Ч.Улаан: Сайд бүрт сан бий, сайн шалгах хэрэгтэй
2018.11.05

Ч.Улаан: Сайд бүрт сан бий, сайн шалгах хэрэгтэй

УИХ-ын гишүүн Ч.Улаантай 2019 оны улсын төсөв болон улс төрийн хүрээнд өрнөж буй зарим үйл явдлын талаар ярилцлаа.

ТӨСВИЙН БАЙНГЫН ХОРОО ИРЭХ ОНЫ ТӨСВИЙГ САЙЖРУУЛЖ ЧАДСАНГҮЙ

УИХ өнгөрөгч Баасан гаригт 2019 оны төсвийг баталлаа. Таны бодлоор ирэх жилийн төсөв иргэд болон аж ахуйн нэгжид хэр өгөөжтэй чамбай  төсөв болсон бэ?

-Ер нь жил жилийн намар УИХ-ын хийдэг гол ажил бол төсөв батлах явдал юм. Төсөв бол байнгын ажиллагаатай парламентын тасралтгүй хийдэг ажлын нэг нь. Жилийн туршид төсөв ярьж, төсвийн асуудлыг шийддэг.

Энэ жил, хуулийн хугацаандаа багтаж ирэх жилийн төсвийг баталлаа. Энэ бол нэг алхам. Таны асуусанчлан төсөв хэр чамбай болсон бэ гэдэгт сайн эсвэл муу боллоо гэж салангид авч дүгнэх нь буруу юм. “Гэрэл байдаг учраас сүүдэр бий” гэж ярьдаг. Үүнтэй л адил ойлголт юм.

Засгийн газраас өргөн мэдүүлсэн төсөвт бодлого чиглэл дээр нэлээд боловсронгүй хандсан байсан. Улсынхаа өрийг багасгая, өрийн дарамт, ачааллаа багасгая зэрэг асуудалд ач холбогдол өгч ажилласан.

Төсвийн сүүдэртэй тал нь гэвэл хөрөнгө оруулалтын объектын тоог хэт өсгөж, зураг төсөлгүй олон обьектыг суулгасан. Би хувьдаа УИХ төсвийг батлахдаа оруулж ирсэн хувилбараас нь хэд дахин илүү сайжруулах ёстой л гэж боддог. Гэтэл тэгж чадаагүй. Сайжруулах боломж бий юу гэвэл бий.

Өнөөдөр эдийн засаг харьцангүй өсөлттэй мөн ОУВС-гаас дэмжлэг авч, дэлхийн зах зээл дээр манай стратегийн бараа бүтээгдэхүүний үнэ ханш боломжийн өндөр байгаа ийм таатай нөхцөл дээрээ тулгуурлаж төсвийнхөө үзүүлэлтийг бага ч гэсэн сайжруулаад авах боломж байгаа.

Би аливаа асуудалд хандахдаа үүнээс илүү сайн болгож болох байсан уу гэдэг асуултыг байнга өөртөө тавьдаг л даа. Ямар ч асуудлыг анхны хувилбараас илүү сайн байлгаж болох байсан уу, тэр боломжийг бид ашиглаж чадсан уу гээд төсвийг авч үзвэл бид боломжийг ашиглаж чадсангүй.

Засгийн газрын оруулж ирсэн төсвийн чанарын үзүүлэлтийг УИХ хэлэлцэхдээ сайжруулах бус харин эсрэгээрээ дордуулсан гэж би дүгнэж байгаа. Өөрөөр хэлбэл, Төсвийн байнгын хороо ирэх оны төсвийг сайжруулж чадсангүй, ажил хэрэгч хандсангүй. Тиймээс би хэд хэдэн асуудалд сэтгэл дундуур байгаа.

-Тухайлбал?

-Төсөв гэдэг УИХ-ын өөрийнх нь бизнес шүү дээ. Үүн дээр гишүүн болгон тооцоо судалгаатай оролцож, саналаа хэлж ажиллах ёстой. Гэтэл Төсвийн байнгын хороон дээр ингэж ажиллах боломж бүрдсэнгүй.

Ажлын хэсэг байгуулж, ажлын хэсэгт асуудлаа хариуцуулаад л үлдсэн. Уг нь бол ажлын хэсэг тодорхой асуудлыг судалж, боловсруулаад Төсвийн байнгын хороонд оруулж хэлэлцүүлснийг гишүүд тал талаас нь шүүгээд, ажлын хэсгээс гаргасан саналаас энэ нь зөв, энэ санал нь оновчтой байна. Сайжруулах ийм боломж байна гэдэг хандлагаар төсвийг хэлэлцэх ёстой юм л даа. Гэтэл УИХ хэлэлцэх үеэр төсөв эзэнгүй юм шиг л байлаа.

Яагаад гэвэл бага зэрэг эгзэгтэй асуудал гараад ирэнгүүт л Төсвийн байнгын хорооны дарга Б.Чойжилсүрэн  “Ажлын хэсэг тэгж үзсэн юм билээ” гэж л хариулдаг. Уг нь Төсвийн байнгын хороо мэргэжлийн байнгын хороо. Мэргэжлийн байнгын хороо гэдэг нь өөрөө төсвийг сайжруулах үүргийг хүлээдэг.

Засгийн газар өөрийнхөө түвшинд төсвийг муугүй боловсруулж оруулж ирсэн. Үүнд нь сайжруулах асуудал байна уу, үгүй юу гэдгийг УИХ-ын 76 гишүүн ухаанаа уралдуулж ажиллах ёстой байхгүй юу. Үүний үр дүнд сайн төсөв болж гарна. Төсвийн байнгын хорооны дарга Б.Чойжилсүрэнг би хувьдаа ойлгохгүй байгаа. “ОУВС төсвөө сайжруулж болохгүй гэж хэлсэн” гээд их сонин байр суурь илэрхийлж байна. Яалаа гэж ОУВС ингэж хэлэх вэ дээ.

Харин ч төсвийг  ажил хэрэгчээр хэлэлцээд, үзүүлэлтээ сайжруулаад баталчихвал ОУВС бидэнд баяр хүргэнэ шүү дээ. Гэтэл байнгын хорооны дарга нь маш буруу ойлголттой явж байна. Эдийн засгийн судлаач сонинд өгсөн нэгэн ярилцлагадаа “Төсвийн байнгын хороо ирэх оны төсвийг сайжруулж баталж чадахгүй. Яагаад гэвэл Төсвийн байнгын хорооны дарга нь чадвар муутай. Мөн ашиг сонирхлын зөрчилтэй” гэж хэлсэн байсан. Ний нуугүй ярихад, батлагдсан төсвийг хараад би оноод хэлчихэж дээ гэж бодож байгаа.

Б.ЧОЙЖИЛСҮРЭН ТӨСВИЙН БАЙНГЫН ХОРООГ МЭРГЭЖЛИЙН БАЙНГЫН ХОРООНЫХ НЬ ЗАРЧМААР АЖИЛЛУУЛААГҮЙ

Төсвийн үзүүлэлтийг сайжруулах ямар боломж байсан  бэ?

-Орлогоо оновчтой зөв дайчлаад, төсвийнхөө алдагдлыг багасгах байсан юм. 5.3 хувийн алдагдал бол маш өндөр. Нэг функтээр багасгалаа гэхэд энэ нь цаанаа эерэг үзүүлэлт. Мөн хууль зөрчсөн, хуулийн шаардлагад нийцэхгүй байгаа зүйлсээ засаад, зураг төсөвгүй объектын тоог нь цөөлөх ёстой.

Ингэвэл төсөв сайжирна. Төсөв батална гэдэг  зөвхөн өнөөдрийн үйл хэрэг биш. Төсөв бол хол, ойрын эерэг, сөрөг үр дагаврыг тооцож батлагддаг том төрийн бодлого юм. Хөрөнгө оруулалтаа хамаагүй нэмчихээр ирэх жил дуусгаж чадаагүй объектууд үлдэнэ. Дараагийн жилүүдэд дуусгахын тулд нэмэгдэл дахин шаардана. Хэрвээ хөрөнгө гаргаж чадахгүй бол царцсан барилгууд л олноор нэмэгдэнэ. Энэ мэт эерэг, сөрөг үр дагавруудыг тооцож төсвийг баталж боловсруулах ёстой. Харамсалтай нь, ингэж чадсангүй.

Би Байнгын хорооны даргатай санал нэгдэхгүй байгаагаа шууд хэллээ. Ажлын хэсгийн ахлагчийн зарим байр суурийг мөн ойлгохгүй байгаа. 2019 оны төсвийг батлах ажлын хэсгийн ахлагчаар ажилласан Д.Оюунхорол хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Бид зөвшилцлийн замаар бүх асуудлуудыг шийдчихсэн. Аль ч тойргийг илүү авч үзээгүй” гэж хэлсэн байна билээ. Ямар зөвшилцөл хэнтэй хийчихэв  гэж гайхаж л байна.

– Тав, тав, найман тэрбумаар нь хуваая гэж гишүүдтэй зөвшилцсөн юм биш үү. Тухайлбал, та ч гэсэн  тойрогтоо юу хийх тухай саналаа ч оруулсан байх, тийм үү?

– Таван тэрбум гэж байхгүй. Энэ нь  ийм учиртай юм. Засгийн газраас орж ирсэн төсөв дотор Орон нутгийн хөгжлийн сангаас санхүүжүүлэх хөрөнгө оруулалт 189 тэрбум төгрөг гэсэн үнийн дүн орж ирсэн. Гэтэл хяналтын явцад юу болсон бэ гэвэл 189 тэрбум төгрөгөөс тухайн аймагт оногдож байгаа дүнг тодорхой обьект болгох нэрийдлээр эзэнтэй болгох ажлыг УИХ-ын гишүүдээр хийлгэсэн байхгүй юу. Түүнээс биш төсвийг нэмээд л гишүүдэд таван тэрбум хуваасан асуудал огт байхгүй.

Үнийн дүнгээр байгаа обьектыг тодорхой хуульд нийцүүлээд обьект болгоорой гэхэд нь зарим гишүүн яг хуульд  нь нийцүүлээд  зураг төсөвтэй обьект оруулсан. Ингэж оруулж ирсэн гишүүн цөөхөн. Гэтэл бусад гишүүд үүгээр далимдуулан зураг төсөвгүй обьектууд нэмээд оруулсан. Ийм тооцоололгүйгээс үүдэж  зардал нэмэгдэнэ. Уг нь хэлэлцүүлгийн явцад энэ бүгдийг засчих бололцоо байсан.  Төсвийг сайжруулах боломж байсан ч авч үзсэнгүй л гэж  би хэлнэ. Орж ирсэн сайн үзүүлэлтүүдийг  зарим талаараа муудуулчихсан.

-Хэрэв Ерөнхийлөгч Х.Баттулга ирэх оны төсөвт хориг тавилбал таны хэлсэнчлэн сайжруулах боломж бүрдэх болов уу?

-Хориг тавиад засах нэг арга байна. Эсвэл Засгийн газар оруулсан төсвөө татаж аваад, саналуудыг нь судалж үзээд, Ерөнхийлөгчийн тавьж байгаа саналуудаас тусгаж, сайжруулаад төсвийн гурав, дөрөвдүгээр хэлэлцүүлэг хийх нэг арга зам байсан. Ерөнхийлөгчийн хоригоос гадна он гаргаад төсөвт тодотгол хийж дахин авч үзэх арга зам  байна.

Би ярилцлагынхаа эхэнд Монгол Улсын Их хурал бол байнгын ажиллагаатай парламентын хувьд төсвийг тасралтгүй жилийн турш хэлэлцдэг гэж хэлсэн нь ийм учиртай. Тийм учраас төсвийг цааш  нь  чамбайруулах сайжруулах бололцоо арга зам байгаа гэж би бодож байгаа.

 -Төсөвт цугласан хэдэн төгрөгөөрөө замаа тавих уу, эмнэлэг барих уу алийг нь хийх вэ гэсэн олон сонголтын өмнө шийдвэр гаргадаг байсныг төр хувийн хэвшилтэй хамтарч, шаардлагатай бүтээн байгуулалтуудыг концессын гэрээгээр гүйцэтгүүлдэг болсон нь өнөө хэр концесс тойрсон асуудал үргэлжид хэл ам дагуулж ирсэн. Ирэх оны төсөвт тусгагдсан концессууд ч гэсэн асуудал дагуулж байгаа. Энэ тал дээр та байр сууриа илэрхийлнэ үү?

– Ирэх онд концессын хэд хэдэн обьект байгаа. Ер нь бол концессыг нэлээн ул суурьтай, нухацтай авч үзэж асуудалд дүгнэлт хийх ёстой юм. Концессоо цэгцлээч гэж  гурван ч тогтоол гарсан. Үүн дунд  барих, шилжүүлэх нөхцөлөөр концесс битгий хийгээрэй гэж хүртэл тогтоол гарч байсан. Гэтэл ирэх онд барих шилжүүлэх, нөхцөлөөр концесс орж ирж байна. Үүнд Үндэсний Аудитын газрынхан дүгнэлт хийсэн юм билээ. Одоо ажил нь хийгдээд дууссан учир аж ахуй нэгжүүдийг хохироохгүй санхүүжилтыг нөхөх нь зүйтэй гэдэг бол нэг талаасаа зөв.

Концессын обьект, улсын төсвөөр хийгдэж байгаа обьект хоёрын хооронд 2-3 дахин үнийн зөрүү гардаг. Өөрөөр хэлбэл, концессын обьектод хяналт байдаггүй. Ний нуугүй хэлэхэд,  цаад тал  санаандаа орсон мөнгөө тавьж байгаа. Зарим обьект бол зээлийнхээ хүүгийн төлбөрийг суулгасан юм гэж тайлбар өгч байгаа обвьект хүртэл  ч бий. Тийм учраас  концессын асуудалд болгоомжтой хандах байсан юм. Харамсалтай нь, мөн л огт анхаарал хандуулсангүй.

Төсвөө хэдэн гишүүд яриад л өнгөрлөө. Шударга ёс, зарчмын үүднээс ярих юм бол тухайн аймагт хуваарилагдаж байгаа төрийн дэмжлэгийг Монгол Улсын бүх аймаг жигд хүртэх эрхтэй. Төсөв бол төрийн дэмжлэгийг тодорхойлдог. Монгол Улсын төр тухайн  аймгийг яаж дэмжиж байна вэ  гэдгийг төсвөөр  илэрхийлдэг гэсэн санаа. Төсөв өөрөө улс төрийн бодлогын тоон илэрхийлэл.

Тэр дүн дотроо улсын төсвийн хөрөнгө оруулалт, орон нутгийн хөрөнгө оруулалт концессоо оруулаад дүнгээ гаргах ёстой. Гэтэл концесс гэж тусад нь нэг зүйл авчраад л аймгуудын төлөвлөсөн хөрөнгөд нэг аймагт бөөнөөр нь нэмээд хаяхаар аймгуудын хооронд ялгаа гарч байна. Өнөөдөр улсын төсвийн хөрөнгө оруулалтыг аваад үзвэл 30 хүртэл тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалттай зургаан аймаг байгаа. Гэтэл 50 тэрбумаас илүү дөрвөн аймаг байна.

Бусад аймгийн  дунджаас хоёр дахин өндөр дөрвөн аймгийг яагаад онцгой дэмжээд, яагаад зургаан аймгийг нь дутуу дэмжээд байгаа юм гэдэг нь төсвийг батлах ажлын хэсгийн ахлагчийн хэлсэн аль нэг тойргийг илүү дэмжээгүй зөвшилцөл хийсэн гэдэг нь хаана байна. Засгийн газраас орж ирсэн төсөвт хөрөнгө оруулалтыг орон нутагт жигд хуваарилж үр ашгийг нь дээшлүүлнэ гэж тусгагдсан. Гэтэл энэ  бодлого УИХ  дээр эвдэгдсэн.

-Аль дөрвөн аймаг 50 тэрбумаас илүү хөрөнгө оруулалт авч байгаа юм бэ?

-Увс, Ховд, Хөвсгөл, Хэнтий гэсэн дөрвөн аймаг байгаа.

– Жигд хуваарилна гэдгийг манайхан хэт туйлшраад 300 сумд 300 сургууль эхлүүлээд гурван жил барина гэж ойлгодог. Гэтэл эдийн засагчид нь 100 сургууль барьчихаач гэж хэлээд байдгийг огт хүлээж авдаггүй?

Энэ нь сонгуулийн тойрог хуваасан гажуудлаас үүдэлтэй. Сонгуулийн тойргийг  хуваасан гажуудал  нь төрийн бодлого тодорхойлох үндэс болсон. Яагаад гэвэл тойргоор хөрөнгө оруулалтыг хувааж эхэллээ.

Үүнээс болоод төрийн бодлого  дээд зэргээр гажуудаж эхэлж байгаа юм. Энэ нь тун буруу. Яагаад буруу вэ гэдэгт хамгийн тод жишээ хэлье. Дорнод аймаг 72 мянган хүн амтай. Хэнтий аймаг 67 мянган хүн амтай. Сүхбаатар аймаг 60 мянга орчим хүн амтай. Гэтэл Дорнод аймаг хамгийн их газар нутагтай, мөн хүн ам олонтой гээд хоёр тойрогтой.

Хэнтий аймаг нь дээрх хоёр аймгаас газар нутгаар бага, хүн цөөн  атлаа   гурван тойрогтой. Нөгөө хоёр аймгаасаа газар нутаг хүн амаараа  дутуугүй мөртлөө Сүхбаатар аймаг нь ганцхан тойрогтой. Ийм гажуудалтай суурин дээр төрийн бодлогыг тодорхойлж болохгүй.

-Тэгэхээр Сонгуулийн тухай хууль, Үндсэн хуулиа өөрчлөх шаардлага бий гэсэн үг?

-.Сонгуулийн хуулийг өөрчлөх ёстой. Дээрээс нь  сонгуулийн хуулийн гажуудал эдийн засагт маш том дарамт болж байна. Жижиг тойргууд Монгол Улсын нэгдмэл байх зарчмыг сулруулж байна. Гишүүн бүр тойрог руугаа юм чангааж байна.

Тэрийг Байнгын хороон дарга их зөвтгөж, тойрогт очихоор ингэдэг шүү дээ гэж ихэд эвлэрэнгүй хандаж байна билээ. Би бол үүний эсрэг байр суурьтай байгаа. Нэн түрүүнд Монгол Улсын эрх ашгийг харах ёстой. Саяхан Оюутолгойн нэг захирал  хэвлэлд өгсөн яриандаа “Бид  Оюутолгойг ашиглаж байгаа учраас Ханбогд сумыг хөгжүүлж байгаа” гэж хэлсэн байсан. Ийм явцуу ойлголт байж болохгүй.

Оюутолгой  зөвхөн Ханбогдынхны өмч биш шүү дээ. Монголын ард түмний өмч.  Монгол Улсад нийтэд нь хүртээмжтэй бүтээн байгуулалт хийх ёстой. Үүнтэй адил Сонгуулийн хуулийн гажуу тогтолцоон дээр төрийн бодлого тодорхойлсон нь буруу байгаа юм.

-Сонгуулийн тухай хууль намрын  чуулганаар хэлэлцэгдэх гол асуудлын нэг. Ирэх 2020 оны  УИХ-ын сонгуулийн систем  жижиг 76 тойргоор явагдана гэж хуулийн төсөлд тусгасан байсан. Тэгвэл таны хувьд сонгуулийн системийн аль хэлбэрийг илүүд үздэг вэ?

-Монгол Улсад олон мандаттай томсгосон  пропорциональ систем илүү зохино. Сонгогч өөрөө шууд гишүүнээ сонгосон  энэ тохиолдолд Үндсэн хуулийн зөрчил байхгүй. Хамгийн том ач холбогдол нь Монгол Улс нэгдмэл улс гэдэг тэр концепцтой илүү нийцнэ. Бүгд Монгол Улсынхаа төлөө санаа зовно.

Жалга довны үзэл байхгүй болно. Төсвийн зарцуулалтыг  том бодлогоор авч үзнэ. Хамгийн том дэвшил нь өнгө мөнгөний нөлөө орж ирэх боломж байхгүй болно. 76 жижиг тойрогт өнгө мөнгөний нөлөө дээд зэргээр орох боломжтой. Мөн гаднынхан тодорхой зорилгоор мөнгө гаргах юм бол УИХ-ыг бүрдүүлэх бүрэн бололцоотой. Монгол Улсын нэгдмэл байдал алдагдаад байгаагийн шалтгаан нь жижиг тойргууд байгаа учраас  хоорондоо толхилцоод улсаа хөгжүүлэхгүй байна.

Монгол Улс 1990 оноос хойш сонгуулийн системийн байж болох бүх хувилбарыг туршиж үзсэн. Ганцхан пропорциональ системээс зайлсхийж байгаа. Яагаад гэвэл сонирхол нь маш явцуухан. Улсын хэмжээнд аваад үзэхээр танигдаагүй эсвэл  шинээр орж ирэх гэж байгаа нэр дэвшигчдэд хаалттай систем юм. Үүнээс л болгоомжилж энэ системээс тойроод байгаа юм.

Уг нь бол парламент өөрөө мэргэшсэн, тогтвортой, чадварлаг байх гэсэн энэ зарчимд нийцэх хувилбар нь пропорциональ систем. Жижиг тойргоос сонгогдсон гишүүд төсвийг хэлэлцэхдээ хүртэл дунд болон урт хугацааны эерэг, сөрөг үр дагаврыг олж харахгүй байна. Тэд харахыг ч хүсдэггүй. Тэдэнд зөвхөн 2020 оны сонгууль л харагдаж байгаа. 2020 оны сонгуульд сонгогдож магадгүй гэсэн найдлага байдаг. Гэтэл ард түмэн тэднийг эргэж сонгох уу. Үгүй шүү дээ.

УИХ-ын гишүүд ЖДҮХС-гаас өөрийн хамаарал бүхий компанид нэн хөнгөлөлттэй нөхцөлөөр зээл авсан уг асуудалд та ямар байр суурьтай байна вэ. Та хэдэн жилийн өмнө  Засгийн газрын тусгай сангуудыг цэгцлэх асуудлаар хуулийн төсөл өргөн барьж байсан ч дэмжигдээгүй удаатай?

-Тийм ээ. Засгийн газрын тусгай зориулалтын сангуудыг цэгцэлье гэдэг хуулийн төслийг  2013-2014 онд боловсруулж хоёр ч удаа өргөн барихад УИХ-аас дэмжлэг аваагүй. 

 Тухайн үед АН эрх барьж байсан. АН-ын бүлэг, МАН-ын бүлгээр яриад эцэст нь сайд нар маань өөрсдөө дургүйцдэг юм. Яагаад гэвэл эрх мэдэл бүхий зарах мөнгө нь үгүй болчих гээд байдагтай холбоотой.  Сайд болон Засгийн газар  зээл өгөх ёсгүй. ЖДҮ-ийг хөгжүүлэх сан нь шинээр бизнес эрхэлж байгаа, хөл дээрээ зогсож амжаагүй, арилжааны банкнаас зээл авах чадваргүй шинэ бизнес эрхлэгчдийг дэмжихийн тулд тус санг бий болгосон.

Түүнээс биш үйл ажиллагаа явуулаад хэвшчихсэн том акулуудад барьцаагүй бага хүүтэй, урт хугацааны зээлээр   тэднийг дэмжих  сан огт биш.  Энэ нь жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн бодлогод харш үйлдэл. Дээрх сангийн  бодлогод харш  хууль бус үйлдлийг эрх мэдэл бүхий хүмүүс өөрийнхөө эрхэлж байгаа албан тушаал, эрх мэдлээ ашиглаж сангаас  зээлийг авч байгаа нь өөрөө хууль зөрчиж байгаа үйлдэл.

                 ЗАСГИЙН ГАЗАР ӨӨРӨӨ 40 ГАРУЙ САНТАЙ 

Уг нь эдгээр сангийн зээлийг Засгийн газар, яам өөрөө өгөлгүйгээр арилжааны банкаар олгох ёстой. Эрсдэлээ банк хариуцах ёстой. Зээлийг улс төрийн нөлөөнөөс ангид байлгахын тулд банкаар дамжуулах нь зөв. Харамсалтай нь, банкаар бус сангаар олгож ирсэн нь  өнөөдөр асуудал дагуулж байна.  Ер нь сайн шалгах  хэрэгтэй. Онцгой анхаарал татсан олон сан бий. Жишээ нь Тариалан эрхлэлтийг дэмжих санд гэхэд л  30 гаруй тэрбум төгрөгийн дутагдал гарсныг Үндэсний Аудитын газраас тогтоосон.

-Ил гарсан нь  одоогоор ЖДҮ-ийг хөгжүүлэх сан. Гэтэл үүний цаана 40 сан бий гэж та хэллээ. Энэ олон санг яаж цэгцлэх вэ?

-Цэгцлэхийн тулд эхлээд сангуудыг ялгах хэрэгтэй. Гэтэл өнөөдөр энэ олон сан төсвөөс хөрөнгө тасдаж тусгаарлаж авах л хөшүүрэг болсон. Сан  өөрөө орлого олдоггүй. Төсвийн хөрөнгийг нэг хүн хувааж аваад л зардаг ийм механизм бий болчихсон байна. Тийм учраас хоёр салгая.  Нэгдүгээрт, тусгай данс гэж байлгая.

Тэр нь Засгийн газраас бодлогоор зохицуулж хөрөнгө мөнгийг тусгаарласан данс байх. Данс байна гэдэг нь Засгийн газраар орж, Сангийн яамд хянагддаг байна гэсэн үг. Хоёрдугаарт, төсвөөс ч мөнгө өгдөг, өөрөө ч орлого олдог өсөж арвижиж байдаг бол сан хэвээр нь үлдээх зэрэг тодорхой шаардлага тавьдаг болох хэрэгтэй. Жишээ нь, Нийгмийн даатгалын сан өөрөө орлогоо олно. Төсвөөс тодорхой дэмжлэг өгнө. Тэгээд өөрөө зарлага гаргана. Өснө. Өөрийнхөө мөнгийг оновчтой байршуулаад хөрөнгө оруулалт хийгээд өсгөөд явах бололцоотой.

– ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас зээл авсан нэр бүхий гишүүдэд ямар хариуцлага тооцвол зохистой вэ?

– Би мэдэхгүй. Ер нь бол болохгүй юм л хийчихсэн байгаа. Тэр нь илт ойлгомжтой.

– Ерөнхий сайд  У.Хүрэлсүх цэвэрлэгээ хийгээд эхэллээ гэж улс төрийн хүрээнд өрнөөд буй зарим үйл явдлыг олон нийт харж байна. Та үүнтэй санал нийлэх үү?

– Олон нийт нийгмийн амьдралд болж байгаа үйл явцыг харж байгаа болохоор яаж дүгнэх нь тухайн хүн бүрийн л эрхийн асуудал. Хууль зөрчсөн үйлдэл гарч байгаа бол засаж залруулах л ёстой. Миний  амьдралдаа дагаж ирсэн зарчим бол хууль зөрчсөн үйлдлийг засаж байх ёстой гэсэн хандлага юм.