлоо хэллээ.

Уг баримт бичгийг УИХ-аар хэлэлцэж, Тогтоолоор батлах юм. Тогтоолын төслийг Чуулган, Байнгын хорооны хэлэлцүүлэгт бэлтгэх, хэлэлцэх үүрэгтэй Ажлын хэсгийг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогтоор ахлуулан байгуулж, Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд бүх Байнгын хорооны дарга нар багтаж байгаа. Ажлын хэсэг болон бусад Дэд хэсгүүдэд төрийн өндөр албан тушаал хашиж байсан хүмүүс, Засгийн газрын ажлын хэсгийн гишүүд, эрдэмтэн судлаачдыг оролцуулан, УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцүүлэн батлуулах ажлыг шуурхай зохион байгуулахыг УИХ-ын дарга Г.Занданшатар үүрэг болголоо.