Малын генетик нөөцийн тухай хуулийг хэрэгжүүлэх төсөв 2019 оны төсөвт суусан уу?
2018.10.30

Малын генетик нөөцийн тухай хуулийг хэрэгжүүлэх төсөв 2019 оны төсөвт суусан уу?

БОХХААБХ-ын хуралдаанаар  Мал тооллого, хадлан, тэжээл, ургац хураалт, өвөлжилтийн бэлтгэл ажил, хүнсний ногооны хангамжийн асуудлаарх Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэв.

 Уг тогтоолын төсөлд Бэлчээр хамгаалах болон Таримал ургамлын үр сортын тухай хуулийн төслийг боловсруулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх, тариалангийн бүс нутагт эрчимжсэн мал аж ахуйг төрөлжүүлэн хөгжүүлэх, тооцоо судалгаа гаргах, хөтөлбөр боловсруулж батлуулах, тариалангийн бүс нутагт сэлгээний таримлыг сонгон нэвтрүүлэх, өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг бий болгох чиглэлээр төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлж ажиллах, малын генетик нөөцийн төлөв байдлыг үнэлэх, тодорхойлогдоход шаардагдах санхүүжилтийг шийдвэрлэх, үүлдэр омгийн малыг үржүүлэх, бүс нутгийн байршлыг тогтоох, малыг ялган тэмдэглэх, бүртгэлжүүлэх, мэдээллийн нэгдсэн сангийн системийг шинэчлэх туршилтын төслийг эхлүүлэх ажлыг шуурхай зохион байгуулах заалтыг тусгажээ. 

Түүнчлэн малыг зах зээлийн эргэлтэд оруулах, махны экспортыг нэмэгдүүлэх зорилгоор орон нутагт үйлдвэрийн аргаар мах бэлтгэх ажлыг өргөжүүлэх, малын удмын сангийн үндэсний төвийн үйл ажиллагаагг өргөжүүлж, дэлхийн жишигт нийцсэн мал үржүүлэг, орчин үеийн биотехнологийн шинжлэх ухааны ололт, дэвшилтэт технологи, инновацийг нэвтрүүлэх, орон нутгаас тухайн жилд шаардлагатай таримал тэжээлийн захиалгыг авсны үндсэн дээр тариалалт хийх, шаардагдах стандартыг боловсруулж батлуулах, улсын нөөцөд ногоон тэжээлийг авах асуудлыг судалж, шийдвэрлэх арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Ерөнхий сайдад чиглэл болгохоор  тус тус тусгажээ. 

Байнгын хорооны тогтоолын төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн, Д.Эрдэнэбат, Б.Бат-Эрдэнэ, Г.Мөнхцэцэг нар асуулт асууж, хариулт авсан. Гишүүдийн хувьд малыг ялган тэмдэглэх, бүртгэлжүүлэх, мэдээллийн нэгдсэн сангийн системийг шинэчлэх ажил удаашралтай, хуулийн хэрэгжилт хангалтгүй байгааг анхааруулаад хуулийг хэрэгжүүлэхэд нийт хэчнээн төгрөгийн санхүүжилт шаардлагатай байгааг тодрууллаа.

УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн

Жилийн өмнө гарч байсан Малын генетек нөөцийн тухай хуулийг дагаж гарч байсан тогтоолтой ижил агуулгатай төсөл байна. Хуулийг батлагдсан. Хуультай холбоотой тогтолцооны ажлууд хэзээ хийж дуусах вэ? өнөөдөр харагдах зүйл алга байна.

Ажлын хэсгийн зүгээс, малын генетик нөөцийн төлөв байдлыг үнэлэх, тодорхойлоход 27 тэрбум төгрөг, малыг ялган тэмдэглэх, бүртгэлжүүлэх, мэдээллийн нэгдсэн сангийн системийг шинэчлэхэд эхний ээлжинд 10 тэрбум төгрөг шаардлагатай байна. Гэвч төсөв, мөнгөний хүрэлцээгүйгээс энэ асуудлыг шийдвэрлэх зардал улсын төсөвт суугаагүйг хариултдаа онцолсон. Харин салбарын сайд Б.Батзориг Малын генетик нөөцийн тухай, Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгө төсөвт тусгагдаагүй ч, Швейцарь, Франц зэрэг олон улсын төсөл, хөтөлбөрүүдтэй хамтран хуулийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна гэв.

Тогтоолын төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүдээс зарчмын зөрүүтэй саналын томьёолол гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Д.Эрдэнэбат, төсөлд

“Сэлэнгэ аймгийн ургацын 50 хувийг бүрдүүлдэг Шаамар, Зэлтэр, Цагааннуур, Зүүнбүрэн сумыг холбосон 120 км замыг хатуу хучилттай болгоход шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг олох”, “2019 оноос эхлэн хүн амын гурилын хангамжийг тогтворжуулах зорилгоор жил бүр улаанбуудайг тухайн жилийн дотоодын ургацаас нэн тэргүүнд улсын нөөцөд авч тооцох эдийн засгийн болон эрх зүйн зохицуулалт хийх” гэсэн заалт нэмж тусгахыг хуралдаанд оролцсон гишүүд тус тус дэмжлээ.

Мөн Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ төслийн 6 дугаар заалтыг “Малыг зах зээлийн эргэлтэд оруулах, махны экспортыг нэмэгдүүлэх чиглэлээр тодорхой арга хэмжээ авч, орон нутагт үйлдвэрийн аргаар мах бэлтгэх ажлыг өргөжүүлэх” гэж өөрчлөн найруулах саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх  дэмжив гэжУлсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.