2019.01.24

Л.Элдэв-Очир: Манай нам 2016 онд сонгуульд ялаад 30 мянган хүн төрийн албанд шинээр авсан

Өнөөдөр /2019.01.24/ УИХ-ын нэгдсэн чуулганаар "Төрийн өндөр албан тушаалтны зэрэг зиндаа, түүнтэй адилтгах төрийн албан тушаалтны зэрэглэл" УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир байр сууриа илэрхийллээ. 

Л.Элдэв-Очир:

Төрийн албанд ажиллагсдын тоо олны анхаарлыг татаж байна. 200-гаад мянган төрийн албан хаагчид олон шатлалд ажиллаж байна.

Миний мэдэхээр 2012 онд Ардчилсан нам сонгуульд ялаад төрийн албанд ажиллаж байсан 40 мянган хүнийг төрийн албанаас ор үндэслэлгүйгээр халсан. Дараа нь манай нам 2016 онд сонгуульд ялаад 30 мянган хүн төрийн албанд шинээр авсан. Танил тал, ах дүү, найз нөхдөө үндэслэлгүйгээр орон тоо албан тушаал гаргаад авсан гэх шүүмжлэл байдаг.

Энэ болгоныг цэгцлэхийн тулд Засгийн газар, УИХ анхаарч ажиллаж байна. Төрийн албаны тухай хууль шинээр хэрэгжиж эхэлсэн нь том дэвшил болно.

Одоо төрийн албаны ажилчидаа шинэ хууль хэрэгжиж байгаатай холбогдуулаад яамдуудын бүтэц, нэг төрийн албан хаагчид ногдох иргэдийн тоо, төрийн албанд баримталдаг стандарт, дэг журмыг баримтлаад тоог нь маш тодорхой оруулж ирэх боломж байна уу? 2019 оны төсөв батлагдсан. 2019 ондоо өөрчлөлт, шинэчлэлт хийгээд, хуулийн төсөл оруулж ирээд хаврын чуулганаар шийдвэл, сүүлийн хагас жилд нь илүүдэлтэй хүмүүсийг ажлаас нь чөлөөлөөд, чөлөөлж байгаа хүмүүсийнхээ цалин тэтгэмжийг олгоод, үлдэж байгаа хүмүүстээ цалин хөлсийг нь нэмж өгөх боломж бий.