Н.Цэрэнбат: Уул уурхайн компаниуд нөхөн сэргээлт хийсэн эсэхийг олсон орлогоор нь тооцож гаргана
2018.10.03

Н.Цэрэнбат: Уул уурхайн компаниуд нөхөн сэргээлт хийсэн эсэхийг олсон орлогоор нь тооцож гаргана

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өчигдөр нийслэл хотноо өндөрлөсөн “Алтны форум-2018”-ын үеэр уул уурхайн салбарын ашиг орлого, ахиц дэвшилттэй зэрэгцэн хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх тухай асуудлыг давхар хөндөж байсан юм.

Хариуцлагатай уул уурхайн үйл ажиллагаа нь байгаль орчны нөхөн сэргээлтэд юуны түрүү чиглэдэг. Энэ талаар БОАЖ-ын сайд Н.Цэрэнбатаас тодруулахад, “Манай улсын эдийн засгийн суурь нь уул уурхайн салбарын хөгжил гэдэгт бүгд санал нэгдэж байгаа. Гэхдээ хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх асуудлыг орхигдуулж болохгүй. Гол нь байгаль орчинд ээлтэй, нөөцийг дахин ашигладаг, хаягдал багатай технологийг нэвтрүүлэх ёстой, ийм зарчмыг манай яамнаас тавьж ажиллаж байгаа. Энд бид нэг талаар хариуцлагатай ажиллаж, үйл ажиллагаа явуулж буй ААН-үүдээ дэмжиж чадахгүй байгаа байдал бий.

Нөгөө талаар ААН, компаниудын хувьд байгаль орчныг хамгаалах дээр тууштай, тогтвортой хөрөнгө оруулалт хийж ажиллах нь дутуу дулимаг байгаа явдал бас бий. Бид өнгөрсөн оноос эхлэн уул уурхайн болон бусад компаниудын бүртгэл бүхий тооллогыг хийж байна. Энэ жил дуусч буй тооллогын дүн гарахад уул уурхайгаас бий болсон хохирол, газрын эвдэрлийг тооцон гаргаж ирнэ.

Энэ нь тухайн ААН, компанийн хувьд ч тэр нөхөн сэргээхэд гаргасан буюу зарцуулсан зардал, нийт улсын хэмжээнд уул уурхайгаас олсон орлого 2-ын балансаас харагдана. БОАЖЯ-наас хариуцлагатай уул уурхайн тал дээр ААН, компаниудыг хуулиа мөрдөж ажиллахыг шаардаж шахаж ажиллаж байгаа. Ингэхдээ зөвхөн асуудал үүдэн гарсны дараа бус, өмнө нь Байгаль орчинг хамгаалах тухай болон Ашигт малтмалын тухай хуулиудын зүйл заалтыг мөрдөж ажиллах, Байгаль орчны менежментийн төлөвлөгөөтэй байх, түүнийгээ батлуулсан бол тэр төлөвлөгөөнийхээ дагуу ажлаа хийж, хуулиа мөрд гэдэг шаардлагыг эхний ээлжинд албан тоотоор явуулж тавиад байна” гэв.

-Гадна, дотны томоохон компаниуд Байгаль орчны үнэлгээ, менежментийн төлөвлөгөө гаргаад нөхөн сэргээлтээ хийдэг. Харин жижиг ААН-үүд болон хувиараа олборлогчдын хувьд хангалтгүй байгаа. Энэ талаар БОАЖЯ-наас юу хийж байна вэ?

-Байгаль орчны менежментийн нөхөн төлбөр авахдаа тусдаа хариуцлагын даатгал хийлгэж нэвтрүүлсэн байх ёстой гэсэн шаардлыг тавьж байгаа. Энэ дагуу дүрэм журмыг гаргаж оногдсон газрыг нөхөн сэргээх зардлыг даатгалын компаниар хийлгэж нөхөн сэргээгээгүй бол тэр санхүүжилтийг авч хийлгэн асуудыг шийддэг болгож байна. Энэ бол дэлхий нийтийн жишиг үйл ажиллагаа юм.

-Форумын үеэр УУХҮ-ийн сайд байгаль орчны менежмент, уурхайн хаалтын баталгааны механизмыг эрхзүйн зохицуулалтаар хуульчлахаа мэдэгдсэн. Энэ талаар тодруулна уу?

-Энд уул уурхайн хаалтын нэгдсэн журмыг гаргаад эцэслье гэж байгаа юм. Тэгэхгүй бол хаалт хийсэн талбайд орон нутгийн шинж чанартай, хувиараа олборлогчид орж дахин олборлолт хийгээд байгаа юм.

Б.Болд

Гэрэл зургийг Т.Чимгээ