С.Эрдэнэ: Төсвийн тодотгол сайн болоогүй
2010.07.21

С.Эрдэнэ: Төсвийн тодотгол сайн болоогүй

УИХ-ын гишүүн С.Эрдэнэтэй төсвийн тодотгол болон хүүхдийн мөнгөний асуудлаар ярилцлаа.

-Төсвийн тодотголыг хэлэлцэж батлахдаа зардлыг сайн хумьж чадаагүй гэж ярьж байна. Энэ талаар таны байр суурь ямар байгаа вэ?

-Тодотголоор төсвийн зардлыг хумих, танах гэдэг нь оновчтой санал биш. Оны эхэнд тухайн жилийн төсвийг батлах үеэрээ л маш нухацтай авч хэлэлцэж, тодотголоор ямар нэгэн зүйл ярихааргүй хэмжээнд батлах ёстой. Гэтэл манайх төсөв баталчихаад явц дунд.нь тодотгол нэрээр хумьж хасдаг, нэмдэг гаж зуршил тогтсон. Энэ нь оновчтой биш.

-Төсвийн тодотголыг яаруу баталчих шиг санагдсан. Таны хувьд тодотгол ямар болсон бэ?

-Сайн төсвийн тодотгол болж чадаагүй. Нэг хэсэг нь төсөв тодотгож зардлаа тана-сан, хассан нэр зүүж, нөгөө хэсэг нь шаардлагатай нэмэлт ажлуудын төсвийг оруулсан нэр зүүлээ. Улс орны эдийн засагт нөлөөлөх тодотгол болж чадаагүй.

- Олон улсын валютын сантай тохирсон хөтөлбөрийн дагуу төсвийн алдагдлыг ДНБ-ий таван хувиас дээш гаргах ёсгүй. Гэтэл алдагдал ДНБ-ий 6.4 хувьд хүрчээ. Үүнийг яаж тайлбарлах вэ?

-Энэ нь тухайн жилийнхээ дүнгээр тооцогдоно. Оны эх-ний зургаан сарын байдлаар төсвийн дүн их гардаг. Тиймээс эхний хагас жилийн төсвийн алдагдал жаахан өндөр гарсан. Оны эцэс рүү шилжээд таван хувьд барих боломжтой. Төсвийн урсгал зардлыг хавтгайруулсан байдал харагдаж байгаа. Тиймээс цаашид үүнд анхаарах шаардлагатай. Үр ашиггүй олон орон тоо, данхайсан бүтэц төсөвт дарамт, ачаалал өгч байгаа. Дараа оны төсвийг хэлэлцэхдээ байгууллагын урсгал зардал, бүтэц орон тоог харж, ул суурьтай хандах ёстой. Гэхдээ төсөв хэмнэх гэж байгаа нь энэ гээд орон тоог ихээр цомхотгох нь эргээд сөрөг үр дагавартай. Орон тоог багасгаж, ажлын байрыг бууруулах замаар төсөв хэмнэх нь оновчгүй. Дараа нь тэднийг хэн ажилтай болгох вэ. Ажилгүй болсон иргэд халамж авна. Тэгэхээр нэг талаасаа хэмнэж байгаа юм шиг харагдавч зардал өснө.

-57 тэрбум төгрөгийн ажлыг дараа он руу шилжүүлсэн. Үүний дотор нийслэлийн авто замын ажил багтсан байсан. Дараа он руу шилжүүлэх нь хэр оновчтой вэ?

-Үүнд эсрэг байр суурьтай байсан. Өнөө маргаашийн сэтгэлгээгээр асуудалд хандаж болохгүй.Дараа жил хийх ажил их байна. Энэ онд хийх ёстой байсан хөрөнгө оруулалтын ажлаа хойшлуулчихаар дараа жилийн ажил энэ хэмжээгээр шахагдана. Ирэх жилийн төсөв ачаагаа даах уу. Энэ асуудлыг Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэнд тавьсан. Санал нэг байгаа, хүнд байгаа гэдгийг өөрөө хэлсэн. Нэгэнт мэдсээр, харсаар, ойлгосоор байж ийм шийдэл хийсэн нь төсвийн тодотгол оновчтой болж чадаагүйн нотолгоо болж байгаа юм.

-Чуулган дээр их хэмжээний хөрөнгө оруулалт шаардлагатай төсөл, хөтөлбөр батлаад байгаа болон хөрөнгө оруулалтын ажлыг хойшлуулсан нь 2012 оноос хойших төсвийг хэлүүлцүүлнэ гэж яригдсан. Үнэхээр төсөв даахгүй юм болов уу?

-Нэг талдаа тайван байгаа. Төсвийн орлого талдаа одоогоор эх үүсвэр муутай, сайн биш байгаа. Цаашдаа стратегийн орд эргэлтэд ороод Засгийн газрын яриад байгаа шиг төсвийн эх үүсвэр нэмэгдвэл энэ асуудлуудыг шийдэх боломж гарна гэж бодож байна. Үнэхээр Оюутолгой шиг худлаа яриад, төсвийн эх үүсвэр нь байхгүй байдалтай алдагдалтай төсөв батлаад суувал энэ ажил хэзээ ч цаашаа явахгүй. Уул уурхай гэдэг асар их боломжийг Засгийн газар яаралтай эргэлтэд оруулж төсвийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх тал дээр бодит алхам хийх ёстой. Цөөн тооны компани, хэдэн хүн л ашиг хүртэж баяжаад, төсөвт ямар ч нэмэргүй, иргэдийн амьдралд ч хүртээлгүй өнгөрвөл эмгэнэлтэй. Шулуухан хэлэхэд, өнгөрсөн онд "MCS" компани Ухаа худагаас өчнөөн тонн нүүрс олборлож экспортоллоо. Ашиг орлогоос улсын төсөвт хэчнээн төгрөгийг төвлөрүүлсэн, цэвэр ашиг нь хэд байсан зэрэг нарийн тооцоо судалгаа огт мэдээлэгдээгүй. Энэ тал дээр ч холбогдох байгууллагууд анхаарах ёстой. Хэдхэн хүн баяжаад, ард иргэд нь ядуу хэвээрээ, улсын төсөв нь муу байж болохгүй. Оюутолгойн гэрээнээс хэн хожиж байна. "Авенхоу майнз" компанийн Торонто, Хонконгийн хөрөнгийн бирж дээр гаргасан хувьцаа хэдэн тэрбум ам. доллараар өсч байна. Миний авсан мэдээллээр 7.2 тэрбум ам.долларын хэмжээний хөрөнгө босгосон байна лээ. Гэтэл Монголын төрд ногдож байгаа 34 хувь нэг ч хувь өсөөгүй байна. Хэнд ашигтай гэрээ байсан юм бол. Гэрээ байгуулагдаад жил болоход урьдчилгаа төлбөр юм уу, урьдчилгаа зээл юм уу бүү мэд 250 сая ам.доллар харуулаад л Оюутолгойн хувь заяа хаашаа эргэсэн нь тодорхойгүй байдалтай өнөөг хүрлээ.

-250 сая ам.долларыг 10 хувийн хүүтэй эргэн төлөгдөх зээл гэж яриад байсан?

-Албан ёсны мэдээлэл УИХ дээр хийгдээгүй байгаа. Би л лав сонсоогүй. Уул уурхайн хувь заяа ийм байдалтай явж байна. Цаашид уул уурхай, ашигт малтмал дээр тавих төрийн хяналтыг чанга болгох хэрэгтэй. Төр үнэхээр ашигт малтмалын ашиглалт дээр хяналт тавьж чадахгүй байна.

-Та хүүхдийн мөнгийг Хүний хөгжлийн сангаас гадна тусгаж өгөх хэрэгтэй гэсэн саналтай байсан. Үнэхээр төсвөөс гаргах боломжтой юм уу?

-Хүүхдийн мөнгө зайлшгүй байх ёстой. Хүний хөгжлийн сангаас хүүхдийн мөнгийг өгөхийг эсэргүүцэж байгаа. Хүний хөгжлийн сан тогтвортой эх үүсвэр биш. Уул уурхайгаас хараат сан учраас ашигтай байвал л арвижаад, ашиг өгөхгүй бол хоосон болно. Гэтэл хүүхдийн мөнгө найдвартай эх үүсвэрээс гарах ёстой. Энэ ч утгаараа найдвартай улсын төсвөөс олгох учиртай. Төсөвт хүүхдийн мөнгө олгох эх үүсвэр суулгах бүрэн боломж бий.

-Төсөвт хүүхдийн мөнгийг суулгавал ачааллаа даахгүй гэж үзэж байгаа шүү дээ?

-Хүсэхгүй л бол аливаа зүйл бүтдэггүй. Аливаа юмыг хүсвэл болохгүй, бүтэхгүй зүйл гэж үгүй. Тиймээс нэг хэсэгт нь хүүхдийн мөнгийг олгох хүсэл, сонирхол байхгүй байгаа юм. Улс төржүүлж л хараад байгаагаас биш Монголын ирээдүй гэж харахгүй байна. Хэрэв хүүхдийн мөнгийг өгчихвөл Ардчилсан нам ч юм уу аль нэг улс төрийн хүчин нэмэх оноо авч манайх хасахыг авна гэж заавал улс төрийн хожоо хараад байна. Тиймээс битгий ашиг хонжоо хараач, Монголын ирээдүй рүүгээ чиглэсэн хөрөнгө оруулалт хийгээч гэж хэлээд байгаа юм. Ирээдүйгээсээ хөрөнгө харамлаад хэрэггүй. Хүүхдүүд эрүүл, боловсролтой, бие бялдрын өв тэгш хүмүүжилтэй болбол Монгол Улс тэр хэмжээний хөгжилтэй орон болно. Харамлах тусам бидний ирээдүй гундуу байна шүү дээ.

-2009 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрөөс өмнө төрсөн хүүхэдбүр хуулиараа 100 мянган төгрөг авах ёстой. Мөн гэрлэлтээ батлуулсан бичиг баримтаа бүрдүүлсэн гэрбүлүүд 500 мянган төгрөгөөавах ёстой. Оны өмнөшинээр төрсөн хүүхэд, гэрбүлээ батлуулсан гэр бүлийнсудалгааг гаргаж хөрөнгийгтөсвийн тодотголоороруулж нөхөн олгоно гэж байсан. Тодотголоор энэ асуудал шийдэгдсэн үү?

-Энэ асуудал огт орж ирээгүй. Яригдаагүй. Хууль хүчин төгөлдөр байхад төрсөн л бол мөнгөө авах ёстой.

-Тодотголоор хөрөнгө шийдэгдээгүй тул ирэх жилийн төсөвт суулгана гэсэн үг үү?

-Ирэх жилийн төсөвт суулгаж шийдэх л ёстой. Монголын төр өөрөө хуулиа дээдлэх үүрэгтэй. Монгол Улсын Үндсэн хуульд Монгол Улсын төрийн байгууллага, түүний албан тушаалтнууд зөвхөн хууль дээдлэх зарчмаар ажиллана гэсэн заалт бий.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.