Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнээс тавьсан асуулгын хариу
2020.03.05

Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнээс тавьсан асуулгын хариу

УИХ-ын гишүүн С.Эрдэнээс Валютын ханшийн өөрчлөлт, түүний шалтгааны талаар Монгол Улсын Ерөнхий сайдад тавьсан асуулгын хариуг хүргэж байна.

Асуулга 1. Эдийн засгийн өсөлт сүүлийн гурван жилүүдэд 6-8 хувь өсөж байгаа талаар Засгийн газраас байнга онцолж ярьдаг. Урд хөршийн эдийн засаг сэргэж, гадаад зах зээлийн эрэлт нэмэгдсэнээр манай уул уурхайн бүтээгдэхүүний үнэ өссөн нь манай эдийн засагт сэргэлт авчирсан. Нөгөө талаар олон улсын санхүүгийн байгууллага, донор орнууд их хэмжээний хөнгөлөлттэй Зээлээр манай эдийн засгийг тэтгэж байгаа. Эдийн засгийн ийм таатай нөхцөлд Монгол Улс валютын ханшаа тогтвортой хэмжээнд барьж чадахгүй байгаа шалтгааныг нэрлэнэ үү? 

Мөнгөний нийлүүлэлтийг огцом өсгөж, дотоод эрэлтийг нэмэгдүүлж, импортыг өдөөх нь үндэсний мөнгөн тэмдэгтийн ханш их хэмжээгээр сулрах суурь нөхцөл болдгийг судлаач, эдийн засагчид тогтоож, улс орнууд үндэсний мөнгөн тэмдэгтийн ханшийн хөдөлгөөнийг зохистой байлгах зорилтыг мөнгөний бодлогоор дамжуулан удирддаг. Мөнгөний нийлүүлэлтийг зохисгүйгээр нэмэгдүүлэх, төсвийн зарлага, төсвийн алдагдлыг огцом өсгөх зэрэг эдийн засгийн бодлогын арга хэмжээний үр дагавар 3-4 жилийн хугацаанд эдийн засагт нөлөөлж, түүнийг засаж, залруулах бодлогын арга хэмжээний үр нөлөөг сааруулдаг. 

Эдийн засгийн өсөлт, бүтээмжийн өсөлт, валютын урсгалтай нийцээгүй их хэмжээний мөнгө хэвлэх нь валютын ханшид ихээхэн дарамт үзүүлдэг. Монгол Улсын эдийн засгийн үзүүлэлтүүд сүүлийн жилүүдэд сайжирч байгаа ч гадаад валютын ханш үргэлжлэн өсөж байгаа нь 2012-2016 онуудад улсын төсвөөс гадна Монголбанк, Хөгжлийн банкны зээл, Концессын гэрээ зэрэг төсвийн гадуурх зарцуулалтыг болгож, хяналтгүй их хэмжээний хөрөнгийг зарцуулж байсантай холбоотой. Төвбанкнаас үнэ тогтворжуулах хөтөлбөр, орон сууцны зээлийн хөтөлбөр, сайн хөтөлбөрүүд, компаниудад шууд зээл олгох зэргээр 7 их наяд гаруй төгрөгийг эдийн засагт нийлүүлж, 2 их наяд гаруй төгрөгийн концессын гэрээ байгуулсан нь гадаад валютын ханш ҳөөрөгдөх, Засгийн газрын өрийн дарамт нэмэгдэх суурь нөхцөл болсон. 

Түүнчлэн, БНХАУ-ын Ардын банкнаас своп хэлцлээр авсан 2 тэрбум шахам ам.доллартай тэнцэх юаний өрийг оруулан тооцвол 2012 онд 4 тэрбум ам.доллар байсан гадаад валютын нөөц үндсэндээ шавхагдсан байсан зах зээлээс татан төвлөрүүлсэн арилжааны нөхцөлтэй зээлийг үр ашиггүй, эргэн төлөгдөх боломжгүй төслүүдэд зарцуулж, ханшийг интервенц хийх замаар зохиомлоор барьж байсан нь үндэсний мөнгөн тэмдэгтийн ханшийг тогтвортой байлгахад хүндрэл учруулсан. 

Гадаад валютын нөөц 2016 оны 6-р сар гэхэд 1296.6 сая ам.доллар буюу ханшийг тогтоон барих зорилгоор интервенц хийх боломжгүй болсонтой холбоотойгоор 2016 оны 8 дугаар сард бодлогын хүүг 10.5-аас 15.0 болгож нэмэгдүүлсэн байна. Гэвч ам.доллартай харьцах төгрөгийн ханш суларч 2488.4 төгрөгт хүрч, гадаад валютын хадгаламж болон зээлийн хүү дунджаар 3 хувиар өссөн нь валютын ханш их хэмжээгээр өсөх дарамт хуримтлагдсан байсны илрэл юм.

Асуулга 2. Монгол улсын нийт өр 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 24.2 тэрбум ам.доллар байснаа 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар 29 тэрбум 933 сая ам.долларт хүрч бараг 5 тэрбум 673 сая ам.доллараар өсчээ. Харин Засгийн газрын нийт өр 2016 оны 2 дугаар улиралд 16 их наяд 612 тэрбум төгрөг байсан бол 2019 оны 3 дугаар улирлын Сангийн яамнаас гаргасан 

их наяд 694 тэрбум болж даруй 6 их наяд 82 тэрбум төгрөгөөр нэмэгджээ. Улсын болон Засгийн газрын өрийн хэмжээ ийнхүү асар ихээр нэмэгдсэн нь валютын ханшид хэрхэн нөлөөлж байгаа талаар судалгаа хийсэн бол танилцуулна уу. 

Монгол Улсын Засгийн газрын өр 2012 оны жилийн эцсийн байдлаар 7.2 их наяд төгрөг, ам.доллартай харьцах төгрөгийн ханш 1392.1 байсан бол 2016 оны жилийн эцсийн байдлаар Засгийн газрын өр 22.3 их наяд төгрөгт хүрч 2012 оноос 79 хувиар, ам.доллартай харьцах төгрөгийн ханш 2489.53 болж 79 хувиар огцом нэмэгдсэн. Засгийн газрын өр огцом нэмэгдэж, валютын ханш сулрах болсон үндсэн шалтгаан нь 2012-2016 онд 1.5 тэрбум ам.долларын Чингис бонд, “Мазаалай бонд”, 1.0 тэрбум юанийн “Дим сам” бонд, Кредит Свисс банкны 250.0 сая ам.долларын синдикат зээл, Монгол Улсын Хөгжлийн банкны 580.0 сая ам.долларын евро бонд, 30.0 тэрбум иенийн “Самурай бонд” зэрэг их хэмжээний арилжааны нөхцөлтэй үнэт цаас, зээлийг гадаад зах зээл, банкуудаас зээлж, татан төвлөрүүлсэн эх үүсвэрээр төсвийн болон төсвөөс гадуур буцаан төлөх чадваргүй төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлж, төсөв болон эдийн засагт дарамт учруулсантай холбоотой. 

Засгийн газраас төсөв, төрийн сангийн мөнгөн хөрөнгийн зүй зохистой удирдлагыг хэрэгжүүлж, өр төлбөрийн эдийн засаг, төсөвт үзүүлэх дарамтыг бууруулах бодлого баримталсны үр дүнд 2016 оны жилийн эцсийн байдлаар 22.3 их наяд төгрөг, өнөөгийн үнэ цэнээр ДНБ-ий 78.8 хувьд хүрээд байсан Засгийн газрын өрийн хэмжээг 2017 онд өнөөгийн үнэ цэнээр ДНБ-ий 74.4 хувь, 2018 онд 58.9 хувь, 2019 оны урьдчилсан гүйцэтгэлээр 57.0 хувь болгон тус тус бууруулаад байна.