Б.Батзоригийг УИХ-ын гишүүнээс түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзлээ
2018.11.07

Б.Батзоригийг УИХ-ын гишүүнээс түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзлээ

Өнөөдөр /2018.11.07/ УИХ-ын ээлжит бус чуулган хуралдлаа. Тодруулбал Монгол Улсын Ерөнхий Прокуророос УИХ-ын гишүүн Б.Батзоригийг Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг УИХ-д тавьсан юм. 

Улсын ерөнхий прокурор, Төрийн хууль цаазын тэргүүн зөвлөх М.Энх-Амгалан: "Улсын Их Хурлын гишүүн Б.Батзориг нь “Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө, аж ахуйн сайдаар ажиллахдаа Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас зээлийн санхүүжилт олгох шийдвэр гаргахдаа албаны бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон” гэх эрүүгийн хэрэгт Авлигатай тэмцэх газар мөрдөн шалгах ажиллагаа явуулж, Нийслэлийн прокурорын газраас хяналт тавин ажиллаж байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаар Улсын Их Хурлын гишүүн Б.Батзориг нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан улс төрд нөлөө бүхий этгээд болох Засгийн газрын гишүүний эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглах гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдсон тул мөрдөгчийн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах саналыг прокурор хянаад үндэслэлтэй гэж үзэж 2018 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол үйлдсэн тухай дурджээ.

Иймээс холбогдох хуульд заасны дагуу Улсын Их Хурлын гишүүн Б.Батзоригийн Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг тавьсан" гэлээ.

Уг асуудлаар УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хороо, Хууль зүйн байнгын хороо, Төрийн байгуулалтын байнгын хороод хуралдсан талаарх санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, Ш.Раднаасэд, Д.Лүндээжанцан нар уншиж танилцуулав. 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн О.Баасанхүү,  Л.Болд, Д.Оюунхорол, Х.Нямбаатар, Ц.Даваасүрэн, Ө.Энхтүвшин, М.Билэгт нар байр сууриа илэрхийлсэн юм.

Үүний дараа байнгын хорооноос гаргасан УИХ-ын гишүүн Б.Батзоригийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэсэн саналын томъёоллын дагуу нууц санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 86.8 хувь нь дэмжлээ.