С.Эрдэнэ: Ардчилал өөрөө их эмзэг шүү дээ. Байнга тордож, хамгаалж байхгүй бол болохгүй
Ардчилсан намын дарга С.Эрдэнэтэй ярилцлаа.
-Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойн хүрээнд ямар ажлууд хийгдсэн бэ?
-Ардчилсан хувьсгалын хүрээнд олон ажлууд хийгдээд явж байна. Тухайлбал, өнгөрсөн жилээс эхлээд Ардчилсан нам олон арга хэмжээг зохион байгуулсан. Хамгийн гол нь ардчилсан хувьсгалын түүхийг бодит болгох зорилгоор баримтат кино, ном, уран сайхны киног бүтээсэн. Зорилтот ажлууд маань амжилттай явж байна. Ер нь ардчиллын түүхээр ном бүтээж байсан тохиолдол бараг байдаггүй юм байна лээ.
Хувь хүмүүсийн ардчиллын тухай бичсэн ном, бичвэр байдаг боловч албан ёсны нотолгоо, баримтад тулгуурласан түүхийн ном өмнө нь бичигдээгүй байлаа. Ардчилсан хувьсгалын тухай таван боть ном саяхан гарсан. Түүнчлэн гурван бүлэг баримтат кино хийлээ. Ирэх онд уран сайхны кино гаргахаар төлөвлөж байна. Энэ мэтчилэн ажлууд хийгдээд явна. Мөн Монгол Улсын бүх аймаг, Нийслэлийн дүүргүүдэд урлаг, соёл, спортын төрөл бүрийн арга хэмжээг зохион байгуулж, эсээ бичлэгийн уралдаан болон маш олон сургалтыг явууллаа. 30 жилийн ойгоор олон ажлуудыг өргөн хүрээнд хийж байна.
Устаж, алга болохдоо амархан ч буцаагаад бий болгоход хамгийн хэцүү зүйл нь ардчилал
-Ардчилсан намын дүгнэлт, тайлан ямар байгаа вэ?
-Алдаа, оноогоо цэгнэсэн илтгэлийг баярын хурлын үеэр танилцуулсан. Хурлын үеэр ирээдүйн 30 жилийг тодорхойлж, залуучууд маань өөрсдийнхөө байр суурийг илэрхийлсэн байгаа. Ардчиллын 30 жилийг товчхон дүгнэхэд нийгэм, эдийн засгийн хувьд бүхэл бүтэн хувьсгалыг хийж чадсан байна. Ардчилал, зах зээл гэдэг зүйл эргэлт буцалтгүй бий болсон байгааг энэхүү 30 жилийн өндөрлөгөөс харж болохоор байгаа. Ардчилал өөрөө их эмзэг шүү дээ. Байнга тордож, өөд нь татаж, хамгаалж байхгүй бол болохгүй. Хүний эрх, эрх чөлөө, зах зээл гэдэг зүйл маань ялгаагүй эмзэг байдаг. Устаж, алга болохдоо амархан. Буцаагаад бий болгоход хамгийн хэцүү зүйл бол хүний эрх, эрх чөлөө, ардчилал, зах зээлийн тогтолцоо байдаг юм.
-Ирэх оны сонгуульд Ардчилсан нам ямар бодлого баримталж оролцох бол. Мөрийн хөтөлбөр боловсруулах ажил эхэлсэн үү?
- Бид сонгуулийн мөрийн хөтөлбөрөө боловсруулаад эхэлчихсэн байгаа. Он гараад хуулийн хугацаандаа багтаан мөрийн хөтөлбөрөө дэвшүүлэх болно. Сонгуулийн дөрвөн жилд хийх ажлаас гадна дараагийн 30 жил буюу ардчиллын 30 жилийг илүү өөдрөгөөр харж байгаа. 2050 он гэхэд Монгол Улс хөгжлийн ямар түвшинд хүрэх вэ, бид ямар ирээдүйг бүтээж чадах юм бэ гэдэгт гол анхаарлаа хандуулж байна.
Одоогийн эрх баригчид тун хангалтгүй ажилласан
-Сонгуулийн 50+26 тогтолцооны талаар ямар байр суурьтай байна. Зарим гишүүд энэ тогтолцоо Үндсэн Хууль зөрчсөн гэж яриад байгаа шүү дээ?
-Энэ жилийн сонгуулийн хүрээнд 50+26 тогтолцооны хэлбэр яригдаж байна. Гэхдээ Үндсэн хуулинд нийцсэн байдлаар сонгуулийн хуулиа батлах ёстой. Үгүй бол дахиад л будлиан гарна шүү дээ. Үүнээс болоод түүхийн нэг хар хуудас болж үлдэх вий дээ. Тиймээс ирэх оны Сонгуулийн тухай хуулиа маш сайн бөгөөд болгоомжтой боловсруулах шаардлагатай юм. Үндсэн хууль зөрчсөн байдлаар хууль батлах ёсгүй.
-Төр барьж буй МАН, Засгийн газар болон эрх баригчдын үйл ажиллагаанд АН ямар дүгнэлт өгч байгаа вэ?
-Үнэлэлт, дүгнэлтийг би биш ард түмэн өгнө. Гэхдээ сөрөг хүчний намын даргын хувьд хэлэхэд одоогийн эрх баригчид тун хангалтгүй ажилласан.