2019.06.14
УИХ: Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хэлэлцүүлэг эхэллээ
Улсын Их хурлын чуулганы өнөөдрийн /2019.06.14/ нэгдсэн хуралдаан 10 цаг 45 минутад 58 хувийн ирцтэйгээр эхэллээ. УИХ-ын дарга Г.Занданшатар өнөөдөр хэлэлцэх асуудлыг танилцууллаа.
Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэнэ.
УИХ-аас Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ажлын багийг 2017 оны тавдугаар сарын 25-нд байгуулж, УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Д.Лүндээжанцан ахалсан.
Ажлын баг энэхүү өөрчлөлтийн хэрэгцээ, шаардлагын талаар олон нийт, улс төрийн нам, иргэний нийгмийн байгууллага, эрдэмтэн судлаачдыг оролцуулан үе шаттай хэлэлцүүлэг өрнүүлжээ. Ажлын баг хамгийн олон давтамжтай саналыг тусгаж, 20 зүйлд өөрчлөлт оруулж, 42 заалт бүхий Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн хуулийн төслийг боловсруулж, энэ сарын 6-ны УИХ-ын чуулганы хуралдааны үеэр, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг өргөн барьсан билээ.
Тус төслийг Парламентын ардчиллыг төлөвшүүлж, ард түмний засаглах эрхийг хангах, Гүйцэтгэх эрх мэдлийн хариуцлагыг нэмэгдүүлж, тогтвортой байдлыг хангах, Шүүх эрх мэдлийн хариуцлагыг дээшлүүлж, хараат бус байдлыг хангах болон Нутгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгох гэсэн дөрвөн чиглэлээр боловсруулсан байна.
Гишүүд хэлэлцэх асуудалтай холбогдуулан санал хэлж байна.