2019.06.06

С.Бямбацогт: Монгол төрийн тогтвортой байдлыг хангаж, үлгэр дууриал үзүүлэн, манлайлж ажиллаарай

Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2019.06.06/  нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг томилох, чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцлээ.

ҮХЦ-ийн гишүүн Г.Ганзоригийн бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон тул түүний оронд ЗГХЭГ-ын Тэргүүн дэд дарга Г.Баясгаланг дэвшүүлж байгааг УИХ-ын дарга Г.Занданшатар танилцуулсан. Уг саналыг Даваа гаригт МАН-ын бүлгийн хуралдаан болон өчигдөр Төрийн байгуулалтын байнгын хороо, Хуульзүйн байнгын хороогоор хэлэлцээд дэмжсэн тул өнөөдөр чуулганы хуралдаанаар хэлэлцэн дэмжсэн юм. 

УИХ-ын гишүүн С.Бямбацогт: 

"2016 онд Хууль зүй, дотоод хэргийн сайдаар ажиллахдаа Г.Баясгалан даргатай гар сэтгэл нийлж хамт ажиллан, олон хуулийн төслүүдийг батлуулж салбартаа үр дүнтэй ажил хийж чадсан. Хил, цагдаа, шүүх, прокурорын байгууллагуудын үйл ажиллагааг сайжруулах хууль батлуулсан. Төрийн ноён нуруутай хүн юм. Олон төрийн албан хаагчид сэтгэл дундуур байдаг. Харин энэ хүн бол хариуцсан ажил, очсон газартаа эзэн нь болж чаддаг хүн юм.

ҮХЦ-ийн итгэл алдарсан байдлын талаар их яригдаж байна. Та үндсэн хуулийн манаачийн энэ албанд очиж ноён нуруутай байж, байгууллагынхаа нэр төрийг сэргээж, зарчим барьж, монгол төрийн тогтвортой байдлыг хангаж үлгэр дууриал үзүүлэн, манлайлж ажиллаарай."