Г.Баясгаланг цэцийн гишүүнд нэр дэвшүүлэх саналыг дэмжлээ
Төрийн байгуулалтын байнгын хорооныөнөөдрийн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэр дэвшүүлэх тухай асуудал хэлэлцэж, энэ талаар Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар танилцуулга хийсэн юм.
Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр Улсын Их Хурлаас нэр дэвшүүлж томилсон Б.Ганзоригийн бүрэн эрхийн хугацаа өнгөрсөн дөрөвдүгээр сард дуусгавар болсон тул Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд дарга Г.Баясгаланг Үндсэн хуулийн цэцийн гишүүд нэр нэр дэвшүүлэхээр санал болгож буйгаа Улсын Их Хурлын дарга танилцуулав.
Нэр дэвшигч Гунгаагийн Баясгалан нь 1986 онд ОХУ-ын Москвагийн их сургууль, 1998 онд БНЭУ-ын Делигийн их сургуулийг тус тус төгссөн. Хуульч мэргэжилтэй, хууль зүйн магистр зэрэгтэй.
Тэрбээр 1986-1991 онд Баянхонгор аймгийн прокурорын газарт мөрдөн байцаагч, хяналтын прокурор, туслах прокурор, 1991-1999 онд Улсын ерөнхий прокурорын газарт хяналтын прокурор, газрын дарга, зөвлөх, 1999-2001 онд Хууль зүйн яаманд газрын дарга, Төрийн нарийн бичгийн дарга, 2001-2006 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хуулийн бодлогын зөвлөх, 2006-2012 онд Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, 2012-2014 онд “Партнерс форэвэр” ХХК-ийн захирал, 2014-2016 онд МАН-ын даргын зөвлөхөөр тус тус ажиллажээ. Улмаар 2016-2018 онд Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байгаад 2018 оны наймдугаар сард Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Тэргүүн дэд даргаар томилогдсон байна.
Нэр дэвшигч Г.Баясгалан нь хуулийн салбарт 33 жил ажиллаж байгаа, Үндсэн хуулийн цэцийн гишүүнд тавигдах шаардлага, шалгуурыг бүрэн хангаж байгааг Улсын Их Хурлын дарга танилцуулгадаа дурдав.
Танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн М.Энхболд асуулт асууж тодуулан нэр дэвшигчийг дэмжиж буйгаа илэрхийлсэн. Ингээд Г.Баясгаланг Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэр дэвшүүлэх нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 72.7 хувь нь дэмжив. Иймээс энэ талаарх албан бичгийг Байнгын хорооноос Улсын Их Хурлын даргад хүргүүлэх бөгөөд нэр дэвшигчийн асуудлыг Хууль зүйн байнгын хороо хэлэлцэж санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд оруулах юм байна.