Монголын Коосэн сургуулийн оюутнууд Японы агаарын тээврийн компаниудтай танилцлаа
2018.10.10

Монголын Коосэн сургуулийн оюутнууд Японы агаарын тээврийн компаниудтай танилцлаа

Японы иргэний агаарын тээврийн JAL /Japan Airlines/ болон ANA /All Nippon Airways/ компаниудын хүний нөөцийн захирлууд Монгол улсад айлчилж байна. Айлчлалын хүрээнд Монголын коосэн технологийн коллежуудаар явж сургалтын орчинтой танилцан, 4-5 дугаар ангийн оюутнуудад компанийн үйл ажиллагаагаа танилцуулах уулзалт семинар зохион байгууллаа.

Японы Үндэсний Технологийн Хүрээлэнгийн Төлөөлөгчийн газарт Японы пүүс компаниудын зүгээс ирэх жилээс анхны төгсөлтөө хийх Монголын коосэнд бэлтгэгдэж буй инженерүүдийн талаар судлах, төгсөгчдөөс ажилд авах, цаашид технологийн боловсролыг дэмжих, хамтран ажиллах талаар ихээхэн саналууд ирдэг бөгөөд түүний нэг нь энэ юм.

Семинарыг зохион байгуулагч ЯҮТХ-гийн төлөөлөгчийн газрын тэргүүн, НИТХ-ын төлөөлөгч Ц.Байгалмаа “Орчин цагт инженерийн мэргэжил зөвхөн Монголоор зогсохгүй, өндөр хөгжилтэй Япон улсад ч эрэлт ихтэй болоод байна. Тиймээс Япон загварын инженер бэлтгэдэг сургуулиудаас ажилтан авах сонирхол их байна.

Энэ удаа дэлхийд тэргүүлэгч Японы хамгийн том иргэний агаарын тээврийн компаниудаас төлөөлөгчид ирж үйл ажиллагаагаа танилцуулж, бидний дэмжин ажилладаг Япон загварын инженерийн сургалтад ихээхэн ач холбогдол өгч байгаад баяртай байна. Энэ мэтчилэн оюутан, төгсөгч нар маань олон улсад сурч, ажиллан ирээдүйд Монголоо хөгжүүлнэ гэдэгт итгэлтэй байна” гэж хэллээ.

Тус арга хэмжээнд  Монголын Коосэн технологийн коллежийн 70 гаруй оюутнууд оролцлоо.

Коосэн-Японы Үндэсний Технологийн Хүрээлэнгийн Монгол дахь Төлөөлөгчийн газар,

“Монголын бүтээлч ирээдүй” ТББ