М.Билэгт: 2016 оны сонгуулиар ард түмэн мэргэн сонголт хийсэн
УИХ-ын гишүүн М.Билэгттэй цаг үеийн зарим асуудлаар ярилцлаа.
-Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ өөрөө тарах асуудлаар зөвшилцөх саналыг УИХ-ын даргад хүргүүлсэн. Таны хувьд УИХ тарах нөхцөл бүрдсэн үү?
-2016 оны УИХ-ын сонгуулиар Монголын ард түмэн мэргэн сонголт хийсэн гэж би хувьдаа боддог. 2016 оны сонгуулийн жилд Монгол Улсын эдийн засаг хямарчихсан, олон улсын түвшинд улсын зээлжих зэрэглэл 0 түвшинд оччихсон гээд маш эрсдэлтэй үе байсан.
Санхүү эдийн засгийн ийм хүнд байдалд орсон Монгол Улс дампуурлаа зарлах уу гэдгийн өмнө нүүр тулчихсан байлаа. 2016 оноос өмнөх дөрвөн жилд гаднаас маш өндөр хүүтэй бондууд авсан. Үүнийгээ хяналтгүйгээр зарцуулж ирсэн нь дээрх хор уршгийг дагуулсан гэж хэлж болно. Уг нь авсан зээлээ хэрхэн үр дүнтэй зарцуулах вэ, яаж эргэн барагдуулах вэ гэдгээ олон талаас нь тооцох ёстой байсан ч тухайн үеийн засаг тэгж чадаагүй.
Монгол Улсыг нэг өрх айл гэж авч үзвэл тухайн өрхийн зарлага, орлогыг зөв төлөвлөх бодлого нь Монголын төрд бий. Иргэн ч гэсэн банкнаас өндөр хүүтэй зээл авч түүнийг үр ашиггүй зарцуулбал тэр хэрээр өөрөө л хохирдог. Яг үүнтэй адил өнгөрсөн хугацаанд Монгол Улс санхүүгийн зөв зохицуулалт төлөвлөгөөгүй явж ирсэн. Улмаар иргэд маань ажилгүй, орлогогүй, үндэсний үйлдвэрлэгчдийн борлуулалт нь уначихсан ийм л хүнд үе байсан. Тэгвэл өнгөрсөн УИХ-ын сонгуулиар ард түмэн сонголтоо хийсэн. Сонголт нь өнөөдөр талаар болоогүй. Дампуурлын ирмэгт байсан Монгол Улсыг энэ парламент аварч чадсан. Монгол Улсад хөдөлмөр эрхлэх насны 1.2 сая орчим иргэн бий.
Тэдний 80 гаруй хувь нь хувийн хэвшилд ажиллаж амьдрал ахуйгаа залгуулдаг. Эдийн засаг сэргэх хэрээр иргэдийн амьдрал сайжирна. "Иргэн баян бол улс баян" гэж мэргэн үг бий. Үүний төлөө УИХ үүргээ биелүүлж, сайн ажиллаж байгаа учир УИХ-ыг тараах үндэслэл байхгүй. Өнгөрсөн 27 жилийн хугацаанд Монголын төрд алдаа оноо байсан уу гэвэл байсан. Би хүлээн зөвшөөрнө. Өмнөх энэ алдаагаа засах зоригтой шийдвэрүүдийг УИХ тэр тусмаа МАН-ын 64 гишүүн гаргах нь чухал юм.
-Таны хувьд эдийн засгаа солонгоруулах гарц нь мал аж ахуй гэж сүүлийн үед чуулганы танхимд хэлэх болсон. Гэхдээ энэ санал нь нэлээд шүүмжлэлийг дагуулсан?
-Эдийн засгаа солонгоруулах хэрэгтэй гэж сүүлийн хэдэн жил ярьж байгаа. Ганцхан уул уурхайгаас хамааралтай байснаас эдийн засгийн хямралд орж, иргэд цалин орлогогүй хүнд байдалд орсон. Ийм хүнд үед малчдад нэг онцлог бий. Тэд ажилгүй, орон тоогүй болчихлоо гэлгүйгээр цаг агаарын хүнд нөхцөл байдлыг үл ажран малаа малласаар л байдаг хүмүүс. Монгол Улсын эдийн засгаа солонгоруулж иргэдээ ажилтай, орлоготой байлгах мөн төсвийн орлогоо сайжруулах ганц гарц нь мал аж ахуйгаа дэмжих явдал юм.
Монгол Улсын 70-80 жилийн хөгжилд манай улсын онцлогт тохирсон өөрийн гэсэн арга ухаан байсан. Тухайн улс бүр өөрийн гэсэн онцлогт тулгуурлаж хөгжлийн бодлогоо тодорхойлдог. Тэгвэл Монголын төр 70-80 жил валютын эх үүсвэрээ мал аж ахуйн салбараасаа бүрдүүлж ирсэн олон арван жилийн түүхтэй. Гэвч төр нь мал аж ахуйгаа 1990 оноос хаячихсан. Өнөөдөр 84 сая толгой малтай болчхоод ашиг шимийг хүртэх бодлогыг боловсруулахгүй байгаа учир би шүүмжлээд байгаа юм. Мал аж ахуй бол нөхөн сэргээгддэг цор ганц баялаг.
Үрждэг, өсдөг. Улсынхаа төсөв санхүүг мал аж ахуйдаа түшиглээд авч явж ирсэн дээрх туршлагыг Монгол Улсын 14 дахь Ерөнхий сайд асан Д.Содном гуай хүртэл өнөөдөр хэлж байна. Монголын ард түмэнд хүлээн зөвшөөрөгдсөн удирдагчдынхаа үгийг бид сонсохгүй атлаа эдийн засгаа солонгоруулна гээд гаднаас зөвлөх үйлчилгээг хэдэн зуун тэрбумаар тооцогдох төлбөр төлж авдаг. Гэтэл гаднын хөгжил, соёл сэтгэхүй нь биднээс огт өөр. Тэд эдийн засгаа солонгоруулах ганц хувилбар нь газрын доорх баялгаа ухаж орлого оруул гэдэг. Ирэх оны төсөвт 42 мянган тонн нүүрс гаргаж орлогоо бүрдүүлнэ гэж тооцоолсон байгаа.
Бидний хажууханд байгаа БНХАУ 1.4 тэрбум хүн амаа тэжээхийн тулд газрын доорх баялгаа ухъя гэхгүй байгаа биз. Ингэж л гаднынхан газрын доорх баялгаа хойч үедээ үүц болгож хадгалж, нүүрсээ хөгжиж байгаа буурай орнуудаас үнэгүй шахуу авч байгаа нь цаанаа бодлоготой юм. Ирэх оны төсөвт нүүрснээс нэмүү өртөг огтхон ч олохгүй. Гэтэл малчдын хотонд үйлдвэрлэгдэж байгаа үндэсний баялгаа орхигдуулаад байна.
Тиймээс мал аж ахуйгаа эдийн засгийн эргэлтэд оруулаач гэдэг санааг би хэлээд байгаа юм. Үүний хариуд Сангийн сайд "Сангийн яам бодлого боловсруулдаг газар" гэж хэлж байсан. Гэтэл бодит байдалд бодлогоо оновчтой гаргаж чадахгүй байна. Сангийн яам төсөөллийн хий тоо бодоод байна. Бодлого гаргана гэдэг нь иргэдээ яаж ажилтай, орлоготой байлгах уу, яаж төсвийн орлогоо бүрдүүлэх үү гэж олон талаас нь тооцоолох ёстой.
1999 он хүртэл ДНБ-ний 60 хувийг мал аж ахуйн салбараасаа бүрдүүлдэг байсан. Гэтэл өнөөдөр ДНБ-ний дөнгөж 10-хан хувийг мал аж ахуйн салбар бүрдүүлж байна. Нөгөө талаар бид малаасаа өөр экспортод гаргах бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжгүй.
-Яагаад вэ?
-Манай улс гуравхан сая хүн амтай. Хөрөнгөтэй, хөгжилтэй орнуудын баялаг бүтээгчдийн түүх нь хэдэн зуун жилийн түүхтэй. Дээр нь хүн ам олонтой. Олон жилийн түүхтэй үйлдвэрлэгч орнуудтай бид өрсөлдөхөд амаргүй. Экспортод гарах хүлээн зөвшөөрөгдсөн бүтээгдэхүүн нь зөвхөн манай мал аж ахуй.
Дэлхий нийтээрээ органик эко бүтээгдэхүүн хэрэглэхийг илүүд үздэг болсон нь мал аж ахуйн салбарт илүү давуу байдлыг бий болгож байгаа юм. Жинхэнэ эко бүтээгдэхүүн Монголд л байна. Манай нам мөрийн хөтөлбөртөө 50 мянган тонн мах экспортолдог болно гэж тусгасан. Энэ нь 2.7 сая толгой малын мах юм.
-Та чуулганы хуралдааны үеэр 2019 оны төсвийн алдагдлын 1.9 их наяд төгрөгийг мал аж ахуйн салбараараа нөхөх боломжтой гэж хэлж байсан. Энэ тухайгаа тодруулбал?
-ХХААХҮ-ийн сайд 84 сая толгой мал намаржиж байна гэж хэлсэн. Гэтэл жилдээ дотоодын хэрэгцээндээ 10 гаруй сая мал борлуулсан. Үүний 90 хувь нь адууны мах байдаг. Тиймээс төр үүн дээр онцгой анхаараад 20 сая бог малыг борлуулах ажлыг хийгээд өгөөч л гэж би хэлээд байгаа юм.
Гэхдээ малчдаас өндөр үнээр ав гээгүй. Өнөөдөр нэг бог малын үнэ 80 мянган төгрөг буюу 30 доллар ч хүрэхгүй үнэ. Үндсэндээ 30 хүрэхтэй үгүйтэй ам.доллараар малчдаас авсан бог малаа гадаадын компанид 100 ам.доллараар гаргах боломжтой. Ингэхэд 20 сая толгой малаас 2 тэрбум доллар буюу 5 их наяд төгрөг орж ирэх боломж байгаа юм. Үүний 1.4 их наяд төгрөгийг нь малчдадаа өгнө. Үлдсэн нь төсөвт орлого болно. Монголчууд 25 сая толгой малтай байхдаа валютынхаа эх үүсвэрийг бүрдүүлэхээс гадна дэд бүтэцийнхээ хөрөнгийг хүртэл малаасаа хүртдэг байсан.
Тухайн үед мал аж ахуйн салбартаа түшиглэж мах бэлтгэх, боловсруулах үйлдвэрүүдийг байгуулж чадсан. Энэ мэт эдийн засаг нь өсөлттэй, хүн ард нь ажилтай, орлоготой цаашлаад төрийн үйлчилгээг иргэд үнэгүй хүртдэг ийм л сайхан цаг үе байсан. Баялаг бүтээгчдийн үйлдвэрээс гарах мөнгө нь төрд төвлөрч чаддаг байлаа. Тэгвэл өнөөдөр авилгачдын гарт очиж байна гэдгийг ард түмэн хүртэл хэлж байгаа шүү дээ.
-Сүүлийн жилүүдэд монголчууд маань дэндүү олноороо хот суурин газар руу төвлөрч байна. Энэ хэрээр мал маллах арга ухаан, нүүдлийн соёл иргэншлийн уламжлалт зан заншил алдагдаж байгаа. Энэ асуудалд хэрхэн анхаарах вэ?
-Тийм ээ. Үүнтэй санал нийлнэ. Настай хүмүүс л малаа дагаад нутагтаа үлдэж байгаа нь үнэн. Залуучууд нь төв суурин газарт ороод ирдэг. Тэгээд тэд ажилгүй. Тиймээс залуу малчдыг төрийн бодлогоор дэмжих шаардлагатай байна.
-Саяхан танай намын бүлгийн хурал дээр Ерөнхийлөгч Х.Баттулга таны саналыг дэмжсэн утга бүхий үгийг илэрхийлсэн байсан?
-Ерөнхийлөгч ХХААХҮ-ийн сайдаар ажиллаж байсан хүн. Ерөнхийлөгч эсвэл УИХ-ын гишүүдийн хэн нь ч бай улс эх орны хөгжилд хэрэгтэй гэсэн аливаа санал санаачилгыг улстөржихгүйгээр дэмжээд ажил хэрэг болгохын төлөө явах нь чухал юм.
-Намрын чуулганаар хэд хэд чухал хууль хэлэлцэгдэнэ. Таны хувьд ач холбогдол өгч ажиллах хуулийн төсөл гэвэл?
-УИХ-аар хэлэлцэгдэж байгаа хуулийн төслүүдэд би цаг гаргаж, ач холбогдол өгч ажиллахыг хичээдэг. Ялангуяа шинээр орж ирж буй хуулийн заалтуудад маш нухацтай хандаж жирийн иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах нь миний үүрэг гэж хувьдаа боддог. Өнгөрсөн хаврын чуулганаар Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдэд маш ноцтой заалтууд орж ирснийг би буцаасан.
Газрыг үл хөдлөх хөрөнгөд бүртгэдэг байж болохгүй гэдэгт би хатуу байр суурьтай байсан. Яагаад гэвэл энэ заалт нь газар эзэмших, ашиглах эрхийг хэдэн зуун га-гаар нь авчихсан байгаа хүмүүст ээлтэй заалт байсан юм. Хоёр сар гаруй зүтгэсний эцэст би дээрх халгаатай заалтуудыг авхуулуулж чадсан. Энэ мэт хуулийн заалт бүрт ач холбогдол өгч ажиллана.