БСШУС-ын сайдын зөвлөлийн 2019 оны анхдугаар хуралдаан боллоо
БСШУС-ын сайдын зөвлөлийн анхдугаар хуралдаанаар таван асуудлыг хэлэлцэв. Хурлын эхэнд сайд Ёндонпэрэнлэйн Баатарбилэг боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын салбарын өнөөгийн байдал, 2019 оны зорилтуудын талаар илтгэл тавьж, мэдээлэл хийв.
Сайд хэлсэн үгэндээ
“Боловсролын салбарт 89.2 мянга, соёл, урлагийн салбарт 7.1 мянга, шинжлэх ухааны салбарт 4.5 мянга, биеийн тамир, спортын салбарт 4.3 мянга, нийт 3218 байгууллагад 105291 албан хаагчид ажиллаж байгаа нь Монгол Улсын төрийн албан хаагчдын 54.7 хувийг эзэлж байна. Монгол Улсын нийт хүн амын 32.5 хувь нь цэцэрлэг, бага, дунд сургууль, дээд боловсрол эзэмшүүлэх үйлчилгээнд хамрагдаж байгаагаас гадна давхардсан тоогоор зургаан сая орчим хүн нэгжид соёл, урлаг, шинжлэх ухаан, спортын салбараар үйлчлүүлж байгаа” гэдгийг онцлоод БСШУСЯ-аас 2019 оныг “Иргэний ёс зүйн боловсролын жил” болгон зарлаж, гурван зорилт дэвшүүлэн ажиллаж эхэлснээ танилцуулав. Зорилтуудын хүрээнд салбарын хууль, эрх зүйн орчны шинэчлэл, салбарын бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын гүйцэтгэлийг эрчимжүүлэхэд онцгой анхаарч ажиллахаа илэрхийллээ.
Хуралдаанаар Сайдын зөвлөлийн ажиллах журам болон тус зөвлөлийн 2019 оны ажлын төлөвлөгөөг хэлэлцэж батлав. Сайдын зөвлөл 24 хүний бүрэлдэхүүнтэй бөгөөд салбарыг хөгжүүлэх бодлого, хууль тогтоомжийг боловсронгуй болгох, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх, салбарын үйл ажиллагааны чанар, үр ашгийг дээшлүүлэх зэрэг асуудлыг хэлэлцэж санал, зөвлөмж гаргах чиг үүрэгтэй ажиллах юм.
Дараа нь Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны 2018 оны үйл ажиллагааны биелэлтэд хяналт, шинжилгээ, үнэлгээ хийсэн тухай, мөн салбарт хэрэгжиж буй Үндэсний хөтөлбөрүүдийн хэрэгжилтийн талаарх танилцуулгуудыг хэлэлцэж, гишүүдийн санал, зөвлөмжийг тусган Засгийн газрын хэрэг эрхлэх газарт хүргүүлэхийг дэмжлээ.
Зөвлөлийн гишүүдийн зүгээс салбарын хууль, эрх зүйн орчны шинэчлэлийг эрчимжүүлэх 2019 оны зорилтын хүрээнд соёл, боловролын салбарын багц хуулиудын төслийг боловсруулж дуусах, холбогдох яамдаас санал авах, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэх, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх алхамуудыг шуурхай зохион байгуулахыг холбогдох газруудад анхааруулав.