2018.11.07

М.Билэгт: Мал сүрэг бол Монголчууд бидний үндэсний баялаг

УИХ-ын намрын ээлжит чуулган эхэлснээс хойш нэг сарын хугацаа өнгөрч байна. Энэ хугацаанд хэлэлцэж баталсан хамгийн гол хууль бол Монгол Улсын 2019 оны нэгдсэн төсвийн тухай хууль юм. Жил бүрийн энэ цаг үед баталдаг төсвийн тухай хуульд тэнцвэржүүлсэн орлогын хэмжээг 7,353,673.5 сая төгрөг, зарцуулах төсвийн зарлага нь 9,406,581.7 сая төгрөгөөр батлав. Зарлага нь орлогоосоо давсан төсвийн тухай хуулийн төслийг хэлэлцэх үед орлогоо нэмэгдүүлэх боломж бэлэн байгааг УИХ-ын гишүүн М.Билэгт чуулганы хуралдааны үеэр хэдэнтэй хэлсэн юм.

Шавхагдашгүй баялгаа ашиглаж орлогоо нэмэгдүүлье

Монгол Улсын төр төсвийн орлогоо бүрдүүлэхдээ сүүлийн 20 жил уул уурхай, газар доорх баялгаа ухаад л орлого олно гэж тооцоолол гаргаж байна. 1990 онд 25 сая толгой малтай байхдаа жилдээ 100 мянган тонн мах экспортлоод, 60 мянган адуу гаргаж валютаа бүрдүүлж чадаж байсан. 2019 оны төсөвт нүүрсээ ухаж гаргаад 1,3 их наяд төгрөг олно гэсэн тооцоо байна. Гэтэл малаа, махаа экспортлоод хамгийн багадаа хагас тэрбум ам.доллар оруулж ирэх боломжтой. Бид шавхагддаг баялгаа бус шавхагдашгүй баялгаа ашиглаж эдийн засгаа нэмэгдүүлэх боломжоо бүрдүүлмээр байна.

Нүүрс биш хүнс экспортлогч орон болоё

Төсвийн орлого бүрдүүлэлт, валютын ханшийн өсөлт зэрэг анхаарч ажиллах ёстой зүйлс их байна. Бид хөгжингүй орны туршлагаас суралцан, судалж даган дууриаж болох ч үндэснийхээ онцлогт зохицсон орлого бүрдүүлэх арга замуудыг бий болгох ёстой. Монголчууд дотооддоо үйлдвэрлээд хэрэглэж болох олон зүйлсийг гаднаас худалдан авч байна. Бид нүүрс биш Хүнс экспортлогч орон болох боломж байна.

Мал аж ахуйн салбарын зарим тоон мэдээллийг харвал;

Төрийн бодлого сүүлийн жилүүдэд малын тоо толгойг өсгөх талруу чиглэсэн. Өнөөдөр малын тоо 66,2 сая толгойд хүрсэн. 18 сая толгой төл авсан. Өнөөдөр Монгол Улс 168 мянган малчин өрхтэй. 350 мянган малчинтай. Энэ жил Монгол Улс 15 сая толгой малын мах бэлтгэж эдийн засгийн эргэлтэд оруулж, гадаад дотоодын зах зээлд борлуулахаар төлөвлөсөн.

Монгол Улс өнгөрсөн 70-80 жил мал аж ахуйгаасаа төсвийн орлогоо бүрдүүлээд, түүн дээрээ тулгуурлан эдийн засгаа аваад явчихдаг байсан. Харин өнөөдөр хэдхэн хувийн хэвшлийнхэн, жижиг дунд, бичил үйлдвэрлэл эрхлэгчид мал аж ахуйн бүтээгдэхүүнээ үйлдвэрлэн, борлуулах гээд хичээж байгаа ч төрийн дэмжлэггүй учраас дорвитой ахиц гарахгүй байна.

Гэтэл өнөөдөр МАА өсөлтөөсөө борлуулалт нь хэд дахин хоцорчхоод, экологийн тэнцвэр алдагдчихаад байна. Тэгэхээр Монголын төр үндэсний баялгаа дэмжих шаардлагатай болоод байгаа юм.

Мал сүрэг бол Монголчууд бидний үндэсний баялаг. Газар тариалангийн салбарынхан “Атрын -3” аяны хүрээнд төрөөс бодлогын дэмжлэг авч энэ салбар хурдачтай хөгжиж өнөөдөр монголчууд үр шимийг нь хүртээд сууж байна.

Газар тариалангийн салбарын зарим тоон мэдээллийг харвал;

2018 оны 10 сарын эцсийн байдлаар Монгол Улс 415 мянган тонн үр, тариа, 165 мянган тонн төмс хүнсний ногоо хураан авч дотоодын улаан буудай, төмсний хэрэгцээгээ 100 хувь хангах боломж бүрдсэн.

Үүнтэй адил мал аж ахуйн салбратаа атрын аян шиг аян эхлүүлж энэ салбарын үйлдвэрлэл, экспортыг дэмжих цаг болсон гэдэг санаачлалгыг УИХ-ын гишүүн М.Билэгт гаргаж байсан юм.

УИХ-ын гишүүн М.Билэгт чуулганы хурал бүрт шахам үг хэлж, байр сууриа илэрхийлэхдээ мал аж ахуйн салбар, малчдын ахуй амьдрал, малын эрүүл ахуй, бэлчээрийн даац, уламжлалт хүнс, малын гаралтай түүхий эдийн үйлдвэрлэлт, экспорт, борлуулалт, түүнийг дагасан бичил, жижиг дунд үйлдвэрлэгчдийг дэмжих тухай хэлдэг нь зүгээр ч нэг улиг болсон асуудал биш үг бүрийн цаана өнөөгийн нийгмийн өнгө төрх, түүнийг засч сайжруулах боломж, гарц байгааг тэрээр олж харсан учраас хэлдэг юм.

Бэлчээрийн даац нь малынхаа  тоо толгойг дийлэхгүй байна

Монгол Улс хэдэн мянган жил нөхөн сэргээгддэг үндэсний энэ баялаг дээрээ эдийн засгаа авч явж байсан. Харин зах зээлийн эдийн засагт шилжээд төрийн зохион байгуулалт байхгүйгээс бол баялаг маань хог дээр хаягдаад байна. Малын тоо толгой 2000 онд 30 сая байсан бол 17 жилийн хугацаанд 84 сая болчихоод өсөлт нь борлуулалтаа гүйцэхээ байчихаад байна. Хувийн хэвшил нь борлуулалтаа хийнэ биз гээд орхичихсон. Дотоодын хэрэгцээнд 10 сая толгой мал, экспортонд нийлүүлж байгаагаа оруулаад өнгөрсөн 2017 онд 14 сая толгой мал эдийн засгийн эргэлтэнд орсон. Гэтэл жилд 20 сая толгой төл авч байна. Малын тоо толгой өссөнөөс бол бэлчээрийн даацын асуудал нэмэгдсэн. Малын тоо их хэдий ч өндөр настай цөөхөн хэдэн малчин үлдээд байна. Төрөөс зохицуулалт хийхгүй бол цаашид үндэсний баялаг үгүй болох эрсдэлтэй.

ЕБС-ийн хоол хүнсэнд үндэсний уламжлалт хүнсээ нэмэгдүүлье

Бид өмнө нь 70, 80 жил хэрэглээд болж байсан зүйлсээ импортын бүтээгдэхүүнээр сүүлийн 28 жилийн дотор сольчихоод байна. Жишээ нь сурагчдын түгээмэл хэрэглэж байгаа хүнсний бүтээгдэхүүн дээр шинжилгээ хийхэд 20 бүтэгдэхүүнээс 15-д нь 4 төрлийн хүнсний будагч бодис илэрсэн. Ийм зүйлийг бид хүүхдийнхээ хүнсэнд хэрэглэдэг болчихоод байна. Гэтэл органик уламжлалт хүнсний бүтээгдэхүүнээ хэрэглээнээсээ хасчихсан байна. Өнөөдөр ЕБС-ийн хүүхдүүдйн хоол хүнсийг тендэрээр хэн нь мэдэгдэхгүй нэг компани аваад чанаргүй, хүүхдийн хүнсэнд хэрэглэх боломжгүй зүйлсийг ч нийлүүлээд байж байна. Тиймээс орон нутагтаа үйлдвэрлэж байгаа үндэсний бүтээгдэхүүнээ орон нутгийнхаа сургуулиуд нь хэрэглэх боломжийг нь нээж өгөх хэрэгтэй байна.

Малчдын ахуй, нийгмийн хамгааллын асуудлыг анхаарах хэрэгтэй

Мал хэдий өсөөд байгаа ч малчдын ахуй амьдрал хүнд байна. Малчид нь цөөрч, нас нь хөгширч байна. Тиймээс энэ уламжлалт аж ахуйгаа босгоход анхаарах хэрэгтэй байна. Малчид нийгмийн даатгалын шимтгэлээ нөхөн төлж, тэтгэвэрт хамрагдах боломжийг дахин хойшлуулж байгаа нь маш буруу шийдвэр.

Махны экспортыг нэмж, түүхий эдийн үнийг өсгөх хэрэгтэй
Сүүлийн 7 жилийн хугацаанд малын тоо толгой өмнөхөөсөө 2 дахин их өссөн. Гэтэл өнөөдөр махны экспорт өссөнгүй, түүхий эдийн үнэ 2015, 2016 онд хамгийн доод түвшиндээ хүрч унаж, хог дээр хаях хэмжээнд хүрсэн. Өнөөдөр 66 сая малын 60 сая нь хонь, ямаа буюу бог мал байна. 10 саяыг нь дотооддоо, 20 саяыг нь гадаад руу экспортлох боломж байна.Өөрөөр хэлбэл, төрийн өмчит компаниа байгуулаад үүнийг зохицуулах юм бол өнөөдөр 30 доллар байгааг  100 доллар болгох нэгдэх удаагийн дорвитой арга хэмжээг хийх хэрэгтэй байна гэсэн байр суурьтай байна. Яагаад гэвэл тариаланчдаас буудайг нь төр авч, нэгдсэн үнээр үйлдвэрүүд рүү нийлүүлдэг. Үүн шиг мал аж ахуйн салбарт төр оролцох хэрэгтэй байна.

Мал аж ахуйн салбарыг тойрсон чухал бодлогын хэмжээний санал гаргадгаараа М.Билэгт гишүүн бусдаасаа ялгарч байна. Монголчууд бид шавхагдаж дуусах газар доорхи баялгаа өнөөдөр ухаж идэхийн оронд шавхагдашгүй, жилээс жилд 10 саяараа нөхөн сэргээгдэж байдаг таван хошуу малаа эдийн засгийн эргэлтэндээ оруулах цаг нь болжээ.

 Ц.Соёлмаа