Ц.Цогзолмаа: Ирэх даваа гаригт хичээл хэвийн оруулахын төлөө ажиллаж байна
2018.09.14

Ц.Цогзолмаа: Ирэх даваа гаригт хичээл хэвийн оруулахын төлөө ажиллаж байна

Багш нарын цалингийн нэмэгдлийн бодлогын хүрээнд шийдэж, ажил хаялтыг зогсоох зорилгоор Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Сангийн яам, БСШУС-ын яам, МБШУ-ы үйлдвэрчний эвлэлийн холбоод  хамтарсан ажлын хэсэг байгуулан зөвшилцөж буй. Уг хэлцэл ямар түвшинд байгаа талаар БСШУС-ын сайд Ц.Цогзолмаагаас тодрууллаа.

Өнөөдөр Сангийн сайд Ч.Хүрэлбаатар төсөвт тодотгол хийж, оноос өмнө цалин нэмэх боломжгүй тодруулгыг /ЭНД ДАРЖ уншина уу/гэдгээ илэрхийлсэн. Харин Ц.Цогзолмаа сайд хамтарсан ажлын хэсгийн дүгнэлтэд үндэслэн, төсөвт тодотгол хийхгүйгээр салбар яам хоорондын зохицуулалтаар шийдэхээр ажиллаж байгааг онцоллоо. 

-Хамтарсан ажлын хэсэг эмч, багш нарын  цалингийн зөрүүг арилгах асуудлаар нэгдсэн байр суурьт хүрсэн үү?

-Хамтарсан ажлын хэсэг багш нарын ажил хаялтыг зогсоох асуудлаар тасралтгүй ажиллаж байна. Энд хэд хэдэн асуудал байгаа. Багш нарын зүгээс нийтлэг байдлаар хэд хэдэн чухал саналууд тавьсан. Тухайлбал, 2014 онд Засгийн газраас багш, эмч нарын цалинг нэмэгдүүлэхдээ хооронд нь 4.3 хувийн зөрүү үүсгэсэн. Энэ зөрүүг өнөөдрийг хүртэл арилгаагүй. Багш нар энэ зөрүүг 2018 онд багтаагаад, арилгаад өгөөч гэж хүссэн юм.

Санал дээр ажлын хэсэг сууж, 4.3 хувийн зөрүүнд хамрах нийт хэдэн багш байгаа талаарх нэгдсэн мэдээлэл гаргалаа. Хоёр талаас нийт багш нар энэ зөрүүнд хамрагдаж байна гэдэг санал нэгдсэн. Тиймээс зөрүүг 2018 онд арилгах ямар боломжийг хамтарсан ажлын хэсэг судалж байна.

-Багш нарын цалинг нэмэгдүүлэхдээ үйлчилгээний ажилчдыг  орхисон гэх шүүмжлэл байгаа. Энэ чиглэлд хамтарсан ажлын хэсэг ажилласан уу?

-2018.09.01-нээс цалинг нэмэгдүүлэхдээ ачааллыг нь бодолцож, цэцэрлэгийн багш, бага ангийн багш, тусгай хэрэгцээт сургуулийн багш нарын цалинг 8-12 хувиар өсгөсөн. Гэтэл нөгөө талд яг багш нартай адилхан ачаалалтай ажилладаг харуул, манаач, жижүүр, тогооч зэрэг үйлчилгээний ажилтнуудыг нэмэгдэлд оруулаагүй үлдсэн юм. Хамтарсан ажлын хэсэг 23 мянган үйлчилгээний ажилчдыг 8-12 хувиар цалинг нь нэмэгдүүлэх шаардлагатай гэж үзсэн.

-Энэ бүх асуудлуудыг 2018 онд төсөвт тодотгол хийхгүйгээр шийдэх боломжтой юу?

-Төсвийн орлого өсөлттэй яваа учраас төсвийн тодотгол хийх хууль эрхзүйн орчин бүрдээгүй гэсэн үг. Миний дээр ярьсан бүх асуудлыг шийдэхэд 14.5 тэрбум төгрөг  шаардлагатай байгаа юм. Энэ зардлыг салбар хоорондын зохицуулалтаар шийдэх ямар гарц байна гэдэг дээр Засгийн газар ажиллаж байна. Хамтарсан ажлын хэсэг дээр нэгдсэн шийдвэрт хүрч, Сангийн яаманд хамгийн сүүлийн байдлаар саналаа хүргүүлсэн.

-Сангийн яамнаас тодорхой хариулт өгсөн үү?

-Сангийн яамныхан хамтарсан ажлын хэсгийн дүгнэлтийг гарын үсэг баталгаажуулчих юм бол үндсэндээ  ирэх даваа гаригаас ажил хаялтаа зогсооно гэсэн чигтэй, хүлээж байна. Одоогийн байдлаар ийм үр дүнд хүрээд байна. Хамтарсан ажлын хэсгийнхэн тодорхой байдлаа саналаа нэгтгэж байгаатай холбогдуулан, өнөөдөр Нийслэлд 12 сургууль, 3 цэцэрлэг ажил хаялтаа зогсоосон байгаа. Ирэх даваа гаригаас хичээл оролтыг жигдрүүлэхийн төлөө ажиллаж байна.

Ж.МЯДАГБАДАМ