Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Беларусь Улсын Засгийн газар хоорондын ерөнхий хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг дэмжлээ
2019.09.12

Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Беларусь Улсын Засгийн газар хоорондын ерөнхий хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг дэмжлээ

Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн  (2019.09.12) хуралдаан 13  цаг 10 минутад гишүүдийн 52,6 хувийн ирцтэй эхэлж, есөн асуудал хэлэлцэн шийдвэрлэв.

Засгийн газраас  2019 оны 06 дугаар сарын 14-ний өдөр өргөн мэдүүлсэн Экспортын зээлийн тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Беларусь Улсын Засгийн газар хоорондын ерөнхий хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг  хэлэлцсэн. 

Энэ талаар Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцуулав. Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Беларусь Улсын Засгийн газар хооронд  50 сая еврогийн "Зээлийн  ерөнхий хэлэлцээр”-ийг 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр гарын үсэг зурж байгуулаад байна. Энэхүү зээлийн ерөнхий нөхцөл нь  эргэн төлөгдөх хугацаа 7 жил, үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа 2 жил байна.  Олон улсын валютын сангийн аргачлалаар энэхүү зээлийн хөнгөлөлтийн түвшин 17.42 хувь байгаа бөгөөд Монгол Улсын Өрийн удирдпагын тухай хуулиар хөнгөлөлттэй зээлийн ангилалд хамаарч байна. Экспортын зээлийн ерөнхий хэлэлцээрийн хүрээнд хэрэгжүүлэх төслүүдийг хоёр улсын Засгийн газар цаашид тохиролцох бөгөөд эхний ээлжинд Онцгой байдлын ерөнхий газарт гал унтраах машин, тоног, төхөөрөмжийг нийлүүлэхээр төлөвлөж байна гэж Сангийн сайд танилцуулгадаа дурдсан. 

Хуулийн төслийг хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ зээлийн ерөнхий хэлэлцээрийн хүрээнд Батлан хамгаалах салбарт хөрөнгө оруулалт хийх шийдвэрт өөрчлөлт орсон эсэх талаар, Улсын Их Хурлын гишүүн Ж.Энхбаяр зээлийн ерөнхий хэлэлцээрийн хүрээнд Улаанбаатар хотын барилга, орон сууцны лифт, лифтний тоног төхөөрөмжийг  шинэчлэх болон сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх төсөлд зарцуулах эсэх талаар асууж, хариулт авсан.     

Ингээд Экспортын зээлийн тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Беларусь Улсын Засгийн газар хоорондын ерөнхий хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг соёрхон батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 60 хувь нь дэмжлээ. Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.