Хан-Уул дүүргийн 12 дугаар хороонд 50 ортой хүүхдийн эмнэлэг нээгдлээ
2019.11.22

Хан-Уул дүүргийн 12 дугаар хороонд 50 ортой хүүхдийн эмнэлэг нээгдлээ

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр болох Биокомбинатад хүүхдийн 50 ортой, гурван давхар эмнэлгийн барилга ашиглалтад орлоо.

БНХАУ-ын “Энхтайван хөгжлийн сан”-гийн дэмжлэгтэйгээр баригдсан тус эмнэлэг нь дотор, мэдрэл, шүдний кабинет, ЭХО болон ЭКГ оношилгоо, яаралтай түргэн тусламж, эрчимт эмчилгээ зэрэг хүүхдийн нарийн мэргэжлийн тусламж, үйлчилгээнээс гадна ахмад настанд зориулсан дотор, мэдрэл, сэргээн засах уламжлалт эмчилгээний чиглэлээр амбулаторийн болон хэвтүүлэн эмчлэх тусламж, үйлчилгээг үзүүлэх юм.

Нийт 500 мянган ам.долларын буцалтгүй тусламжаар хоёр сарын дотор барьж байгуулсан эмнэлгийн үйл ажиллагаанд зориулж 150 мянган ам.долларын өртөг бүхий сүүлийн үеийн дэвшилтэт тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг суурилуулж өгсөн байна.

ХУД-ийн 12 дугаар хороонд сүүлийн 40 жилийн хугацаанд томоохон бүтээн байгуулалт хийгдээгүй бөгөөд ганцхан Өрхийн эрүүл мэндийн төвтэй аж. Харин уг эмнэлэг ашиглалтад орсноор хотоос 20 гаруй километрийн зайтай алслагдсан хороодын 0-16 насны 1766 хүүхэд, иргэд эмнэлгийн тусламж, үйлчилгээг цаг алдалгүй, түргэн шуурхай авах бүрэн боломжтой болж байна.

Ирэх 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс үйл ажиллагаагаа албан ёсоор эхлүүлэх тус эмнэлэгт ХУД-ийн амбулаторийн хүүхдийн нарийн мэргэжлийн эмч, сувилагч нар ажиллах юм.