Төрийн албаны зөвлөлийн үйл ажиллагааны дүрмийг батлах тухай тогтоолын төслийг хэлэлцлээ
Өнөөдөр /2019.01.17/ УИХ-ын нэгдсэн чуулганаар "Төрийн албаны зөвлөлийн үйл ажиллагааны дүрмийг батлах тухай" УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ.
Хуулийн төслийг УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн, Ё.Баатарбилэг, С.Бямбацогт, Д.Хаянхярваа нар 2018 оны 12 сарын 10-нд өргөн мэдүүлсэн юм.
Хуулийн төслийг УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн танилцууллаа.
УИХ-аас Төрийн албаны тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийг 2017 оны 12 дугаар сард баталж, 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр шийдвэрлэсэн. Энэ хуулиар төрийн албаны чадахуй /мерит/-н зарчмыг шинээр хуульчилж, төрийн албан тушаалд тавигдах шаарлага, төрийн албаны шалгалт авах, төрийн албан хаагчийг сонгон шалгаруулах, түүнийг албан тушаалд шатлан дэвшүүлэх, өөр албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулах, төрийн албан хаагчийн эрх, ашиг сонирхлыг хамгаалахтай холбогдсон харилцаанд уг зарчмыг удирдлага болгохоор зохицуулсан билээ.
Хуулийн шинэчилсэн найруулга батлагдсантай холбогдуулан төрийн албанд дагаж мөрдөх 50 шахам журмыг шинээр буюу шинэчлэн баталж мөрдүүлэх шаардлагатай байгаа бөгөөд УИХ-аас тогтоол гаргах батлах ёстой хэд хэдэн журам байгаа юм.
Хуулийн төслийг ТББХ-гоор хэлэлцсэн санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Н.Амарзаяа танилцууллаа.
Байнгын хорооноос хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзжээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн М.Билэгт асуулт асууж хариулт авсан юм.
Үүний дараа хуулийн төслийг батлах нь зүйтэй гэсэн саналын томъёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжлээ.