Д.Ганхуяг: Цахим үнэмлэхний тендерийг шийдэх, шалгах эрх нь Засгийн газарт бий
2012.02.28

Д.Ганхуяг: Цахим үнэмлэхний тендерийг шийдэх, шалгах эрх нь Засгийн газарт бий

УИХ-ын гишүүн Д.Ганхуягтай ярилцлаа.

-Танай намынхан сонгууль дөхөх тусам хэт улстөржих боллоо. Анх хамтарсан Засгийн газарт орохдоо долоодугаар сарын нэгний буруутанд хариуцлага тооцно гэж байсан ч тухайн үед дуугараагүй. Гэтэл Засгийн газраас гарангуутаа дээрх үймээний хэргийг улстөржүүлж, цагдаагийн удирдлагуудад хүртэл ял оногдууллаа. Үүнийг сонгуулийн бэлтгэл ажил гээд ойлгочихож болно биз дээ?


-Асуудлыг янз бүрээр л ойлгох байх. Тэгээд ч манайх шиг ардчилсан улс оронд хэн ч үзэл бодлоо илэрхийлэх нь чөлөөтэй. Гэхдээ долоодугаар сарын нэгний үймээн бол хор уршигтай асуудал. Үүнийг нийгэмд дахин давтаж болохгүй. Мөн өнөөдөр Орон нутгийн сонгуулийн хуульд хоёр нам хоёр тийшээ хараад суучихлаа. Шалтгаан нь тухайн үеийн МАХН-ын сонгуулийн төгөлдөршлийн бодлогын хүрээнд 2008 онд УИХ хоёр сонгуулийг хамт явуулах хуулийг баталчихсан. Тэрнээс хойш дөрвөн жил болж байхад одоо хамтад нь явуулахгүй. Ямар ч үнээр хамаагүй үнээр сонгуульд ялна гээд гэдийгээд суугаад байж болохгүй. Энийг бид ч, иргэд ч зөвшөөрөх боломжгүй. Энэ байдал даамжирвал улстөрийн, Үндсэн хуулийн хямралд хүргэж болзошгүй.

-АН энэ чигээрээ гүрийгээд байвал нийгмийг хамарсан эмх замбараагүй байдалд хүрэхийг өнөөдрийн нөхцөл байдал үгүйсгэхгүй байна шүү дээ?


-Харин ч тийм зүйлд хүргэхгүйн тулд хүчинтэй байгаа хуулийнхаа хүрээнд хоёр сонгуулиа хамтад нь явуулах хэрэгтэй байна. Үүний тулд долоодугаар сарын нэгний үймээний гол буруу нь юу вэ гэдгийг тогтоох нь зөв. Ер нь овоо босгоогүй бол шаазгай юун дээр суух вэ гэдэг. 2008 оны сонгууль будлиантай болсон гэдэг нь бүх шатны шүүхээр тогтоогдсон. Тэр нь Улаанбаатар, Дархан, Эрдэнэтэд сонгуулийн өмнөх өдөр сонгуулийн өдөр иргэний үнэмлэхийг их хэмжээгээр тарааж, сонгуулийн өдөр СЕХноос энэ үнэмлэхээр санал өгч болно гэж зарласан явдал. Иргэний үнэмлэхийг мэддэг газар нь Засгийн газрын харьяа агентлаг. Тэгэхээр хэн бурутай нь харагдаж байгаа биз дээ. Хэдийгээр жагсаал цуглаан зохион байгуулсан хүмүүсээс болсон болсон гэдэг ч гол эх сурвалж нь сонгуулийн будлиан.

-Овоо босгоогүй бол шаазгай юун дээр суух вэ гэлээ. Тэгвэл үймээнд ард түмнийг өдөөн турхирсан хүмүүс нь гэм зэмгүй хоцорч байгааг юу гэж үзэх вэ. Шударга явдал мөн үү?


-Сонгуулийг будлиангүй явуулсан бол ийм асуудал байхгүй байсан. Сонгуулийн тухай хуульд ч асуудал байсан. Пропорциональ тогтолцоог оруулна гэж байгаад шийдэж чадаагүй. Тэгтэл Сонгуулийн хууль нь пропорциональ орсон хувилбараар хийгдсэн. Гэтэл цагийг нь тулгаж байгаад томсгосон тойргоор сонгууль хийх хууль баталсан. Тэгээд энэ хууль нь чанаргүй болсон. Энэ бүхэн л гол эх сурвалж нь болж, жагсаал цуглаан болсон. Тэгэхэд би телевиз үзэж байсан. 07.30 цагийн үед АН-ын дарга Ц.Элбэгдорж машин дээрээс “За ард иргэдээ бид нэг их том ажил хийчихээд гэртээ очоод цайгаа тайван уугаад суух сайхан байдаг. Одоо жагсаал цуглаанаа зогсоо” гэж хэлсэн. Тийм учраас цагдаа нар иргэдийг буудах тушаалыг хэн өгснийг л мэдүүлчих явдал шүү дээ. Манай гэр ГХЯ-ны урд талд байдаг. Хүмүүс унтаж чадахгүй байсан. Шөнийн 24 цаг өнгөрч байхад буу шиг зүйл тас хийгээд явчихсан. Тас хийхээр нь цонхоо онгойлгоод дахиад дуугарахаар нь цонхоо хаасан санагдаж байна. Энэ бол Онц байдал тогтсон байсан цаг. Зүүн, баруун дөрвөн замын хооронд манай цагдаагийнхнаас өөр гуравдагч этгээд орох боломжгүй байсан болов уу гэж боддог. Тиймээс улстөржилгүйгээр хэн галт зэвсэг хэрэглэх тушаал өгснөө илчилсэн нь зөв шүү дээ.

-Харин танай намынхан энэ асуудалд хэтэрхий улс төрийн өнцгөөс хандаад байгаа юм биш үү. Магадгүй танай намын ирэх сонгуулийн гол хөзөр нь бололтой?


-Тийм асуудал байхгүй. Өнөөдөр гэм буруутай эзэн нь тогтоогдоогүй байна. Үүнийг тогтоохгүй бол дахиад 7 сарын 1 давтагдахад хүрэх үндэслэл болохыг үгүйсгэхгүй. Долоодугаар сарын нэгний буруутныг тогтооё гэсэн. 1.5 сая төгрөгийг ард түмэнд өгөхдөө эх орны хишиг эсвэл эрдэнийн хувь нэрээр олгоно гэж гурван жил маргалдлаа. Хоёр намын улстөрчид ч үүний төлөө гурван жил хэрэлдлээ. Энийг иргэд ойлгож байгаа. Цөөхөн хүн амтай, дээр нь хэт улстөржсөнөөс болоод сонгуулийн насны бүх хүн амын ихэнх нь аль нэг намын гишүүн болчихлоо. Тэгээд орон нутгийн сонгуулиа УИХын сонгуультай хамт явуулъя. Орон нутгийн эрх мэдлийг шууд ардчиллаар нам нь нэр дэвшүүлдэг биш, иргэд өөрсдөө нэр дэвшүүлдэг байя. Ийм өөрчлөлт хийе гэж ярьж тохирсон. Ингээд сонгуулийг цуг явуулахаар хууль баталснаас хойш дөрвөн жил өнгөрлөө. УИХ-аар баталсан Орон нутгийн сонгуулийн хууль дээр хоёр байр суурь гарсан. Нэг нь хууль батлах гэхээр нөгөөх нь баталдаггүй. Сонгууль яг хаяанд ирчихлээ. Энэ байдлаараа дахиад долоодугаар сарын нэгэн давтахгүй гэх газаргүй.

-Цахим үнэмлэх хэвлэгдэх хугацаа тодорхойгүй. Тийм учраас автомат тооллогоор сонгууль өгөх бололцоогүй гээд механик ажлууд их хийгдэнэ. Хугацааны хувьд ч амжихгүй гэдгийг харж байгаа биз дээ?


-Харин МАН-ынхан тэгж тайлбарлаад байна. Гэхдээ хэн нэгэн хувь хүн эсвэл аль нэг гэр бүлээр жишээ аваад үзэхэд тулгамдсан асуудал байвал өдөр шөнөгүй суугаад хийчихдэг биз дээ. Яг л түүнтэй адилхан. Хүсвэл хугацаанд нь яаж ийгээд ч гэсэн амжуулахыг бодно. Тэгээд ч хөрөнгө мөнгийг нь 2011 онд батлаад өгчихсөн шүү дээ.

-Танай намын гишүүний компани дээрх ажлыг тендергүйгээр авсан. Тийм учраас танай намын гишүүний компани өдөр шөнөгүй хичээж ажиллавал амжих юм биш үү?


-Гэхдээ ямар ч аж ахуйн нэгж байгууллага тендерт шалгарч болно. Тендерт асуудал байгаа юм биш. 2008 онд УИХ-д энэ асуудлыг хөндөж л байсан. Тэгээд шалгаад хууль зөрчсөн бол буруутайг нь тогтоогоод болиулчихаж болно шүү дээ. Ер нь ч тэгээд хүчний байгууллага нууцтай холбоотой асуудлаар худалдан авалтын тухай хуульд заавал тендер зарлахгүй гэсэн заалт бий. Тэр хүрээнд яригдсан байх. Чуулганаар Ж.Энхбаяр сайдыг огцруулах хэлэлц үүлгийн хүрээнд сөхөгдөж яригдсан. Ер нь Засгийн газар УИХ-аас гарсан хууль тогтоолыг биелүүлдэг. ХЗДХЯ ч адилхан шүү дээ.

-Тэгэхээр асуудал хүссэн хүсээгүй ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржтой холбоотой гэж хэлэх гээд байна уу?


-Хэрвээ тэр шалгаруулалт нь буруу байсан юм бол Засгийн газар дээрээ яриад шийдчих бүрэн боломжтой. Угаасаа тендерийг Засгийн газар, сайд нар шийддэг хуультай. Энэ чинь тусгаар тогтносон улсын бүх хүнтэй холбоотой мэдээлэл. Тийм учраас нууцын зэрэглэл байх ёстой. Хамтарсан үедээ манай намын гишүүд хүртэл болно бүтнэ л гэсэн. Бодит байдал дээрээ ийм л юм болж. ХЗДХЯ хууль зөрчсөнийг нь шалгаад тогтоох хэрэгтэй байсан.

-Нөгөө талаар хоёр сонгуулийг хамт явуулах боломж яг үнэндээ харагдахгүй байна. Хамгийн наад зах нь Үндсэн хууль зөрчөөд орон нутгийн өөрөө удирдах байгууллагын бүрэн эрхэд халдаж байгаа юм биш үү?


-Янз бүрийн хувилбараар тайлбарлаж болно л доо. Сонгуульд бага хугацаа зарцуулахаар бага мөнгө зардаг юм гэдгийг дэлхий нийтээр хүлээн зөвшөөрсөн. Шийдвэл янз янзын гарц бий. Цаас ихдээд байна л гэх юм. Орон нутгийн сонгуулиар 8-9 мянган хүн нэр дэвшдэг байх. УИХын сонгуулиар 1000 хүн нэр дэвшдэг. Хоёр сонгуулийг зэрэг явуулахад нэр дэвшигчдийн тоо 10 хувиар л нэмэгдэнэ. Өнөөдөр баталсан хуулиа хүчингүй болгох уу. Эсвэл яах гэж энэ хуулийг баталсан бэ гэдэг асуудал бий болчихоод байна. Ингээд 2012 оны төсөв дээр маргалдаад учраа олохоо болихоор сүүлд нь нэг зарчим дээрээ тохирсон. Ер нь Монгол Улсынхаа эрх ашгийг бодъё. Тэгээд л энэ нь улс орны нийтлэг эрх ашигт нийцтэй юм байна гэдэг дарааллаар явъя гэж шийдсэн.

-Мэдээж таны хувьд намынхаа шийдвэрийг дагах нь ойлгомжтой шүү дээ?


-Би намын шийдвэрийг дагахаас илүү УИХ-ын гишүүний өргөсөн тангаргийнхаа дагуу явна. УИХ-ын гишүүн хүн заавал намын шийдвэрийг дагахг үй байж болох хуулийн заалттай. Аль ч оронд адилхан. 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.