С.Амарсайхан: Налайхыг боловсрол, сургалтын жишиг дүүрэг болгоно
2018.10.05

С.Амарсайхан: Налайхыг боловсрол, сургалтын жишиг дүүрэг болгоно

Нийслэлийн ИТХ-ын дарга С.Амарсайхан Налайх дүүргийн багш нарын баярын хүндэтгэлийн арга хэмжээнд оролцлоо.

Дэлхийн багш нарын 24, Монголын багш нарын өдрийн 52 жилийн ойн баяр тохиож байна. Улаанбаатар хотын дүүргүүдийн Боловсролын хэлтсийг шинэчлэн зохион байгуулсны 10 жилийн ойтой давхцаж буйгаараа өнөө жилийн баяр онцлогтой. Налайх дүүргийн Боловсролын хэлтэс, сургуулийн удирдлага өнгөрсөн жилийнхээ алдаа, оноог дэнсэлж, ирэх жилүүдэд өрнүүлэх ажил, зорилгынхоо талаар баярын хурлын үеэр хэлэлцэв.

Тус дүүргийнхэн сургалтын чанар, амжилтаараа сүүл мушгиж байсан бол өнөө жил нэг алхам урагшилж, есөн дүүргээс наймдугаарт жагсчээ. Тиймээс ирэх жилүүдэд уг амжилтаа бататгаж, улам ахиулах зорилго тавьсан байна. Дүүргийн сургууль, цэцэрлэгийн тоог олшруулж, өргөтгөж буй нь амжилт гаргахад нөлөөлж байгааг багш нар хэлсэн.

Баярын хурлын үеэр нийслэлийн ИТХ-ын дарга С.Амарсайхан "Энэ өдөр их гэгээн. Сурагчид эрдэмд сургасан багш нартаа талархаж, харин багш нар нь өөрсдийгөө илүү дайчлах талаар хэлэлцдэг тийм өдөр. Эдүгээс 38 жилийн өмнө би "А" үсэг заалгахаар сургуулийн босго алхаж байв. Эрдэм, мэдлэгтэй багш нараасаа их зүйл сурч, өнөөдрийн хэмжээнд хүрлээ. Багш хүн бол үнэхээр хүндтэй. Та бүхний хийж буй ажил амаргүй.

Налайх дүүргийн боловсролын салбарт сүүлийн жилүүдэд олон шинэчлэл хийсэн. Шаардлага хангасан хичээлийн байр, боловсролын орчин бүрдүүлэхэд анхаарч байгаа. Гэвч зөвхөн барилга байгууламж барьснаар боловсролын салбарт тулгамдаж буй асуудал шийдэгдэхгүй.

Багш нарынхаа мэдлэг, чадварыг дээшлүүлж, хөдөлмөрийг нь бодитоор үнэлэх ёстой. Мөн ажиллаж, амьдрах орчин нөхцөлийг нь сайжруулах хэрэгтэй. Эцэг, эхчүүд хүүхдүүдээ ганц багшид даатгаад орхих ёсгүй. Багштай хамтран ажиллаж, бүхий л талаар нь дэмжих ёстой.

Тиймээс Налайх дүүргийн ИТХ, ЗДТГ-аас боловсролын салбарын үйл ажиллагааг дэмжиж, хөгжүүлэх 2020 он хүртэлх төлөвлөгөө баталсан. Энэ хүрээнд нийслэлийн ИТХ-аас Налайхыг боловсрол, сургалтын жишиг дүүрэг болгох зорилго тавьсныг дуулгахад таатай байна. Та бүхэндээ ажлын амжилт хүсэн ерөөе" гэв.

 Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ