“Төрийн албаны зөвлөлийн үйл ажиллагааны дүрэм батлах тухай” тогтоолын төслийг байнгын хороо дэмжлээ
Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн (2018.12.12) хуралдаан 10 цаг 46 минутад 52.6 хувийн ирцтэйгээр хуралдлаа.
Төрийн албаны тухай хууль 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхлэхтэй холбогдуулан боловсруулсан Улсын Их Хурлын дөрвөн тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг Байнгын хорооны энэ өдрийн хуралдаанаар хэлэлцэж дэмжлээ.
Хуулийн шинэчилсэн найруулга батлагдсантай холбогдуулан төрийн албанд дагаж мөрдөх 45 дүрэм, журмыг шинээр буюу шинэчлэн баталж мөрдүүлэх шаардлагатай байгаа бөгөөд уг хуульд заасны дагуу 9 дүрэм, журмыг нь Улсын Их Хурлаас тогтоол гаргаж батлах юм байна. Үүнээс эхний дөрвөн дүрэм, журмыг батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн, Ё.Баатарбилэг, С.Бямбацогт, Д.Хаянхярваа нар санаачлан боловсруулж, энэ сарын 07-ны өдөр өргөн мэдүүлсэн юм.
Байнгын хорооны хуралдаанаар эхлээд “Төрийн албаны зөвлөлийн үйл ажиллагааны дүрэм батлах тухай” тогтоолын төслийг хэлэлцэв. Энэ талаарх хууль санаалагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн танилцуулав.
Тѳрийн албаны тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 65 дугаар зүйлийн 65.7 дахь хэсэгт “Зөвлөлийн үйл ажиллагааны дүрмийг Улсын Их Хурал батална” гэж заасныг үндэслэн энэхүү тогтоолын төслийг боловсруулжээ. Улсын Их Хурлын 1995 оны 6 дугаар сарын 2-ны ѳдрийн 35 дугаар тогтоолоор Тѳрийн захиргааны албаны зѳвлѳлийн дүрмийг анх баталж мөрдүүлсөн бол дараа нь Улсын Их Хурлын 2002 оны 11 дүгээр сарын 28-ний ѳдрийн 85, 2009 оны 12 дугаар сарын 04-ний ѳдрийн 87 дугаар тогтоолоор Зѳвлѳлийн үйл ажиллагааны дүрмийг шинэчлэн баталсан байна.
Тѳрийн албаны тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг 2017 онд баталж, 2019 оны 01 дүгээр сарын 01-ний ѳдрѳѳс эхлэн дагаж мѳрдѳхѳѳр шийдвэрлэж, энэ хуулиар төрийн албаны чадахуй (мерит)-н зарчмыг шинээр хуульчилж, төрийн албан тушаалд тавигдах шаардлага, төрийн албаны шалгалт авах, төрийн албан хаагчийг сонгон шалгаруулах, түүнийг албан тушаалд шатлан дэвшүүлэх, өөр албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулах, төрийн албан хаагчийн эрх, ашиг сонирхлыг хамгаалахтай холбогдсон харилцаанд уг зарчмыг удирдлага болгож зохицуулсан. Үүнтэй уялдуулан Төрийн албаны зөвлөлийн бүрэн эрх, чиг үүргийг чадахуйн зарчмыг хангуулах, төрийн албаны шинэтгэлийн бодлого, стратеги, хүний нөөцийн бодлогын хэрэгжилтэд хяналт, шинжилгээ, үнэлгээ хийх, хүний нөөцийн үйл ажиллагааны менежментийг хэрэгжүүлэхэд гүйцэтгэх эрх мэдлийн байгууллагад мэргэшил, арга зүйн зөвлөгөө өгөх, үйл ажиллагаагаа хараат бус, бие даасан байдлаар явуулах чиглэлээр өргөтгөн тодорхойлжээ. Түүнчлэн төрийн албан хаагчдын хариуцлагыг өндөржүүлэх, тэдний нийгмийн хамгаалал, эрх зүйн болоод эдийн засгийн баталгааг хангахад Төрийн албаны зөвлөлийн үүрэг, оролцоог нэмэгдүүлсэн байна.
Энэ үндсэн дээр Төрийн албаны зөвлөлийн үйл ажиллагааны дѳрѳв дэх дүрмийн тѳслийг Тѳрийн албаны тухай шинэ хуулийн зарчим, үзэл баримтлалд нийцүүлэн боловсруулж, шинэчлэн баталж мѳрдүүлэх шаардлагатай болсныг төсөл санаачлагч илтгэлдээ онцлов.
Төрийн албаны зөвлөлийн шинэ дүрмийн төсөлд: Төрийн албаны стандартын удирдлагыг улсын хэмжээнд хариуцан хэрэгжүүлэх чиг үүргийг халж, Зөвлөл нь хараат бус, бие даасан байдлаар үйл ажиллагаагаа явуулж, нэгд, төрийн жинхэнэ албаны ерөнхий ба тусгай шалгалтыг зохион байгуулах, хоёрт, хяналт шалгалт, шинжилгээ, үнэлгээ хийх, гуравт, маргаан хянан шийдвэрлэх, дөрөвт, сургалт, судалгаа зохион байгуулах, мэдээллийн нэгдсэн санг эрхлэх, тавд, мэргэшил, арга зүйн зөвлөгөө өгөх хүрээнд чиг үүргээ хэрэгжүүлэхээр тусгажээ.
Мөн хуульд шинээр тусгагдсан хүний нөөцийн аудит хийх, төрийг төлөөлж шүүхэд нэхэмжлэл гаргах, төрийн албаны шинэтгэлийн бодлого,стратеги,хүний нөөцийн бодлогын хэрэгжилтэд хяналт шинжилгээ, үнэлгээ хийх, төрийн албан хаагчийн хувийн хэрэг, тоо бүртгэлийн нэгдсэн мэдээллийн санг эрхлэх, төрийн байгууллагын чиг үүргийн шинжилгээ хийхэд мэргэшил, арга зүйн зөвлөгөө өгөх, төрийн албаны ёс зүй, жендерийн эрх тэгш байдлыг хангахад хяналт тавихад чиглэсэн зарчмын шинжтэй өөрчлөлтүүдийг тусгажээ. Түүнчлэн төрийн албаны салбар зөвлөл, Ажлын алба, сургалт, судалгаа, мэдээллийн нэгдсэн сангийн нэгжийн зохицуулалтыг шинэчлэн тусгасны зэрэгцээ Зөвлөлөөс бусад байгууллага, иргэдтэй харилцах үйл ажиллагааны арга, хэлбэрийг дүрмийн төсөлд тусгаж зохицуулжээ.
Тогтоолын төслийн талаарх хууль санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан гишүүдээс асуулт, санал гараагүй бөгөөд Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь төслийг хэлэлцэхийг дэмжлээ.