Л.Болд: Монголын дипломат албанд цус ойртолт бугшсан
2019.06.13

Л.Болд: Монголын дипломат албанд цус ойртолт бугшсан

Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН

УИХ-ын гишүүн Л.Болдтой ярилцлаа.


-Та гадаад хэргийн сайдаар ажиллаж байсан хүн. Одоо энэ салбарт яригдаж байгаа гол асуудал нь Монголын дипломатчийн цус ойртолт буюу удам дамжсан дипломатчдийн асуудал юм. Үр хүүхэд, хамаатан саднаа дипломат албанд томилуулдаг ийм нөхцөл байдал энэ албанд үүссэн нь үнэн үү?

-Үнэн байлгүй яахав. Гаднаас чадалтай, чадвартай залуучууд ирээд дипломат албанд оръё гэхээр хаалттай байна. Яагаад гэвэл дотроо бугшчихсан байдалтай нэлээдгүй удлаа. Энэ асуудлыг задлах гэж би олон ажлыг тухайн үедээ хийсэн. Гэхдээ ямар ч зүйл хийгээд бүтэлгүйтдэг юм билээ. Тухайлбал, би дипломатын академи гэж байгуулж байсан. Энэ академийг төгссөн хэлтэй, устай залуучууд дипломат албыг бэхжүүлж байх ёстой шүү дээ. Шинэ боловсон хүчнүүд дипломат албыг чадваржуулах шаардлагатай шүү дээ Гэтэл миний дараа томилогдсон сайд тэр академийг шууд хааж байсан. Дотроо бугшсан тэр системээсээ гарч ирсэн хүмүүс иймэрхүү өөрсдийнх нь эсрэг зүйлийг эсэргүүцсэн. Энэний үр дүн одоо гарч байна. Өөрсдөө яаж байна гэхээр тагнуулын байгууллагатай сүлбэлдээд боловсон хүчнийхээ бодлогыг бүрэн мэдэлд нь өгчихсөн. Ийм том аюул нүүрлээд байна. Үүнээс улбаалан Монголын гадаад харилцаа маш үр нөлөө, далайц муутай, ур чадвар нь сул болж байна. Тухайн үедээ би зөндөө л тэмцсэн. Манай дипломат алба ерөөсөө дарга нарын хүүхдийг гадны оронд түр хугацаанд амраадаг л болжээ. Москвад гэхэд манай 30, 40 дипломат байдгаас ганц хоёрхон нь орос хэл мэддэг. Мэргэжлийн дипломатч бараг байхгүй. Та бүхэн бүх л элчин сайдын яаманд ажиллаж байгаа хүмүүсийг жагсаагаад үз. Үнэхээр аюулын дохио нүүрлэчихжээ. Угаасаа энэ МАНАН-гийн тогтолцоо үүнийг завхруулсан. Энэ салбарт цус ойртсон ч нэг хэсэг дипломат талдаа явж байсан. Тэгсэн энэ МАНАН чинь дипломатын орон тоог нэмээд эхэлсэн. Гэтэл тэр олон орон тоонд нь ажиллах дипломатууд байхгүй. Тэгээд л хүүхдүүдээ нэмсээр байгаад нэг их хэрэггүй олон орон тоотой, үр ашиг, үйл ажиллагаа муутай болж эхэлсэн дээ. Үүний цаана гол аюул нь Монгол Улсын гадаад бодлого суларч байна. Одоо үүнийг цэгцлэх цаг болсон. Элчин сайдын яамдаа хаагаад тэр мөнгөөр нь гадаадад хэдэн хүүхдийн өндөр үнэтэй цэцэрлэгийн мөнгийг төлье гээд хоёр гурван элчин сайдын яамыг хааж байсан. Ийм гадаад бодлого гэж байдаггүй юм аа. Өөрсдөө хүүхдүүдээ тэнд нь байршуулдаг. Ач, гучаа эндээ өндөр үнэтэй цэцэрлэгт улсын зардлаар явуулдаг. Ердөө зорилго нь тийм болчихоод байгаа. Өмнө нь бол тамхи гэх мэт тээвэрлэдэг байсан. Амьдралдаа нэг л удаа гадаадад сууж байгаа хүмүүст ийм зүйл гардаг. Гэтэл энэ их хэмжээний хар тамхи тээвэрлэнэ гэдэг МАНАН мафийн гадаад дүр төрх олон улсын гэмт хэргийн сүлжээ рүү орсныг илэрхийлж байна. МАНАН дотооддоо эрүүдэн шүүхийг хүртэл зохион байгуулдаг. Хэрэг тохож хонгилоороо оруулж хүний бизнес булааж, дээрэм тонуул хийж байна.

-Та дипломат албанд цус ойртолт бий болсныг үгүйсгэсэнгүй. Ер нь дипломатуудыг яаж сонгон шалгаруулдаг юм бэ. Энэ цус ойртолтыг яаж сэлбэж, цэвэр агаар оруулах вэ?

-Бүх мэргэжлийн сургууль төгссөн дипломат залуучуудаас сонгон шалгаруулалт хийж, хамгийн сайныг нь шилж, дипломат академи байгуулж, тэндээ бэлдэх ёстой юм. Гэтэл дипломат академи нь байдаггүй. Тэгэхээр хүн танил талаараа, дээд албан тушаалтны шахаагаар дипломатчийг сонгож байна. Мөн дотроо байдаг хүмүүсийн хүүхдүүд мэдээлэлд ойрхон учраас дипломатчаар сонгогдох ч юмуу ийм л зүйл бүрэлдчихжээ. Тэгэхээр манай гадаад бодлого жилээс жилд сулрах нь ойлгомжтой. Энд бүхэл бүтэн сүлжээ бий болж байна шүү дээ. Үүнийг ашиглан өөрсдөө орон бүрт л хамаатан садан, бүлэглэлийн хүнээ байршуулж байна.

-Хятадын консулаар суусан тэр хүн хэдхэн жилийн дотор 4.5 тэрбумын орлоготой болчихсон байна гэх юм. Дипломатчийн цалин тийм өндөр байдаг юм уу. Эсвэл мөнгө олох өөр арга байна уу?

-Тэр хүн нь гэмт хэрэгт шалгагдаж байгаа юм биш үү. Тэгэхээр тэр хүрээнд хуулийн байгууллага шийдэх байх. Монголын дипломатчийн цалин нэг үеэ бодвол сайжирсан шүү дээ. Гэхдээ Монголдоо өндөр юм шиг боловч тэндхийн жирийн ажилчдын цалингаас бараг доогуур л байгаа шүү дээ.

-Улсаа төлөөлж байгаа дипломатууд иймэрхүү гэмт хэргийн бүлэглэлд орох боломж тэнд байна уу. Эсвэл манай дипломатчид гадны улсад очихдоо тэр бүлэглэлүүдийг нь олж элсээд байдаг юм уу. 70 кг мансууруулах бодис тээвэрлэсэн хоёр хүн гэхэд томилогдоод удаагүй байсан юм билээ. Тэгэхээр энд сүлжээ бий болчихсон юм болов уу гэх хардлага нийгэмд байна л даа?

-Олон жилийн турш л дипломат паспорт ашиглаж тамхины наймаа явж байлаа шүү дээ. Хар тамхи тээвэрлэх нь арай ховор л доо. Тодорхой баримтууд нь байсан. Гэтэл нөгөө тээвэрлэсэн нөхдүүдийг дахин дахин томилж, тушаал дэвшүүлж толгойг нь илээд л байсан байгаа юм. Ар талдаа түлхээстэй хүмүүс л юм даа. МАНАН-г мафи гэдэг нь эндээс тод харагдаж байгаа юм. Ийм сүлжээ заавал мафиждаг байхгүй юу. Олон улсад мафи хар тамхи, хүний наймаа, зэвсгийн наймаа хийдэг. Энд хуулийн дээр гишгэж, эрүүдэн шүүлт хийж байгаа хүмүүсийн гар хөлөөс гадаадад очоод өөр зүйл хүлээх нь утгагүй шүү дээ. Тэд нар бол ийм л гэмт хэрэг хийнэ. Угаасаа энэ хийж байгаа юмаа үргэлжлүүлэх гэж л дахин томилдог байх. Тодруулбал, өөрийн үндсэн ажлаа хийхгүй, нөгөөх мафийн сүлжээний ажлаа л хийдэг гэсэн үг.

-Иймэрхүү үйлдлүүд Монгол Улсыг муухай харагдуулж байгаа. Дээрээс нь ямар сөрөг үр дагавар байж болох вэ?

-Хэрвээ энэ хууль бус үйлдлүүдийн цаана Монголын төр өөрөө байгаа гэдэг асуудал тогтоогдох юм бол хэцүү. Өөрөөр хэлбэл Монгол Улс санкцанд орно шүү дээ. Монгол Улс бүрэн эрхт, тусгаар тогтносон, НҮБ-ын гишүүн улс гэдэг статусаа ч алдахад хүрнэ. Монгол иргэн бүр хохирно. Айл өрх бүрт мэдрэгдэхүйц хор хохиролтой асуудал байхгүй юу. Үүнийг яаралтай шийдэхгүй бол дэлхий нийтээрээ бидний реакцыг хараад сууж байгаа.

-Үндсэн хуулийн өөрчлөлтийг судлаачид сайн болсон гэж хэлж байгаа. Энэ хуулийн дутагдалтай зүйлийг та юу гэж харж байна?

-Үндсэн хуулийг өөрчилж байгаа энэ асуудлын цаана МАНАН байгаа л гэж харж байгаа. МАНАН сонгуульдаа бэлдэж байна. Сонгуулийг өөрсдийн хүссэн тогтолцоогоор явуулах гэж байна. Үндсэн хууль дээр олон сайхан өөрчлөлт оруулж байгаа мэт боловч, эцсийн зорилго нь сонгуулийн тогтолцоог өөрчилж, иргэн их хурлын гишүүнийг шууд сонгодог байсныг болиулж, нам сонгуулдаг болж байна. Энэ бол пропорцианаль тогтолцоог Үндсэн хуульд хийх гэсэн ийм л зүйл. Энэ нь Монголд ардчиллыг бүрэн дуусгаж байгаа асуудал. Нам сонгодог тогтолцооны аюул нь сонгуулийн санал хураалтын хяналтыг байхгүй болгодог. Нэр дэвшигчдийг сонгохдоо нам болон намын дарга өөр өөрсдийнхөө хүмүүсийг л дэвшүүлнэ шүү дээ. Харин бусад заалтууд нь зүгээр дагавар гэсэн үг.

-Сонгуулийн тухай хуулиар нэг тойргоор сонгууль явуулна гэж эрх баригчид ярьж байна. Энэ тухай?

-Мэдээж тойргоо томсгох хэрэгтэй. Б.Чимид гуай энэ хуулийг хийхдээ тойргийг бүсчилнэ гэсэн. Гэтэл нөгөө бүлэглэл чинь өөрчилсөн. Одоо харин өмнөх нь болохгүй болоод ирэхээр улс нэг тойрог гэх бас л хяналтгүй тогтолцоо руу оруулж байна. Энэ хуулиар явбал 2000 хүнээс нэгийг нь сонгоно гэсэн үг. Тэгвэл хэцүү шүү дээ. Тэгэхээр шууд пропорцианалиараа л явах байх. Энэ бол сонгуулийнхаа тогтолцоог шийдүүлэх бэлтгэл ажил.

-Та бүхэн ШИНЭ намаараа сонгуульд оролцох байх. С.Жавхлан гишүүн танай намтай тохиролцсонгүй гэх мэт мэдээлэл яваад байна. Энд таны байр суурь?

-С.Жавхлан гишүүнтэй бид нар их хурал дээр л хамтарч асуудлаа ярьдаг. Одоо нам байгуулагдсан. С.Жавхлан гишүүн нам бус учраас өөрөө шийдвэрээ гаргатлаа бид нартай ярилцана. Нам бус хүн намд элсэнэ гэдэг хэцүү шүү дээ. Энд хугацаа хэрэгтэй байх. Бид энэ асуудалд хүлээцтэй хандаж байгаа. Манай намын хувьд сонгуульд яг тэр тойрогтоо амьдардаг хүмүүсийг тэнд нь нэр дэвшүүлэх бодлого баримтална. Тэрнээс би тэндээс гаралтай гэсэн нэг бизнесмэнийг нэр дэвшүүлэхгүй. Сонгуулийн тогтолцоо пропорцианаль руу шилжихээр тойргийн ард иргэдээ төлөөлсөн хүн сонгогдох замыг хаах юм. Шударга хүмүүс төрд гарч ирэх боломж улам л бүрхэг болоод байна.

-С.Зоригийн хэргийг шалгах түр хорооны ажил хэр ахицтай байна?

-Бид маш эрчимтэй ажиллаж байгаа. Сая Олон улсын парламентын холбооны ажлын хэсгийг Монголд ирэх нөхцөлийг бүрдүүлэх бүхий л арга хэмжээг авлаа. Хилсээр хоригдож байгаа Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг яаралтай суллах асуудлыг шийдэхээр эрчимтэй ажиллаж байна. УИХ-ын тогтоол ч гарлаа. Энэ хэргийг үйлдсэн гэмт хэрэгтнүүд нь илрээгүй байхад өөр хүнд хэрэг тохоод хааж болдог юм уу. Ядаж энэ хэргийг буцааж нээх хэрэгтэй. Бас хөөн хэлэлцэх хугацааны асуудлыг нэг тийш нь болгох хэрэгтэй. Түр хороо энэ хэргийг үнэн зөвөөр шийдэхийн төлөө явна. Хилсээр хэлмэгдсэн хоёрыг тэнд нь үлдээгээд хэргийг хаах бидний зорилго биш шүү дээ. Монголын ард түмэн үнэнийг хүсч байна. Гэмт хэрэгтнийг илрүүлэх замыг өнөөдөр хаачихсан байна. Хэргийг өөр хүнд тохоод хаачихсан учраас хуулийн байгууллага хөдлөхгүй байна. Тэр гэмгүй хүмүүсийг суллаж байж, жинхэнэ гэмт хэрэгтнүүдийг хуулийн байгууллага хайж эхэлнэ.