С.Эрдэнэ: Ерөнхий сайд янз бүрийн шалтаг хэлээд ерөнхийлөгчийн санаачилгыг хэрэгжүүлэхгүй байх магадлалтай
2020.01.06

С.Эрдэнэ: Ерөнхий сайд янз бүрийн шалтаг хэлээд ерөнхийлөгчийн санаачилгыг хэрэгжүүлэхгүй байх магадлалтай

Тэтгэврийн зээлийг нэг удаа тэглэх асуудлаар Ерөнхийлөгчийн мэдэгдэлтэй холбоотойгоор хэвлэлд байр сууриа илэрхийллээ.

-Ахмадуудын тэтгэврийн зээлийг тэглэх асуудалд та ямар байр суурьтай байна вэ?

-Ямар тооцоо судалгаан дээр суурилж тэтгэврийн зээлийг тэглэнэ гэж ярьсан бэ. 2020 оны улсын төсвийг батлахад тэтгэврийн зээлийг тэглэнэ гэж яригдаагүй. Ерөнхийлөгчийн тухайд АН-аас өгсөн үүрэг даалгаврыг хэрэгжүүлж байгаа юм шиг харагдаж байна. Гэвч ҮАБЗ зөвхөн Ерөнхийлөгч биш шүү дээ. 700 гаруй тэрбум төгрөг арилжааны банкуудад байгаа. Арилжааны банкуудад баахан мөнгө өгөх нь. Эх үүсвэрээ яаж тооцсон нь тодорхойгүй. Гэхдээ тэтгэвэр авагчдын хувьд сайхан мэдээ. Хамгийн гол нь баахан шалтаг хэлж худлаа болгочих вий дээ.

-Салхитын мөнгөний ордын олборлолтын талаар судалгаа бий юу?

-Салхитын мөнгөний орд гадны хөрөнгө оруулагчтай. Энэ ордын олборлолт, борлуулалт ямар байх вэ. Нарийн тооцоо, судалгаа мэдэхгүй байна. Мэдээж Монгол Улсын Ерөнхийлөгч УИХ-ын дарга, Ерөнхий сайдтай ярилцсан байх. Гэтэл ямар ч тооцоо, судалгаагүй зөвшөөрсөн. Дөрвөн жилийн улсын батлагдсан төсвийн нийт алдагдал есөн их наяд төгрөг болсон байгаа. Ерөнхийлөгч төсөв дээр оролцох эрх байхгүй. Энэ ажлыг цэвэр хийх хүн Ерөнхий сайд. Ерөнхий сайд нь өөрөө Ерөнхийлөгчид ямар мэдээлэл өгснийг мэдэхгүй байна.

-АН энэ асуудалд сөрөг байр суурьтай байна уу?

-Бодит зүйлийг ярих хэрэгтэй. Ард түмэнд таалагдах гэж худлаа шоудаж болохгүй. УИХ-ын гишүүд ард түмний төлөөлөл байдаг. 76 гишүүн бүгд улс эх орны эрх ашгийн төлөө явах ёстой. Түүнээс биш хүнд таалагдахын тулд худлаа ярьж болохгүй. Ерөнхий сайд ямар тооцоо хийснийг мэдэхгүй. Ерөнхийлөгчид яаж ойлгуулсан юм. Ерөнхийлөгч бол УИХ-ын дарга, Ерөнхий сайд хоёрт итгэнэ. ҮАБЗ-ийн энэ гурван хүн дотор эдийн засгийн бодлогыг голлон барих хүн нь Ерөнхий сайд.

-Өмнө нь тэтгэврийн зээлийг тэглэх асуудлаар ярилцаж байсан уу?

-Тэтгэврийн зээлийг тэглэх асуудал өмнө нь хэзээ ч яригдаж байгаагүй. Харин тэтгэврийн зээлийн хүүг бууруулах асуудал яригдана. Нэг удаадаа тэтгэврийн зээл тэглэх юм уу, тэтгэврийн зээл авалгүй амьдралаа болгоод байсан хүмүүс хохирох уу. Ирээдүйд тэтгэвэрт гарах хүмүүсийн тэтгэврийн даатгалын жил 25 жил  хоосон байгаа. Нэрийн дансны бичилтээр л явж байна. Улс төрд зориулсан шийдвэр гаргаж байхын оронд ирээдүйд чиглэсэн ажлаа хийх хэрэгтэй. Тэтгэврийн даатгалын санд төр 14 их наяд төгрөгийн өртэй. Ерөнхийлөгч мэдэгдэл хийсэн боловч хариуцлагыг нь хүлээх хүмүүс УИХ-ын дарга, Ерөнхий сайд хоёр.