Н.Учрал: Мэдлэгийн эдийн засгийг бий болгох хамгийн том үндэс мэргэжлийн холбоо гэдгийг ойлгох ёстой
Мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг УИХ-д өргөн бариад байгаа юм. Уг хуулийг санаачлагч УИХ-ын гишүүн Н.Учралтай ярилцлаа.
-Хуулийн гол зорилго нь юу вэ. Мэргэжлийн холбоод хуультай болсноор ямар өгөөж, давуу тал үүсэх вэ?
-Энэ тэнд үйл ажиллагаа явуулж байгаа ТББ-ууд нэгдээд салбарынхаа яамтай харилцах, төрийн зарим чиг үүргийг хэрэгжүүлэх бололцоогоор хангая гэж үзсэн. Ер нь төр өөрөө бүх эрх мэдлийг атгаад суух нь буруу юм. Яагаад гэхээр, ялангуяа сонгуулиас сонгуулийн хооронд их улс төрждөг. Сонгууль боллоо гэж бодьё нэг улс төрийн намын харьяалалтай төрийн бус байгууллага зарим эрхүүдийг нь лоббидоод авчихдаг. Энэ байдлыг үгүй хийхгүй бол цаашид төрд шинэчлэх ухаанч бодлого хангагдана гэж байхгүй.
Тэгэхээр бид мэргэжлийн холбооны гишүүнчлэлийг хатуу тогтоож, эрх зүйн үндэс, шалгуур зэргийг тодорхой болгоё гэж үзсэн. Өөрөөр хэлбэл, салбар бүрт мэргэжлийн холбоо байгуулна. Жишээ нь, Хүнсчдийн холбоо л гэхэд нийслэлийн, орон нутгийн гэж байлаа гэхэд эдгээр холбоо нь нийлээд мэргэжлийн нэгдсэг холбоог байгуулаад, удирдлагаа сонгоод салбарынхаа сайдад бид мэргэжлийн холбоо мөн юм гэдгээ уламжлаад итгэмжлэлээ авна. Үүнийхээ Улсын бүртгэлийн газраас “МНХ” гэдэг статусаа авах юм.
Өнөөдөр манайд 27 мянган төрийн бус байгууллага бүртгэлтэй байгаагаас 8000 идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг.
Гэсэн ч мэргэжлийн холбооны дуу хоолой, чадавх хэтэрхий сул байна. Нэг чиглэлийн хэт олон байгууллага бий болсон. Төр болон мэргэжлийн холбоодын хамтарч ажиллах эрх зүйн орчин хангалтгүй.
Тиймээс нэг чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа мэргэжлийн холбоодыг нэгтгэх, төрийн бодлого, үйл ажиллагаанд мэргэжлийн дэмжлэгийг бий болгох шаардлагатай. Мэргэжлийн холбооны гишүүний эрх ашгийг хамгаалах, чиг үүрэг, зохион байгуулалт, шалгуур, хариуцлагыг тодорхой болгох хэрэгтэй.
Хуулийн хүрээнд Ерөнхий сайд шууд удирдлага дороо салбар бүрийн мэргэжлийн нэгдсэн холбоодын төлөөллийг оролцуулсан Үндэсний нэгдсэн зөвлөлтэй байж болно зэрэг зохицуулалтыг хийсэн
-Яамдын олгодог тусгай зөвшөөрлийг мэргэжлийн холбоодод өгөх тухай асуудал хуульд тусгасан байгаа юу?
–Тусгай зөвшөөрлийг ч гэсэн мэргэжлийн холбоодод өгч болно. УИХ дээр Зөвшөөрлийн тухай хуулийг хэлэлцэж байна. Энэ хуультай ч уялдах ёстой.
Өнөөдөр төрийн зарим байгууллагуудаас илүү сайн ажиллаж байгаа мэргэжлийн холбоод байгаа. Мэргэжлийн салбарыг мэргэжлийнх нь салбарт өгье. Монгол Улсад мэдлэгийн эдийн засгийг бий болгох хамгийн том үндэс суурь мэргэжлийн холбоо гэдгийг ойлгох ёстой. Үүний дараа аж үйлдвэржилтийг дэмжих, эх орондоо ажлын байртай орлоготой сайн сайхан бололцоог бүрдүүлэхийн тулд бусад хуулиудтай уялдуулах хэрэгтэй юм. Мэргэжлийн нэгдсэн холбоогоор дамжуулж тусгай зөвшөөрлийг олгох эрхийг өгье. Мөн судалгаа хийх эрхийг өгчихөөр төрийн бус байгууллагууд аяндаа байхгүй болно.
Цаашид төр чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд төрийн бус байгууллагатай гэрээ хийхгүй. Төрийн бус байгууллагууд сонирхлын бүлгээрээ л ажиллана. Ингэж зохицуулаад ирэхээр төрийн бус байгууллагууд үндсэн мэргэжлийн холбоондоо идэвхтэй оролцдог, санал санаачлага гаргадаг болно.
– Мэргэжлийн холбоод ямар эрхтэй, төртэй хэрхэн харилцах вэ?
-Гадны улс оронд мэргэжлийн холбоодын сайн жишгүүд бий. Тухайлбал, мэргэжлийн холбоод тусгай зөвшөөрөл олгох эрхтэй. Мөн судалгаа, төсөл хөтөлбөр, сургалт явуулж улстөрөөс ангид ажилладаг. Одоо бол манайд аль нэг намын төрийн бус байгууллага л гэж ярьдаг боллоо. Төр нэг л мэргэжлийн холбоотой харилцаж хамтарч ажиллана гэсэн үг.
Тиймээс нэг салбарт үйл ажиллагаа явуулж байгаа төрийн бус байгууллага, иргэд нэгдэж аль алиныхаа эрх ашгийг хамгаалж, экспертүүдээ оруулаад дундаа нэг л мэргэжлийн холбоо байгуулах юм.
Ингэж чадвал улстөржилт байхгүй болно. Сонгуулийн хооронд бодлогоо өөрчилдөг, олонх болсон намынх нь төрийн бус байгууллагууд төсөл хөтөлбөр дээр ажилладаг, судалгааг нь хийж төртэй гэрээлдэг байж болохгүй. Тэгэхгүйгээр нэг чиг үүрэг бүхий байгууллагууд ашиг сонирхлоороо нэгдчихвэл өөрчлөгдөнө.
-Тэгэхээр Төрийн бус байгууллагын тухай хууль хүчингүй болох уу?
-Төрийн бус байгууллагын хууль Үндсэн хууль зөрчсөн. Ашгийн төлөө бус хуулийн этгээд гэдэг өөр ойлголт. Төрийн бус байгууллага, мэргэжлийн нэгдсэн холбоо гэдэг өөр ойлголтууд. Мэргэжлийн холбооны эрх зүйн байдлын тухай хууль батлагдсанаар салбар бүрт шинэ санал санаачлага гардаг, эрүүлээр сэтгэдэг байдал бий болно.
Нэг хүний шүүгээнд зургаан төрийн бус байгууллагын гэрчилгээ, тамга байна гэж шүүмжилж байна. Тэгээд баахан бланктай бичиг яам руу явуулдаг, ажлыг минь дэмжээч гэдэг байж болохгүй.
Гэтэл үүний цаана дандаа мэргэжлийн хүмүүсээр багаа бүрдүүлсэн өндөр түвшинд ажилладаг салбарынхаа хөгжлийн бодлогыг боловсруулья гэж байгаа төрийн бус байгууллагууд байна. Гэтэл “би чадна” гэдэг шиг эхнэр, хүүхэд, дүүгийнхээ нэр дээр төрийн бус байгууллага бүртгүүлчихсэн. Сайн мэргэжлийн холбоодыг бий болгосон цагт Монголын төр эрүүл болж, мэдлэгийн эдийн засагтай болно.Төр хуулийнхаа хүрээнд нэг салбараас нэг л мэргэжлийн холбоотой харилцаад явах учраас сонгуулийн хооронд бодлого өөрчлөгддөг байдал үгүй болно.
-Хагас төрийн байгууллагын үүрэг гүйцэтгэнэ гэхээр санхүүжилт ямар байх вэ?
-Төсөл хөтөлбөр, судалгаагаар санхүүжинэ. Мэргэжлийн нэгдсэн холбоо орлого олж болно гэж хуулийн төсөлд тусгасан. Хуульчдын холбоо мэргэжлийн нэгдсэн холбоо байж болно. Хуульчдын сонгон шалгаруулалт явуулж, гэрчилгээ олгож байгаа ажлаа үргэлжлүүлж хийнэ. Барилгын хөгжлийн үндэсний ассиоцаци тусгай зөвшөөрөл олгодог ажлаа хийнэ. Энэ мэтээр өөрсдийгөө санхүүжүүлж, төрийн зарим чиг үүргийг хэрэгжүүлээд явна. Төртэй шууд гэрээлж ажиллах эрхтэй. Хамгийн гол нь салбарын эксперт болгоны эрх ашгийг тусгасан байх ёстой.
-Мэргэжлийн холбоог яаж итгэмжилж, баталгаажуулах вэ?
-Мэргэжлийн холбоо 30-аас дээш гишүүнтэй байна. Иргэн, компани, аж ахуйн нэгж байгууллага, төрийн бус байгууллага нэгдэж болно. Иргэн салбартаа таваас доошгүй жил ажилласан магистраас дээш зэрэгтэй. Төрийн бус байгууллага, компани нь таваас доошгүй жил тасралтгүй үйл ажиллагаа явуулсан, орон нутагт салбар зөвлөлтэй, үндэсний хэмжээнд үйл ажиллагаа явуулж төсөл хөтөлбөр хэрэгжүүлж байсан гээд тодорхой шалгууртай байна. Нэг мэргэжлийн холбоонд гурваас дээш төрийн бус байгууллага байх ёстой.
Жишээлбэл, Математик, Англи хэл, Ахмад, залуу багш нарын холбоо нэгдэж Монголын багш нарын мэргэжлийн нэгдсэн холбоо байгуулж болох юм. Ингэснээр салбарын яам багш нартай холбоотой асуудлыг нэг л холбоотой ярина.
-Хэвлэл мэдээллийн салбар ч мөн энэ зарчмаар явах уу. Нэг биш хоёр мэргэжлийн холбоотой байя гэсэн саналыг гаргаж байна?
–Сэтгүүлчдийн эвлэл байна уу, Нийслэлийн сэтгүүлчдийн холбоо байна уу хамаагүй. Сэтгүүлчдийн мэргэжлийн нэгдсэн холбоо гэсэн ганц л байгууллага байх ёстой.5-10 төрийн бус байгууллага дотооддоо хэрхэн ойлголцож нэгдэх вэ гэдэг өөрсдөө шийднэ. Сэтгүүлчдийн холбоо төсөл хөтөлбөр хэрэгжүүлье, судалгаа хийе гэвэл нэг л мэргэжлийн холбоотой төр харилцана.
-Хариуцлагын асуудлыг хэрхэн тусгасан бэ?
-Таван жилд тутамд итгэмжлэл сунгана. Хариуцлагагүй ажилласан бол итгэмжлэл сунгагдахгүй. Мөн тухайн мэргэжлийн холбоонд дахин итгэмжлэл олгохгүй.
Сэтгүүлч С.Дуламсүрэн