“Балдорж” шагналын эзэд тодорч, “Өнөөдөр” сониныхон өнгөллөө
Монголын хэвлэл мэдээллийн салбарынхны хүсэн хүлээдэг уралдаан болох “Балдорж” шагнал гардуулах ёслол өчигдөр орой “Улаанбаатар” зочид буудалд боллоо. Сэтгүүл зүйн шилдэг бүтээл шалгаруулах уг уралдааныг “Балдорж” сангаас 10 дахь жилдээ зохион байгуулж байгаа юм.
Ёслолын ажиллагаанд уламжлал ёсоор Монгол Улсын Ерөнхийлөгчид хүрэлцэн ирснээс гадна УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, Б.Ундармаа, Д.Оюунхорол, Ц.Оюунчимэг, НИТХ-ын дарга С.Амарсайхан, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд, МСНЭ-ийн Ерөнхийлөгч Х.Мандахбаяр зэрэг улс төр, нийгэм, эдийн засаг, соёлын салбарын зүтгэлтнүүд, хэвлэл мэдээллийн байгууллагуудын удирдлага, сэтгүүлчид хүрэлцэн ирсэн байна. Ёслолын ажиллагааг Ц.Балдорж агсны дотны нөхөр, Монгол Улсын хоёр дахь Ерөнхийлөгч Н.Багабанди үг хэлж эхлүүллээ.
Монголын “Пулитцер” гэж нэрлэгдэх болсон уг шагналыг хүртэхийн төлөө сэтгүүлчид бүтэн жилийн турш бэлтгэж, шударга шүүлтийн доор мэргэжлийн ур чадвараараа өрсөлддөг нь “Балдорж” шагналын үнэ цэнэ, өндөр босгыг илэрхийлдэг.
“Балдорж” сангийн тэргүүнээр есөн жил ажилласан Ц.Балдорж агсны гэргий Н.Шүр үйл хэргээ 2017 оны “Балдорж” шагнал гардуулах ёслолын үеэр отгон охин Б.Номинтүшигтээ шилжүүлсэн билээ.
Арав дахь удаагийн уралдааны Гранпри шагналыг Өнөөдөр сонины сэтгүүлч Ж.Сувдмаа, Т.Энхбат нар “Уул уурхайтай ханилсан орчин цагийн малчин” сурвалжлага, “Хариуцлагатай уул уурхайн эрэлд” цуврал сурвалжлагаараа хүртэж, цом, өргөмжлөл, 5000 ам.долларын эзэд боллоо.
Тэргүүн шагналыг Монгол Улсын хоёр дахь Ерөнхийлөгч Н.Багабанди, “Балдорж” сангийн тэргүүн, “Өнөөдөр” сонины нэгдүгээр орлогч эрхлэгч Б.Номинтүшиг нар гардуулсан юм.
Дэд байрт Г.Батзаяа, Ж.Золзаяа, Б.Лхагвасүрэн, МҮОНРТВ-ийн эрэн сурвалжлах нэвтрүүлгийн баг хүний эрхийн сэдвээр хийсэн цуврал нэвтрүүлэг шалгарлаа. Шагналыг Монгол Улсын дөрөв дэх Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, “Балдорж” сангийн тэргүүн, “Өнөөдөр” сонины нэгдүгээр орлогч эрхлэгч Б.Номинтүшиг нар гардууллаа.