АБГББХ: Төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг дэмжив
Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн (2018.10.23) хуралдаан 15 цаг 42 минутад 52.6 хувийн хувийн ирцтэй эхэлж Монгол Улсын 2019 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ. Хуралдаанд тус Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын төсвийн ерөнхийлөн захирагчид болон холбогдох бусад албан тушаалтнууд, Сангийн яамны ажлын хэсгийн гишүүд оролцов.
Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хуулийн төслүүдийн талаар хийсэн танилцуулгадаа, Төсвийн тухай болон Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн дагуу 2019 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг боловсруулан өргөн барьж хэлэлцүүлж байна. Засгийн газар 2019 онд эдийн засгийн өсөлтийг эрчимжүүлэх, төсвийн үр ашгийг нэмэгдүүлэхэд чиглэсэн “Цахим, ил тод, үр ашигтай” төсвийн бодлогыг хэрэгжүүлнэ. Энэхүү бодлогын хүрээнд эдийн засгийн өсөлтийг дэмжиж, төсвийн сахилга батыг чанд баримтлан төсвийн алдагдлыг бууруулж, өрийн дарамтыг багасгах, экспортод гарч буй эрдэс баялаг, импортын бүтээгдэхүүнд тавих хяналтыг цогцоор шийдвэрлэж төсвийн орлогыг нэмэгдүүлэх, бизнесийн орчныг дэмжсэн татварын хуулийн шинэчлэлийг хэрэгжүүлнэ.Мөн төсвийн зарлагын реформыг хэрэгжүүлж, төсвийн үр ашгийг нэмэгдүүлэх, нийгмийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, үр ашгийг сайжруулах, гадаадын хөнгөлөлттэй зээлийг эдийн засаг, нийгмийн үр ашигтай, өгөөжтэй төсөлд зарцуулах зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр төлөвлөсөн гэдгийг онцлов.
Эдгээр бодлогын арга хэмжээний үр дүнд Монгол Улсын 2019 оны нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого 9.6 их наяд төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 27.4 хувь, нийт зарлага 11.5 их наяд төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 32.8 хувь, төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 1.9 их наяд төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний -5.4 хувьд хүрч, Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан хэмжээнээс 1.5 пунктээр бага байхаар тооцсоныг Сангийн сайд танилцуулгадаа дурдлаа.
Танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Л.Болд, Ж.Энхбаяр, Н.Оюундарь, С.Батболд, О.Содбилэг нар Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар нараас асуулт асууж тодруулан хариулт авлаа. Мөн хуралдаанд оролцсон тус Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээний зарим байгууллагын төсвийн ерөнхийлөн захирагч, Сангийн яамны холбогдох албан тушаалтнууд гишүүдийн зарим асуултад нэмэлт тайлбар, тодруулга өгсөн юм. Тухайлбал, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар 2018 оны төсвийн зардал дээр суурилж 2019 оны төсвийг боловсруулсан, ингэхдээ бодлогын зарим өөрчлөлт хийх зайлшгүй шаардлагатай гэж үзсэн цөөн зардлыг зарим байгууллага, төсвийн ерөнхийлөн захирагчдын төсөв дээр нэмж суулгасан, тэдгээрээс бусад нь 2018 оны батлагдсан төсвийнхөө хэмжээнд байгаа гэдгийг тодотголоо.
Мөн Батлан хамгаалахын сайд Н.Энхболд өнгөрсөн онтой харьцуулахад батлан хамгаалах салбарын төсөв зохих хэмжээгээр нэмэгдсэн. Цалин хөлс, тэтгэвэр тэтгэмж, нэмэгдэл урамшуулалтай холбоотой зардлыг хүсэлт гаргасан болон болзол шаардлага хангасан албан хаагчдын бодит тоонд үндэслэн гаргаж тусгуулсан. Энэ асуудал сая батлагдсан шинэ хуульдаа нийцэж байгаа. Харин зэвсэгт хүчний хөгжлинй сангийн энэ жилийн орлогын төлөвлөгөө хараахан биелээгүй байгаа, иймээс ирэх оны төсвийг төлөвлөхдөө болгоомжтой хандсан тал бий гэлээ.
Харин Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар батлагдсан төсвөө аль болох үр ашигтай зарцуулах, боловсон хүчний чадавхиа бэхжүүлэх замаар бодлогын асуудлаа эрэмбэлж үе шаттайгаар хэрэгжүүлэх, эхний ээлжинд худалдааны төлөөлөгчийн газраа нэмэгдүүлэх чиглэлд анхаарч байгаа. Энэ үндсэн дээр ирэх онд Хөрш орнуудын газрын орон тоог 5 хүнээр нэмэгдүүлнэ, мөн Бээжин, Токио, Сөүлд Худалдааны төлөөлөгчийн газар нээж ажиллуулахаар төсөвт тусгуулсан. Түүнчлэн манай улс Төв Азид оршдог хэдий ч энэ чиглэл рүү хандсан бодлого дутмаг явж ирсэн. Иймээс энэ чиглэлд илүүтэй анхаарах шаардлага зүй ёсоор тавигдаж байгаа, энэ үндсэн дээр Киргизстан Улсад суугаа дипломат төлөөлөгчийн газрынхаа статусыг өргөжүүлж Элчин сайдын яам болгосон, одоо Белорусь Улсад Элчин сайдын яам нээхээр төлөвлөн яриа хэлэлцээ хийгдэж байгаа гэдгийг хэллээ.
Ингээд Монгол Улсын 2019 оны төсвийн тухай болон Нийгмийн даатгал, Эрүүл мэндийн даатгалын сангуудын 2019 оны төсвийн тухай хуулийн төслүүдтэй холбогдуулан Байнгын хорооны гишүүдээс зарчмын зөрүүтэй санал гараагүй тул хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийсэн талаарх санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр болов.