Төрийн өндөр албан тушаалтны зэрэг зиндаа, түүнтэй адилтгах төрийн албан тушаалтны зэрэглэлийн тухай хэлэлцлээ
2019.01.24

Төрийн өндөр албан тушаалтны зэрэг зиндаа, түүнтэй адилтгах төрийн албан тушаалтны зэрэглэлийн тухай хэлэлцлээ

Өнөөдөр /2019.01.24/ УИХ-ын нэгдсэн чуулганаар "Төрийн өндөр албан тушаалтны зэрэг зиндаа, түүнтэй адилтгах төрийн албан тушаалтны зэрэглэл" УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Энэ сарын 01-нээс хэрэгжиж эхлээд буй Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулга хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан салбарын 4 хуулийг нэр бүхий гишүүд оруулж ирсэн. 

Үүний дотор "Төрийн өндөр албан тушаалтны зэрэг зиндаа, түүнтэй адилтгах төрийн албан тушаалтны зэрэглэл" УИХ-ын тогтоолын төсөл багтаж буй бөгөөд өнгөрсөн долоо хоногийн чуулганаар үзэл баримтлалыг нь хэлэлцэх эсэхийг дэмжсэн юм. 

Тогтоолын төслийг ТББХ-гоор хэлэлцсэн санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн С.Бямбацогт танилцууллаа. 

Байнгын хорооноос тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг 2019 оны 01 сарын 24ний өдрийн хуралдаанаараа хийж, зарчмын зөрүүтэй саналын томъёоллуудаар санал хураалт явуулан, нэгдсэн чуулганд бэлтгэсэн байна. 

Байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар, Л.Элдэв-Очир нар асуулт асуусан. Үүний дараа байнгын хорооноос гаргасан саналын томъёолол тус бүрээр санал хураалт явуулсны дараа хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр ТББХ-нд шилжүүлэв.