УИХ-ын гишүүн Э.Бат-Үүл, Х.Баттулга нар хамтарч мюзикл тавина
С.Цогтсайханы "Хонхны дуу"-аас сэдэвлэн ардчиллын сэдэвт түүхэн дуулалт жүжгийг МУГЖ, Төрийн шагналт Д.Сосорбарам найруулах гэж байгаа. Тэрээр амлалтаа биелүүлж, ирэх дөрөвдүгээр сард мюзиклийн нээлтээ хийхээр төлөвлөжээ. Тус мюзиклийн зохиолыг УИХ-ын гишүүн Э.Бат-Үүл, нийтлэлч Б.Баабар нар бичиж “Анир” студийн найруулагч Б.Алтанхуяг хөгжмийн найруулгыг нь хийсэн байна.
Нийгмийг шинэчлэлд уриалж, урлагийн ертөнцөд үнэлж баршгүй эрх чөлөө авчирсан уг бүтээлийг ДБЭТ-ын гоцлол дуучин, СТА Ө.Уянга, поп опера чиглэлээр уран бүтээлээ туурвидаг “Увертура” хамтлагийнхан дуулахаар болжээ. Харин энэхүү жүжгийн тайзны зураачаар УИХ-ын гишүүн Х.Баттулга ажиллахаар болжээ. Х.Баттулга гишүүнтэй гэрээ байгуулсандаа Д.Сосорбарам ихэд сэтгэл хангалуун байгаа гэнэ. УИХ-ын гишүүн Х.Баттулга театрын зураач мэргэжилтэй нэгэн. Тэрбээр дүрслэх урлагийн сургуулийг төгссөны дараа улсын драмын эрдмийн театрт тайзны зураачаар ажилд орж байсан ч гэдэг. Дашрамд дуулгахад УИХ-ын гишүүн Э.Бат-Үүл, Б.Баабар, талийгаач С.Цогтсайхан нар ардчилсан хувьсгалыг хамт эхлүүлсэн дотны найзууд юм.