С.Эрдэнэ: Ард нийтийн санал асуулга явуулахгүй бол улс төрийн тэмцэл өрнүүлнэ
2019.08.07

С.Эрдэнэ: Ард нийтийн санал асуулга явуулахгүй бол улс төрийн тэмцэл өрнүүлнэ

Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хэлэлцүүлэгт АН-ын гишүүд оролцохгүй гэдгээ илэрхийлж эсэргүүцэл үзүүлсэн. Тэд ирэх долоо хоногт эхлэх хоёр дахь хэлэлцүүлэгт ч оролцох эсэх нь тодорхойгүй байгаа юм. Энэ талаар АН-ын дарга С.Эрдэнэтэй уулзаж, Үндсэн хуулийн өөрчлөлтийн талаар болон баруун аймагт ажиллаад ирсэн тухай ярилцлаа.

-Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийн хэлэлцүүлэг ямар байдлаар явагдаж байна гэж та харж байна вэ? 

-Хэлэлцүүлэг хийж байна гэж байгаа боловч шаардлага хангахгүй байна. Ажлын хэсэг гэж нэрлээд байгаа хэсэг бүлэг хүмүүсийн хэмжээнд явагдаж байгаа болохоос яг ард иргэдийг хамарсан, өргөн хүрээнд байж чадахгүй байна. Иргэдэд хэлэлцүүлэг хийж байгаа гэсэн мессежийг л өгч байна. Түүнээс биш хэлэлцүүлгийг хуулиар тавигдсан шаардлагын хүрээнд хий.

-Танай намын удирдлагууд баруун аймагт ажиллаад ирсэн. Иргэд үндсэн хуулийн өөрчлөлтийн талаар ямар байр суурь, мэдээлэлтэй байна вэ?

-Алслагдсан аймгийн иргэдэд Үндсэн хуулийн өөрчлөлтийн талаарх мэдээлэл маш хомс байна. Үндсэн хуульд ямар өөрчлөлт орж, иргэдэд яаж нөлөөлөх вэ гэдэг ойлголт алга. Үндсэн хуулийн хэлэлцүүлэг иргэдэд хүрч чадахгүй байгаа нь сая хийсэн уулзалтуудаар тодорхой харагдаж байсан. УИХ-ын гишүүд ч хуулийн төслийнхөө талаар мэдээлэл өгч чадаагүй байх. Зарим УИХ-ын гишүүн тухайн сум багийн иргэдийг цуглуулж 20 мянган төгрөг тараачхаад “Үндсэн хуулийн хэлэлцүүлэг хийлээ шүү” гэсэн тохиолдол ч байна

-Тухайлбал хаана, ямар гишүүн гэдгийг нэрлэж болох уу?

-Баян-Өлгий аймагт УИХ-ын гишүүн нь иргэдийг цуглуулж 20, 20 мянган төгрөг тараагаад “Та нарт үндсэн хуулийн төсөл танилцуулж, хэлэлцүүлэг хийлээ шүү” гэж хэлчихээд явсан байх жишээний. Ийм байдлаар Үндсэн хууль гэх хамгийн чухал баримт бичигт хариуцлагагүй хандаж байгаа учраас УИХ-ын 62 гишүүний өргөн барьсан өөрчлөлтөд манай нам оролцох боломжгүй гэж үзээд байгаа юм.

УИХ-ын 62 гишүүний өргөн барьсан үндсэн хуулийн өөрчлөлтийн үйл ажиллагаа хууль зөрчсөн байдалтай явагдаж байгаа учраас аН оролцохгүй гэсэн байр суурьтай байна. Мөн манай намаас үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хэлэлцүүлгийн ажлын хэсгийн ахлагч Ө.Энхтүвшинд хандаж тодорхой саналууд тавьсан. Түүнийг хүлээж авна гэвэл орж ажиллах боломжтой.

-Ямар санал? 

-УИХ дахь АН-ын зөвлөл өнгөрсөн долоо хоногт үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт хийж болох дөрвөн заалт бүхий саналаа хүргүүлсэн. Түүнд нэгдүгээрт нь Ерөнхийлөгчийг уих-аас сонгох, төрийн эдийн засаг, санхүү, төсвийн сахилга бат хариуцлагыг тодорхой болгох, орон нутгийн эдийн засгийн биеэ даасан байдлыг хангах, Засгийн газрын өрийн дээд хэмжээг тогтоох, УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах асуудлыг тусгах зэрэг санал бий. Мөн үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг ард нийтийн санал асуулгаар батлах ёстой гэсэн тодорхой шаардлага тавьсан.

-АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат, та хоёрыг ажлын хэсгийн бүрэлдэхүүнд оруулсан. та хоёр ажлын хэсгийн хуралдаанд оролцож намынхаа дээрх саналыг тусгахыг шаардах ёстой юм биш үү? 

-Манай намын зүгээс саналаа тавьсан, хүлээж авбал оролцоно гэдгээ илэрхийлсэн. одоогоор албан ёсны хариу ирээгүй байна.

-Ерөнхийлөгчийн зүгээс үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах саналаа танилцуулсан. танай нам үүнд ямар байр суурьтай байгаа вэ?

-Ерөнхийлөгчийн өргөн барьсан саналыг заалт бүрээр нь судлахаар манай намын ажлын хэсэг ажиллаж байна. ажлын хэсгийн дүгнэлт гарахаар зөвхөн Ерөнхийлөгчийн гаргасан саналууд дээр албан ёсны байр сууриа тодорхой илэрхийлнэ. харин уих-ын 62 гишүүний өргөн барьсан саналаар ярилцах шаардлагагүй гэж үзсэн.

-Яагаад, танай намыг иргэдийн дуу хоолой болж ажиллаарай, олонх буруу зүйл хийж байгаа бол таслан зогсоо гэж ард түмэн сөрөг хүчин болгосон биз дээ? 

-Үндсэн хууль бол үндэсний аюулгүй байдлын баталгаа болсон баримт бичиг. Түүнийг хэсэг хүмүүс хоорондоо ярьж шийдээд өөрчилчихөж болохгүй. Тэр тусмаа өнөөдөр парламентад байгаа энэ ёс зүйгүй хүмүүс хүч түрээд шийдэж бүр болохгүй. Нийт УИХ-ын гишүүдийнх нь олонх нь буюу 49 гишүүн гэмт хэрэгт холбогдчихсон, эрх баригч нам үндсэн хуульд “гар хүрэх” эрх байхгүй.

Эрх баригчид үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийг ч зөрччихсөн шүү дээ. Ийм эрх зүйн чадамжгүй хүмүүс үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлыг босгоод, хүч түрээд явж байгаа нь ч ёс зүйн хувьд байж боломгүй. Мөн ард нийтийн санал асуулгыг хийхгүйгээр үндсэн хуулийн өөрчлөлтийг батлах магадлал өндөр байгаа учраас манай нам ажлын хэсэгт ч, хэлэлцүүлгийн үйл ажиллагаанд ч оролцохгүй байгаа юм. Харин Ерөнхийлөгчийн саналтай холбоотойгоор бид уихын чуулганд оролцоно гэсэн байр сууринд байгаа. 

-Хэрвээ УИХ-ын 62 гишүүн, Ерөнхийлөгчтэй нийлээд үндсэн хуулиа өөрчлөөд баталчихвал та нар яах вэ. ийм нөхцөл байдал бараг тодорхой юм биш үү? 

-Бидний саналыг хүлээж авахгүй, ард нийтийн санал асуулга хийхгүйгээр, хүч түрсэн байдлаар үндсэн хуульд халдсаар байвал бид улс төрийн тэмцлийн дараагийн хэлбэрт шилжинэ. Улс төрийн тэмцлийн хийж болох бүх хэлбэрийг ашиглах болно. 

-Тэмцэнэ гэснээс улс төрийн намуудын удирдлагууд үндсэн хуулийн өөрчлөлтийн талаар дуугарч эхэллээ. тэдний ярьж байгаа санал, байр суурийг та яаж дүгнэж байна вэ? 

-Улс төрийн намын дарга нар хоорондоо болон эрх баригчидтай янз бүрийн түвшинд уулзаж байгаа юм байна лээ. би ерөнхийдөө ажигласан байдалтай байгаа. Олон л санаа, байр суурь дуулдаж байна. Авах ч юм байна, улиг болсон хэрэггүй зүйл ч ярьж л байна. Гэхдээ шүүрээд авчихаар оновчтой санал бага, шүүмжлэл л их байна. улсын хөгжилд хэрэгтэй шинэ санаа, хуульд тусгахаар оновчтой байр суурь илэрхийлж чадахгүй юм байна гэж харж байна.

Нийтлэгч: П.Батбөх