2010.06.17

Д. Ганхуяг: Хөдөлмөрлөх боломжтой хүмүүст биш хүүхдүүдэд мөнгө олгох нь зөв

Хүүхдийн мөнгөний талаар УИХ-ын гишүүн Д.Ганхуягтай ярилцлаа.

 

-Засгийн газар хүүхдийн мөнгийг олгохгүй гэсэн байр сууриа илэрхийлсэн. Харин АН-ын бүлэг ирэх сарын 1-ээс өгөх нь зүйтэй гэж олон удаа мэдэгдсэн. Энэ талаар танай бүлгийн саналыг тодруулмаар байна?

-Манай бүлгийн Н.Батбаяр, Р.Гончигдорж, МАХН-аас Д.Оюунхорол гишүүн хүүхдийн мөнгө олгох хуулийн төсөл санаачилж Засгийн газарт өргөн барьсан. Гэвч Засгийн газар хөрөнгийн эх үүсвэр байхгүй, хүүхдийн мөнгийг олгох боломжгүй гэсэн хариу өгчээ. Өгье гэвэл боломж байгаа. Манай намын бүлгээр хуулийн төслийг хэлэлцээд хүүхдийн мөнгийг cap бүр өгөх нь зүйтэй гэж үзсэн. Инфляцийг сүртэй хөөрөгдөхгүй гэж үзэж байгаа.

-Хүүхдийн мөнгийг олгох ямар боломж байна вэ. Төсвийн тодотголд суулгах бололцоо байгаа юу?

-Энэ оны тухайд иргэдэд 120 мянган төгрөг олгож байгаа. Түүнийгээ оролцуулъя. Нийт нэг сая орчим хүүхэд бий. Тэдэнд нэг жилд 240 орчим тэрбум төгрөг шаардлагатай юм. Гэтэл энэ он талдаа орчихсон. Заавал доддугаар сарын 1 гэлгүй хугацааг арай хойшлуулж болох юм. Одоо энэ оны хоёрдугаар улирал дуусаад гуравдугаар улирал руу орох нь. Тэгэхээр дөрөвний нэг нь буюу 30-хан тэрбум төгрөг хэрэгтэй байгаа биз.

-Төсвийн тодотголоос шаардлагагүй зарим хөрөнгө оруулалтыг хасч хүүхдийн мөнгийг босгох боломжтой гэж танай бүлэг үзэж байсан биз дээ?

-Ер нь хөрөнгө оруулалтын үр дүн, эргэн төлөлт маш муу байгаа. Улсын төсвийн зардал их байна. Манай төсвийн орлогын ихэнх хувь зэсийн татвараас шууд хамааралтай. Үнэ хэлбэлзэж магадгүй гээд 200 гаруй тэрбум төгрөг нөөцлөх шийдвэр гарч байна. Үүний тал хувь нь л хэрэгтэй байгаа биз. 120 тэрбум нэг сая тонн нүүрс-ний үнэ л юм билээ.

-АН-ын бүлэг Засгийн газрын шийдвэрийг яаж хүлээж авах бол?

-Ирэх долоо хоногт манай намын бүлгээр ярилцах байх. Хүүхдийн мөнгийг асар ач холбогдолтой халамж гэж би боддог. Яагаад гэвэл хүүхдүүд хөдөлмөр эрхлэх боломжгүй хэрнээ их зардал гаргадаг. Нөгөө талаар нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн сүүлийн хэдэн жил өссөнгүй. Гэтэл өргөн хэрэглээний барааны үнэ өсчихсөн болохоор иргэд цалин, тэтгэврээрээ амьдрах боломжгүй байна. Тийм учраас цалингийн бус орлого зайлшгүй хэрэгтэй байгаа юм. Ер нь хөдөлмөр эрхлэх боломжтой хүмүүст янз бүрийн халамж өгөх нь дэмий. Харин нийт хүүхэддээ өгөх нь хамгийн оновчтой халамж болно. Хүүхдийн мөнгийг олгох боломж байгаа.

-Хүүхдийн мөнгөний тухай хуулийг хүчингүй болгоод хэдхэн cap болж байхад буцааж сэргээх нь зохимжгүй гэж Засгийн газар үзээд байгаа шүү дээ?

-Хөдөлмөрлөх боломжтой хүмүүсийг аманд, хамарт ч үгүй жоохон мөнгөөр торгоох нь өөрсдөд нь муу, халамжийг ч үр ашиггүй зарцуулна. Энэ нь хөдөлмөрлөх чадвартай хүмүүсийг халамж руу татаад байна. Өгч байгаа халамжаасаа болоод цалин, тэтгэврээ нэмж чаддаггүй. Иймд нийгмийн халамжийн бодлогыг зохистой болгох шаардлагатай. Хамгийн оновчтой бодлого бол хүүхдийн мөнгө гэж үзэж байна. Санал асуулгаар ард түмэн ч хүлээн зөвшөөрдөг юм билээ. Энд үүсвэргүйтээд байх юм огтхон ч алга.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.