Б.Жавхлан: Бондоос үүсэж болзошгүй алдагдлыг Засгийн газар хариуцна гээд заачихсан нь хамгийн том эрсдэл юм
Эдийн засгийн болон Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо, УИХ-ын чуулганаар Иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэн дэмжсэн билээ.
Салхитын мөнгөний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах замаар тэтгэврийн зээлийг тэглэх асуудлыг шийдэх агуулга бүхий хуулийн төслийн талаар УИХ-ын гишүүд Б.Жавхлангаас зарим зүйлийг тодрууллаа.
-Байнгын хорооны хуралдааны үеэр Салхитын мөнгөний ордоос яаж бонд босгох вэ гэдэг асуултыг та тавьж байсан. Энэ талаар тодруулахгүй?
-Энэ асуудлыг тойроод эргэлзээ дагуулсан олон зүйл гарч ирж байна. Байгалийн баялгийг иргэдэд хүртээнэ гэдэг зарчмыг буруутгах аргагүй. Гэхдээ үүнийг гүйцэлдүүлэхдээ хамгийн зөв аргыг сонгох ёстой.
Нөгөө талаар нэг асуудлаа шийдэхийн тулд эдийн засгаа шоконд оруулахгүй байх ёстой. Бидний сонгосон алхам эдийн засагт сөрөг үр дагавар авчирч болзошгүй байна.
Салхитын мөнгөний ордын лецинзийг эзэмшиж байгаа “Эрдэнэс силвер ресурс” компани нь хөрвөх чадвартай, хөрөнгө оруулагчдын сонирхлыг татахуйц бонд гаргаад тэр нь хөрөнгийн зах зээл дээр чөлөөтэй арилжаалагдаж, босгосон мөнгийг нь төр юунд зарцуулахаа шийддэг байж болно. Гэтэл гаргах гэж байгаа бонд нь зургаан хувийн хүүтэй, ямар нэг хөрвөх чадваргүй. Ийм бонд гаргахаар эцсийн худалдан авагч нь төв банкнаас өөр байхгүй болчихоод байна.
Төв банк энд оролцоод эхэлбэл хууль зөрчинө. Гэх мэтчилэн сөрөг үр дагаврууд байна. Төв банк мөнгөний нийлүүлэлтээр үүнийг худалдаад авлаа гэхэд инфляц дээр зохих хэмжээний дарамт ирнэ. Тиймээс энэхүү халамжийн хуулийг олон талаас нь харж, чамбай гаргах хэрэгтэй.
Халамжийн бодлого хэрэгжүүлэх маш олон хувилбар бидэнд байгаа шүү дээ. Хөрөнгө босгох боломж Засгийн газарт байгаа юм бол тэтгэврийн реформ хийхдээ зарцуулж яагаад болохгүй гэж. Тэтгэврийн зөрүүг арилгаснаар иргэдийн зээл төлөх чадвар нь нэмэгдэнэ.
Төр халамжийн бодлого барихдаа зарлага тал дээр нь биш орлого бий болгоход нь анхаардаг байвал илүү үр өгөөжтэй юм.
-Цаашдаа тэтгэврийн зээлгүй болно гэж байна. Мөн ахмадууд урьдчилаад тэтгэврээ авсан тохиолдолд банкуудад дарамт учруулна гэж байгаа?
-Тэтгэвэр авагчдын гол орлогыг өөр зүйл рүү зарцуулдаг эрсдэл сүүлийн 10 гаруй жилд бий болчихоод байгаа. Үүнийг зориулалт руу нь чиглүүлнэ гэдэг нь тэтгэврийн зээлийг тэглэсний дараа үүсэх сөрөг үр дагаврыг зөөлрүүлэх зөв арга хэмжээ гэж харж байгаа.
-Хуулийн төсөлд Хөгжлийн банк эрсдлийг нь үүрнэ гэдэг зүйл тусгасан. Гэтэл Хөгжлийн банк нь өөрөө алдагдалтай ажиллаж байна?
-Эргээд л өргөн барьсан хуулийн асуудал болчихоод байна л даа. Хуульд төв банк бондоор худалдаж авна гээд заачихсан байгаа. Төв банкан дээр бондоос үүсэж болзошгүй эрсдэл, алдагдлыг Засгийн газар хариуцна гээд заачихсан. Засгийн газар төсвөөрөө хариуцна. Төсөв гэдэг нь татвар төлөгчдийн хөрөнгө шүү дээ. Хамгийн том эрсдэл нь энэ юм.
Хуулиараа Хөгжлийн банк нь экспорт, импортыг дэмжсэн урт хугацаанд үр өгөөжөө өгөх, хөгжлийн чиг баримжаатай бизнесийн төслүүдийг санхүүжүүлэх, баталгаа гаргах заалттай институт шүү дээ. Гэтэл Засгийн газар нийгмийн халамжийн чиглэлийн үйл ажиллагаанд баталгаа гаргана гэдэг нь бас л хууль зөрчих үйлдэл.
Тэгэхээр аль болох Хөгжлийн банк, төв банк хоёрыг оролцуулахгүйгээр зах зээлд хөрвөх чадвартай бондыг төрийн компани гаргаад, түүгээр босгосон хөрөнгийг хэрхэн зарцуулахаа төр нь мэдээд явбал хуулийн зөрчил үүсэхгүй.
-Энэ асуудлыг нэг мөсөн төсөвт оруулъя гэдэг саналыг зарим гишүүд хэлж байсан. Та үүнд ямар байр суурьтай байна вэ?
-Би үүнтэй санал нийлж байгаа. Төсвөөс гадуурх эдийн засаг үүсчихвэл хяналтгүй болно. Энэ дарамтууд нь төв банкан дээр ирдэг. Төв банк нь мөнгөний бодлогын хүрээнд мөнгө хэвлэх онцгой эрхтэй. Түүгээр нь улс төрийн дарамт үүсгээд эхэлбэл хязгаарлаж чадахгүй хүнд байдалд орно.
Харин үүний оронд төсвөөс баталгаа гаргадаг эсвэл төсөвтөө суулгаад явбал хаа нэг газраа очоод төсвийн хязгаарлалтад орж зөв харьцаагаа барих ёстой. Гэтэл төсвөөс гадуур том мөнгө үүсээд эхлэхээр хяналтаа алдах эрсдэлтэй.