Л.Болд гишүүний тойргоос...
УИХ-ын гишүүн Л.Болд өнгөрөгч долоо хоногт өөрийн сонгогдсон тойрог буюу УИХ-ын 57 дугаар тойргийн иргэд, сонгогч олонтой цуврал уулзалт хийлээ. Тодруулбал, УИХ-ын 57 дугаар тойрогт Яармаг бүсийн IV, V, VI, VII, VIII хороо хамрагддаг бөгөөд эндээс Л.Болд гишүүн хэдэнтээ парламентад сонгогдоод байгаа юм.
Тэрээр хавар, намрын чуулганы завсарлагаар тойрогтоо уулзалт хийж, сонгогчиддоо тайлан тавихын зэрэгцээ улс орны болоод иргэдийн ахуй амьдралын талаархи олон асуудлаар харилцан ярилцаж, иргэдтэй нүүр тулсан уулзалт хийдгээрээ онцлог аж. Тухайлбал энэ удаагийн уулзалтуудаар УИХ-ын гишүүний үйл ажиллагаа, тайлан, ҮХНӨ-ийн асуудал, 2019 оны улс, нийслэл, дүүргийн төсвөөс Яармаг бүсэд хийж буй бүтээн байгуулалтын явцын тайлан, Яармаг бүсэд холбогдох 2020 оны төсөвт тусгасан саналууд, үүн дээр нэмж тусгах иргэдийн саналыг авах зэрэг асуудлуудаар голчлон ярилцаж, иргэдийнхээ санал хүсэлтийг тэмдэглэж авч байв.
Уулзалтын үеэр Хан-Уул дүүргийн цагдаагийн II хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа н.Батбаяр “Бидний тавьсан хүсэлтийн дагуу Яармагийн хороодын нутаг дэвсгэрийг бүрэн камержуулж өгсөн. Гэмт хэргүүд буурсан, үүн дотроо хулгайн гэмт хэргүүд, гудамж талбайд гардаг хэргүүд өнгөрөгч оныхтой харьцуулахад харьцангуй буурсан нааштай үзүүлэлт гарч байгаад их баяртай байна. Мөн ирэх оны төсөвт хөрөнгө мөнгө тусгаж өгч манай цагдаагийн хэлтсийн парк шинэчлэлтийг хийж байгаа зэрэг ажлуудад манай хамт олон их талархалтай байна”, 71 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч н.Эрдэнэчимэг “Өнөөдөр маш их баяртай мэдээг Л.Болд гишүүн дуулгалаа. 71 дүгээр цэцэрлэг 1979 онд байгуулагдсан, эдүгээ 40 жилийн ойд нь манай цэцэрлэгийн 150 ортой өргөтгөлийн барилгын 1 тэрбум 800 сая төгрөгийг төсөвт суулгаж өгсөнд эцэг эхчүүд, багш ажилтнуудынхаа өмнөөс талархаж байгаагаа илэрхийлье” гэх зэргээр Яармаг бүсийн цагдаа, эмнэлэг, цэцэрлэг, сургуулийн төлөөллүүд гишүүндээ талархлын үгээ дайж байв.
Үүний зэрэгцээ иргэд ҮХНӨ-ийн асуудалд Ардчилсан намын зүгээс санал болгосон “Ерөнхийлөгчийг УИХ дотроос сонгох”, “УИХ-ын гишүүдийг пропорциональ тогтолцоогоор буюу жагсаалтаар сонгох” хоёр саналыг огтхон ч дэмжихгүй гэдгээ илэрхийлж, 100 хувь эсрэг саналтай байгаагаа гишүүндээ хэлэв. Харин Ерөнхий сайд танхимынхаа сайд нарыг өөрөө томилдог тогтолцоонд шилжих саналд дэмжсэн саналтай иргэд дийлэнхи байсан юм.
Иргэд ахуй амьдрал, гудамж хашаанд нь тулгараад байгаа асуудлуудаа жижиг гэлтгүй гишүүндээ уламжилж байв. Учир нь Л.Болд гишүүн иргэдийнхээ санал хүсэлтийг том, жижиг гэлтгүй боломж бололцоогоороо бүгдийг нь шийдэж өгөхийг хичээж ажилладаг гэдгийг иргэд дурдаж, шинэ санал хүсэлтүүд хэлэхийн зэрэгцээ өмнөх санал хүсэлтүүдийг нь биелүүлж өгсөнд талархлаа илэрхийлж байв.
Ялангуяа уулзалтуудын уур амьсгал, иргэдийн хэлсэн үгнээс ажиглавал Л.Болд гишүүн тойргийнхоо хүүхэд, залуусын эрүүл мэнд, спорт, боловсролын асуудалд, ялангуяа төгсөх ангийн хүүхдүүдэд онцгой анхаарал тавьдаг болох нь илт аж. Багш нар энэ сэдвээр ярихдаа “Л.Болд гишүүний тогтмол зохион байгуулдаг төгсөх ангийн сурагчдад зориулж математик, англи хэлний ЭЕШ-д бэлдэх сургалтууд маш үр дүнтэй байдаг, сүүлийн жилүүдэд Яармаг бүсийн сургуулиудын төгсөгчдийн ЭЕШ-д үзүүлж буй амжилт тогтмол өсч байгаа нь үүнтэй холбоотой” хэмээн ярьж байлаа.
Их хурлын гишүүн уулзалтуудынхаа завсар зайгаар нь тойрогтоо улс, нийслэл, дүүргийн төсвөөр босч буй бүтээн байгуулалтууд болох сургууль, цэцэрлэгийн барилгын ажлын явцтай танилцаж байв. Мөн Яармагт үйл ажиллагаа явуулж буй жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид, хувиараа аж ахуй эрхлэгчдийн үйлдвэрлэлтэй танилцаж байлаа.
2020 оны төсөвт Яармаг бүсэд барьж байгуулах бүтээн байгуулалтын төсвийн саналаас...
- 12 дугаар цэцэрлэгийн өргөтгөлийн барилгын гадна инженерийн шугам, сүлжээ, дэд өртөө, зам талбайн тохижилтын ажлын зардал 426 сая 4
- Цэцэрлэгийн өргөтгөлийн барилга /Улаанбаатар, Хан-Уул дүүрэг, 189 дүгээр цэцэрлэг/ 900 сая 6
- 118 дугаар сургуулийн өргөтгөл 1 тэрбум 8
- 189 дүгээр цэцэрлэгийн өргөтгөлийн барилгыг хүзүүвчээр холбох 350 сая 6
- 71 дүгээр цэцэрлэгийн 150 ортой өргөтгөлийн барилга 1 тэрбум 800 сая 5
- 4, 5, 6, 7, 8 дугаар хорооны айл өрхүүдийн амины орон сууцны гадна фасадын дулаалга 1 тэрбум 500 сая
- Гэр хорооллын 50 гудамж тохижуулж, явган зам тавих 1 тэрбум 500 сая
- ‘’Дээд Бодь’’ хийдийн барилгын гадна дулааны шугам, халаалтын цогц төхөөрөмж угсрах 4 дүгээр хороо 101 сая
- Хан-Уул дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн парк шинэчлэл 137 сая
- 60 дугаар сургуулийн дээвэр, цахилгааны засвар 300 сая