Нийгмийн халамжийн шинэчлэлийн үр дүнд ядуурал өнөөгийн түвшнээс 6-8 орчим хувиар буурна
Чуулганы үдээс өмнөх хуралдаанаар Нийгмийн халамжийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталсантай холбогдуулан УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Очирбат, УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, Д.Дондог, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Т.Ганди нар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
Урьд нь нийгмийн халамж, хамгаалалд ямар хүн хамрагдахыг тогтоож чаддаггүй байсан бол энэхүү хууль батлагдсанаар нийгмийн халамжид хамрагдах зорилтот бүлгийг зөв тодорхойлж, халамжийн дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай хэсэгт чиглэгдэх болсонд гол ач холбогдол оршиж байгаа аж. Ингэснээр орон гэргүй тэнэмэл амьдралтай иргэн, шилжин ирсэн ядуу өрхийн иргэн, асрамжаас гарсан өнчин хүүхэд, залуус, согтуурах мансуурах донтой иргэн, хамгийн орлого, хэрэглээ багатай ядуу хэсэг, хорихоос суллагдсан иргэн зэргийг дэмжих, нийгэмшүүлэх үйлчилгээг иргэний нийгмийн байгууллагуудаар гэрээлэн олон нийтийн оролцоонд түшиглэж халамжийн үйлчилгээг хүргэх боломжтой болж байгаа юм. Мөн байнгын асаргаа шаардлагатай 16 хүртэлх насны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд улиралд нэг удаа олгож байсан тусламжийг сар бүр олгохоор тусгаж, тэдэнд олгодог тусламжийн хэмжээг нэмэгдүүлэх, ахмад настны нийгмийн хамгааллын тухай хуулинд Монгол Улсын төрийн шагналт, төрийн соёрхолт, түүнчлэн Улсын ударник, хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэнд жилд нэг удаа 100 мянган төгрөгний мөнгөн тусламж олгож байсныг сар бүр олгож байхаар өөрчилсөн бөгөөд хууль батлагдсанаар нэмж шаардагдах 40 гаруй тэрбум төгрөг 2012 оны төсөвт тусгагджээ.
Түүнчлэн Нийгмийн халамжийн шинэ хуулийн дагуу улсын хэмжээнд өрхийн амьжиргааны түвшний судалгаа хийж хамгийн бага хэрэглээтэй, нийгмийн халамжийн дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүдэд сар бүр тэтгэмж олгохоор боллоо. Ойролцоогоор энэ арга хэмжээнд 4-5 ам бүлтэй нэг өрхөд сард дунджаар 40.000 орчим төгрөгөөр тооцож, 130.000 өрхийг хамруулахаар 31.0 тэрбум төгрөг төсөвт тусгагдсэн байна. Тэтгэмж олгохдоо тухайн өрхийн хөдөлмөрийн насны иргэд нь хөдөлмөр эрхлэлтийн албанд улирал тутам бүртгүүлэх, сургалтад хамрагдах, нийтийг хамарсан ажилд оролцох нөхцөл тавигдах юм. Нийгмийн халамжийн шинэчлэлийн үр дүнд ядуурлыг өнөөгийн түвшнээс 6-8 орчим хувиар бууруулах тооцоо гарч байгаа нь харьцангуй бага хөрөнгөөр тодорхой үр дүнд хүрэх боломжтойг харуулж байгаа ажээ.
Эх сурвалж
Vip76.mn